Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүлэв

Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотод хоёрдугаар сарын 21-ний өдөр болсон пара пауэрлифтингийн Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнээс гавьяат тамирчин Энхбаярын Содномпилжээ алтан медаль хүртлээ. Тэрбээр 107 кг-ын жинд 220 кг-ыг түлхэж түрүүлсэн бол Киргызстаны З.Оросбаев 200 кг-аар мөнгө, эзэн орны тамирчин Абдалла Алнаби 185 кг-аар хүрэл медалийн эзэн болжээ. Энэ жинд нийт 9 орны тамирчид өрсөлдсөн байна.

Ес дэх удаагийн “Fazza 2018” Дэлхийн цомын хоёрдугаар сарын 21-ний өдөр болсон бөгөөд нийт 32 орны 200 гаруй тамирчид оролцжээ.

Гавьяат тамирчин Э.Содномпилжээ дасгалжуулагч, Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Баттулгын хамт оролцоод өчигдөр эх орондоо ирлээ. Тэрбээр 2018 оны тэмцээнийг алтан медалиар эхлүүлсэндээ сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, “Надад байнга тусалж дэмждэг Үндэсний шигшээ багийн алба, Шүүхийн шийдвэрийн гүйцэтгэх ерөнхий газар 439 анги, “Сүлд” спорт хороо, Монголын пауэрлифтингийн холбоо, Ард санхүүгийн нэгдэл, Ард даатгалын хамт олондоо баярлалаа” хэмээн өөрийн фэйсбүүк хуудастаа бичжээ.

“Рио 2016” паралимпийн наадмын хүрэл медальт, гавьяат тамирчин Э.Содномпилжээ Дэлхийн цомд гурван удаа түрүүлж, хоёр удаа мөнгөн медаль авснаас гадна дөрвөн жилд нэг удаа болдог Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медалийг эх орондоо авчирсан юм. Мөн тэрбээр Азийн рекорд амжилтыг эзэмшдэгээс гадна Азийн пара наадмын хүрэл, Азийн аварга шалгаруулах тэмцэний хошой хүрэл медальтай.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ