Н.Алтанхуяг: Бид Оюутолгойн 34 хувийг эзэмшдэг хэрнээ 1.2 тэрбум ам.долларын өрөнд орчихсон

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Улс төрийн бодлогын зөвлөх Н.Алтанхуягаас баялгийн тэгш хуваарилалтыг хэрхэн хийх, засаглалыг сайжруулах гарцын талаар тодрууллаа.

-Ерөнхийлөгчийн тамгын газраас “Баялгийн засаглал” нэртэй хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлгээс та ямар үр дүн хүлээж байна вэ?

-Энэ хэлэлцүүлэг зөвхөн Иргэний танхимд хэдэн хүн цуглаж яриад, гараад мартагдах ёсгүй. Ийм байлгахгүйн төлөө Ерөнхийлөгчийн тамгын газар ажиллана. Бид ирэх дөрөвдүгээр сард уг хэлэлцүүлгийг дахин зохион байгуулахаар төлөвлөж байна. Цаашид энэ сэдвээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, “Хөгжил ардчилал” ТББ болон “Конрад-Аденауэр” сан хамтран хөндөж, тодорхой ахиц дэвшил гаргахын төлөө ажиллах юм. Бид баялгийнхаа засаглалыг зөв болгох гол зорилго тавьж байгаа.

Монгол Улсын Үндсэн хуулийн 6.1 дүгээр хэсэгт “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна” гэж заасан байдаг. Өнөөдрийг хүртэл баялгийн засаглал буюу ард түмэн баялгийнхаа эзэн нь болох боломж, нөхцөл хараахан бүрэлдэж чадаагүй байна. Цөөнгүй улсын Үндсэн хуулийг судалж үзсэн. Тэдгээрт “Байгалийн баялгийг хэн нэг компани бүтээгээгүй. Энэ бол байгалийн баялаг юм. Харин хэн нэг хүн, эсвэл компанийн бүтээсэн хувийн өмч, хувийн баялаг руу төр, өөр хэн нэгэн халдах эрхгүй” гэсэн утга байдаг. Бид ч ийм Үндсэн хуулийн зарчимтай. Үүнийг л яг амьдрал дээр ажил хэрэг болгох нь хамгаас чухал байгаа юм.

-Байгалийн баялгийн үр өгөөжийг ард түмэнд тэгш хүртэх ёстой гэсэн асуудал яригдсаар ирсэн ч бодит шийдэлд хүрч чаддаггүй нь ямар учиртай юм бол?

-Монголчуудын байгалийн баялаг гурван сая хүнийх бус, маш цөөхөн хүний эрх мэдлээрээ олж авдаг арга хэрэгсэл болж байгаа нь нууц биш. Тэр арга хэрэгсэл, үе үеийн Засгийн газрын засах гэж оролдож байгаа тэр алдаа бол лицензийн асуудал. Сүүлдээ баялгийг ашиглах гэдэг нь баялгийг өмчлөх асуудал болж хувирч байгаа. Бид одоо лиценз гэдэг нэрээр баялгийг ашиглаад байгаа юм уу, аль эсвэл өмчлөөд байгаа юм уу гэдгийг сайн ярилцах цаг болсон. Энэ талаарх нэгдсэн ойлголт алга байна.

-Монголчууд баялгаа ашиглаж чаддаггүй гэдэгтэй та санал нийлэх үү?

-Тийм ээ. Баялаг ашиглах асуудал дээр бид улсаараа хангалтгүй дүн авч байгаа. Хэдхэн том орд ашиглах асуудал ярьж байгаа ч түүнээс гарах үр өгөөж, түүнийг хуваарилах, шингээх, хүртээх асуудалд бид мэдэхгүйн болон хэт мэдэхийн зовлонд уначихсан. Тиймээс бид өнөөдөр баялгийн засаглалын асуудлаар ярилцах шаардлагатай байгаа юм. Өөрөөр хэлбэл, Монгол Улс баялгийн салбарын үндэсний стратегийг маш хурдан бий болгох шаардлагатай тулгараад байна. Олборлолтын тухайд ч тэр, бодитой алхам хийх хэрэгтэй байна. Бид Оюутолгойн 34 хувийг эзэмшдэг хэрнээ өнөөдөр 1.2 тэрбум ам.долларын өрөнд орчихсон байх жишээтэй. Одоо энэ бүхнээ бид ярилцах шаардлагатай.

-Баялгийн зөв засаглал гэхээр хүмүүсийн ой тоонд төдийлөн бууж өгөхгүй байна. Сайн засаглал хөгжүүлэхгүй бол бид цаашид бэлэн мөнгө тараахаас хэтрэхгүй гэсэн санаа юм уу?

-Баялгийн зөв засаглалын хүчинд монголчууд бид богино хугацаанд боломжийн улс болж хөгжинө. Байгалийн баялгийн зөв засаглал, эсвэл байгалийн баялгийн зөв хуваарилалт гэхээр бэлэн мөнгө тараадаг асуудлыг бүрэн зогсоох хэрэгтэй. Би өөрөө улс төрч хүн, Ерөнхий сайд байсан. Өөрийгөө оруулан буруу хийсэн ажлаа засах хэрэгтэй гэж хэлмээр байна. Яагаад үр хойчдоо өгөх ёстой баялгийн мөнгийг улс төрчид бид сонгуулийн амлалт болгоод тараачихдаг юм бэ.

Ялангуяа сонгуулийн өмнө янз бүрийн сангаар дамжуулан бэлэн мөнгө тараадаг. Үүнийг бид зогсоох ёстой. Зогсоох хууль эрх зүйн хөшүүргийг гаргах ёстой. Жишээ нь, бид Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг гаргаж байсан ч хууль нь Төсвийн тогтворгүй байдлын тухай хууль болсон байдаг. ДНБ-д эзлэх өрийн таазыг 40 гэсэн ч 60, 80 гээд л улс төрчид дур зоргоороо өөрчилж байдаг. Энэ бүх асуудлыг бид зайлшгүй засах ёстой.

Ж.Мядагбадам

СЭТГЭГДЭЛ БИЧИХ