Тавантолгой цахилгаан станцын 34 хувийг MCS эзэмшинэ

Монгол Улсын Засгийн газар 2009 онд Оюутолгой компанитай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан. Энэ гэрээний дагуу хөрөнгө оруулалтын гэрээ байгуулснаас хойш дөрвөн жилОюутолгой компани БНХАУ-ын талаас эрчим хүчээ авах байсан. Дөрвөн жилээс хойш Монгол Улсаас эрчим хүч авна гэх заалт анхны Хөрөнгө оруулалтын гэрээнд тусгасан байдаг.

Тэгвэл шинэ Засгийн газар Монголоос эрчим хүч авах шийдвэр гаргасан учраас Оюутолгой ХХК цаашид эрчим хүчний эх үүсвэрээ хэрхэн зохицуулах талаар тодорхой мэдээлэл гаргаагүй байгаа. Тэгвэл Оюутолгой болон өмнийн бүсийг эрчим хүчээр хангах хамгийн том боломж нь одоогийн нөхцөл Тавантолгой цахилгаан станц төсөл юм байна.

Энэ талаар Тавантолгой цахилгаан станц төслийн захирал Д.Батбилэгтэй төслийн ажил ямар шатандаа яваа талаар зарим зүйлийг тодрууллаа.

-Тавантолгойн цахилгаан станцын төсөл хэрэгжиж эхлэхэд бэлэн үү. Ямар шатандаа явна вэ?

-Манай төсөл 2013 онд байгуулагдсан. Энэ хугацаанд бид Тавантолгойн цахилгаан станц төслийн Техник, эдийн засгийн болон бусад бүх судалгаа, шинжилгээний ажлыг хийсэн. Мөн техникийн болон санхүүгийн зөвлөгөөг ч авсан. Өнөөдрийн байдлаар цахилгаан станцыг барьж эхлэхэд бэлэн болсон. Хэрвээ гол худалдан авагч тал болох “Оюу толгой” компаниас батлан даалт гаргавал 2018 оны долдугаар сараас барилгын ажил эхлэх боломжтой.

-Станцыг барих компаниудыг сонгон шалгаруулаад байсан. Тэгэхээр батлан даалт ямар хэрэгтэй юм бэ?

-Монгол Улсын Засгийн газар 2016 оны зургадугаар сарын 28-ны өдөр Монголын талаас “MCS” групп, гадны хөрөнгө оруулагч буюу Японы “Марубени” компанитай хөрөнгө оруулалтын гэрээ хийсэн. Энэ гэрээгээр Тавантолгойн нүүрсний ордыг түшиглэн 450 мвт хүчин чадалтай нүүрсний цахилгаан станц барих ёстой. Хугацаа нь дөрвөн жил. Хэрвээ 2018 онд станцын бүтээн байгуулалтыг эхлүүлбэл 2022 онд дуусах ёстой.

Энэ станцын өөрийн өртөг нь одоогийн тооцоогоор нэг тэрбум ам.доллар. Тэрбум ам.долларын хөрөнгийн баталгааг гол худалдан авагч болох “Рио Тинто” компани гаргаж өгөх ёстой. Одоогийн байдлаар манай хамтарсан консерцум “Рио Тинто” компанитай яриа хэлэлцээр хийж байна. Олон улсын банкиуд бидэнд зээл өгөхөд бэлэн гэдгээ мэдэгдсэн. Өмнө нь ярьж тохирсноор бол 30 жилийн хугацаанд тэрбум ам.долларын батлан даалт гаргана гэж байсан. Харин одоо болохоор Олон улсын банк, санхүүгийн байгууллагаас гаргасан шаардлагын дагуу 15 жилийн хугацаанд зээлийн баталгаа гаргаж өгөх асуудлаар гол худалдан авагч талтайгаа хэлэлцээр хийж байна.

Энэ цахилгаан станц баригдсанаар “Оюу толгой” компани Өвөрмонголоос эрчим хүч авч буй үнээс харьцангуй хямдаар авах боломжтой. Хоёрдугаарт, Тавантолгойн ордын нүүрсийг ашиглаад, цахилгаан эрчим хүч үйлдвэрлэснээр манай улсад ашигтай. Олон ажлын байр бий болох, төлөх татвар гээд үр ашиг ихтэй.

30, 40 жил тогтвортой үйл ажиллагаа явуулах боломжтой. Ганц Оюутолгой компанийг төдийгүй Цагаан суваргын уурхай, өмнийн бүсэд хийгдэх бүтээн байгуулалтыг эрчим хүчээр найдвартай, хэвийн хангах боломж бүрдэнэ. Цаашлаад төвийн бүсэд илүүдэл эрчим хүчээ нийлүүлэх боломжтой том цахилгаан станц.

-“Оюутолгой” ХХК-тай хийж байгаа хэлэлцээр хэр нааштай явна вэ. Хэрвээ тус компани өөрийн талбайд, өөрийн хөрөнгөөр цахилгаан станц барина гэвэл энэ төсөл хэрэгжих боломжгүй болох юм биш үү?

-Хөрөнгө оруулалтын гэрээнд заасан гурван хувилбараас сонгох эрх нь Оюутолгой компанид байгаа. Өөрийнхөө талбайдстанц барина гэвэл болно. Аль нь ч байсан Монгол Улсад л хэрэгтэй. Гагцхүү хугацаа давчуу байна. Засгийн газрын тогтоол гараад, мэдэгдэл хүргүүлснээс хойш дөрвөн жилийн хугацаа яваад эхэллээ. Тэд энэ хугацаанд өөрийн талбайдаа цахилгаан станцаа бариад, эрчим хүчээ хангана гэдэг хэцүү шүү дээ. Тэднийх ТЭЗҮ-ээ ч хийгээгүй байгаа. Хэлэлцээр одоогоор хийж байна. Тийм үр дүнтэй гэж хэлэхэд эрт байгаа.

-“Рио Тинто” баталгаа гаргахгүй гэвэл өөрсдөө хөрөнгөө шийдээд цахилгаан станцаа барих боломж бий юу?

-Манай хөрөнгө оруулагчид станц барихад шаардлагатай мөнгийг олон улсын байгууллагуудаас авахад бэлэн байгаа. Гадна банк, санхүүгийн байгууллагаад зээл өгөхөд нээлттэй байна. Ганцхан хөрөнгийн баталгаа л шаардаж байгаа юм. “Рио Тинто” компани одоогийн байдлаар манай төслөөс ямар нэг байдлаар татгалзаагүй. Хамтраад ажиллаж байна. Тийм болохоор Оюутолгой ХХК өөрийн ашиглалтаа талбайдаа цахилгаан станц барина, манай төслийг дэмжинэ аль нэгийг нь шууд хэлэх боломж алга. Ямар ч байсан цахилгааны үнийн болон батлан даалт гаргах хэлэлцээрийг нягт хийж байгаа гэдгийг хэлж чадах байна. Өмнө нь ч уулзсан. Дараагийн уулзалтын товыг тогтоосон. Тийм болохоор Тавантолгойн цахилгаан станц төсөл хэрэгжих бүрэн боломжтой гэж үзэж байна.

-Оюутолгой компанийн зүгээс Монголын тал Тавантолгойн цахилгаан станцын төслөө явуулсан бол бид эрчим хүчээ авах боломжтой байсан гэсэн байр суурийг илэрхийлсэн байсан. Өнгөрсөн хугацаанд төслийг урагшлуулах боломж байсан уу?

-Би 2016 онд төслийн нэгжийн захирлаар томилогдсон. Ажил авсны дараа 2016 оны арванхоёрдугаар сард хөрөнгө оруулагч болох “Марубени”, “MCS” компанийн төлөөллийн хамтаар “Рио Тинто”-гийнхонтой Сингапурт уулзаж, цахилгааны нэг кВт-ын үнээ хэдэн төгрөг байхыг ярилцсан. Тэр уулзалтын үеэр гол гүйцэтгэгч компаниа сонгон шалгаруулж, тэнд танилцуулсан юм. Станцыг Солонгосын “Doosan” компани барина. Олон улсад цөөнгүй станц барьсан туршлагатай компани. Станцад ашиглах гол тоноглол болох гурван зуух “Doosan”-ы буюу Солонгост үйлдвэрлэсэн зуух байна.

Харин дөрвөн турбин генератор нь Чех улсад үйлдвэрлэгдсэн тоног төхөөрөмж байна. Өнөөдөр бид эрчим хүч нийлүүлэх үнээ тохиролцчихсон гэж ойлгож байгаа. Тийм мэдээлэл байнга ирж байна, надад. Гагцхүү батлан даалтын асуудлаа л шийдчихвэл болно. Бид 15 жилийн хугацаанд гадны банкнаас зээл авна. Энэ хугацаанд “Рио Тинто” манай Тавантолгойн цахилгаан станцид эрчим хүчний төлбөрөө саадгүй төлнө гэсэн баталгаа гаргаж өгөх юм. Ийм баталгаа л байхад бүх асуудал шийдэгдэнэ.

-Өмнө нь баталгаа гаргаад өгсөн гэсэн мэдээлэл гарч байсан санагдах юм. Тэр бичиг нь хүчингүй болчихсон юм уу?

-Намайг ажил авснаас хойш тийм бичиг ирээгүй. Намайг ажил авахад, 2016 оны зургадугаар сард хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсан байсан. Тэгээд сонгууль болсон. Сонгууль болсон учраас бүх зүйл хүлээлтийн байдалтай байлаа. Харин Засгийн газраас тодорхой арга хэмжээ авч, тодорхой хэмжээнд урагшилж байна.

-Станц барихад шаардлагатай тэрбум ам.долларын хэдэн хувийг “MCS” компани гаргах ёстой юм бэ?

-30 болон 70 хувиар нь хувааж гаргана. 70 хувийг нь “Марубени”, 30 хувийг нь “MCS” компани гаргана. Харин Тавантолгойн цахилгаан станц төслийн компанийн 34 хувийг “MCS”, 66 хувийг нь “Марубени” эзэмшиж байгаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ