“Улаанбаатар лиг”-ийн шигшээ тэмцээн нээлтээ хийлээ

Нийслэлийн Засаг даргын нэрэмжит ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын “Улаанбаатар лиг” сагсан бөмбөгийн IХ дэх удаагийн тэмцээн өнгөрсөн оны есдүгээр сараас ирэх дөрөвдүгээр сарын 21-ний хооронд 3 насны ангилалаар 5 үе шаттай зохион байгуулагдаж байна.

Өнгөрсөн I, II, III үе шатны тэмцээнүүд явагдаж, 9 дүүргийн 121 сургуулийн 6413 багийн 85000 гаруй сурагч оролцсоноос IV шат буюу нийслэлийн шигшээ тэмцээнд 9 дүүргийн 82 сургуулийн Топ 90 багийн 1350 сурагч шалгарсан.

Нийслэлийн шигшээ тэмцээн өчигдөр “Буянт-Ухаа” Спорт ордонд нээлтээ хийлээ. Нээлтийн ажиллагаанд Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч–Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хорооны дарга Ж.Ганболд, тус хорооны Нийтийн биеийн тамирын хөгжлийн хэлтсийн дарга А.Болдмаа болон албаны бусад хүмүүс оролцлоо. Тэмцээн гурван өдрийн турш үргэлжилж, дүнгээ гаргах аж.

Нээлтийн үеэр нийслэлийн Засаг даргын нэрэмжит ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын “Улаанбаатар лиг” сагсан бөмбөгийн IХ дэх удаагийн тэмцээнд баг тамирчдаа зохион байгуулалттай оролцуулсан “Шилдэг сургууль”, “Шилдгийн шилдэг сургууль”-ийг шагналаа.

  • З.Байгалмаа захиралтай Баянгол дүүргийн “Эрдмийн өргөө” цогцолбор сургууль
  • Н.Энхбат захиралтай Баянзүрх дүүргийн 33 дугаар сургууль
  • А.Сүхболд захиралтай Багахангай дүүргийн “Хангай” цогцолбор сургууль
  • О.Оюунтуяа захиралтай Налайх дүүргийн “Эрдмийн оргил” цогцолбор сургууль
  • Г.Цагаанцоож захиралтай Сонгинохайрхан дүүргийн “Ирээдүй” цогцолбор сургууль
  • В.Хоролгарав захиралтай Сүхбаатар дүүргийн 3 дугаар сургууль
  • Ө.Шүрэнцэцэг захиралтай Хан-Уул дүүргийн 15 дугаар сургууль
  • П.Батболд захиралтай Чингэлтэй дүүргийн 117 дугаар сургуулиудад Өргөмжлөл, мөнгөн шагнал гардуулан өглөө.

Бусад дүүргүүдээс баг тамирчдаа сайн зохион байгуулан оролцуулсан “Шилдэгийн шилдэг сургууль”-иар М.Туулсайхан захиралтай Багануур дүүргийн “Боловсрол” цогцолбор сургууль шалгарсан.

Нийслэлийн Засаг даргын нэрэмжит Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын “Улаанбаатар лиг” сагсан бөмбөгийн тэмцээний цар хүрээг нэмэгдүүлэх, оролцогчдод урам зориг өгч, тэднийг дэмжих зорилгоор “UB–LIG SAGSAN BUMBUG”фэйсбүүк группт 2018.01.26–02.23-ны хооронд “LIKE” уралдааныг зохион байгууллаа.

Уралдааны дүрэм нь “UB–LIG SAGSAN BUMBUG”фэйсбүүк группт тавигдсан комментийн дор оролцогчид өөр өөрсдийн багийг дэмжсэн, тэдэнд урам зориг өгсөн, утга найруулгын алдаагүй бичвэр хэсэг байх бөгөөд коммент нь хамгийн олон лайк цуглуулсан нэг азтаныг шалгаруулах юм.

Энэхүү уралдаанд 12 охид, хөвгүүд оролцож, нийт 802 лайк цуглуулснаас @Nomin фэйсбүүк хаягтай Баянзүрх дүүргийн 33-р сургуулийн сурагч Батбаатарын Номин хамгийн олон буюу 249 лайк цуглуулснаар ТЭРГҮҮН БАЙР эзэллээ гэж Нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хорооноос мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ