Б.Лхагвасүрэн: Монголын төр, түмэндээ баярласнаа илэрхийлэхийн ялдамд сар шинэдээ сайхан шинэлэхийн ерөөл д?


Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, БНМАУ-ын Төрийн шагналт, СГЗ, Монгол Улсын Ардын Уран Зохиолч, яруу найрагч Бавуугийн Лхагвсүрэнтэй ярилцлаа.

-Юуны өмнө танд Монгол үндэстний уламжлалт Сар шинийн баярын мэнд дэвшүүлье. Таны бага насанд цагаан сарын баярыг хэрхэн тэмдэглэдэг байв?

-Миний бага насанд цагаан сар шинэ жилээс илүү хүлээдэг баяр байсан юм даа. Би боддог байсан юм. Яагаад цагаан сар гэж нэрлэсэн юм бол гэж. Нэг их дүүрэн сар, цав цагаан идээ, цав цагаан сэтгэл дэлгэсэн ийм он цагийн бэлгэдэл юм болов уу даа гэсэн шүү боддог байлаа. Намайг хүүхэд байхад болдог байсан цагаан сард нэг гайхамшигтай чанар байсан. Байгаа юмаараа л цагаан сар болдог. Байгаа юмандаа л цагаан сар болдог. Гэр оронд идээ ундааны юу байна тэр ёсоор нь нэмж бэлдээд л тэмдэглэдэг байсан. Тэрнээс одооных шиг байхгүй юм болгоныг цуглуулж баярхаж хийдэг баяр байсангүй ээ. Цагаан сар болно гэхээр их догдлоно доо, хүүхэд байхад. Цагаан сар шиг сайхан баяр байхгүй. Нэг их дүүрэн цагаан сарны дор л болдог баяр байх гэж боддог байсан. Үгүй л дээ, битүүндээ сар битүү байж байгаад шинийн хоёрон, гуравны хавирган саран дор монголчууд цагаан сараа тэмдэглэдэг улс шүү дээ. Амттайхан цагаан саруудыг үзээд, арав, арван нэгэн нас хүрэхийн алдад болов уу цагаан сарыг больж, хаасан юм. Нэгдэлчдийн баяр учраас цагаан сар тэмдэглэж болохгүй. Феодализмын уламжлал шингэсэн баяр гээд. Тэгээд л монголчууд чинь цагаан сараар бурханаа гаргаж тавьж, дээж өргөдөг байснаа бүр болиод, нуугаад дээж өргөх төдий л болсон. Ганц, хоёр дээж өргөсөн байхад хэл аманд орно. Миний хүүхэд насны хамгийн хорхойсон хүсдэг цагаан сар байхгүй болсон доо.

-Хожим хэзээнээс тэмдэглэхийг зөвшөөрсөн юм бэ?

-Намайг бүр 40 хүрч байхад. Би хүртэл “Цагаан сараа тэмдэглэхгүй монголчууд гэж хаана байсан юм бэ” гээд “Хөдөлмөр” сонин дээр бичээд, амьтны дуу хоолойтой нийлүүлж, нийтийн баяр болгоё гэж санаа нэгдээд явсан. “Зодоонд нулимах нэмэр” гэж. Миний хэлсэн нэмэр болсон юм уу, бүү мэд. Ямар ч байсан тэр хөдөлгөөнд би дуугарч байсан. Тэр үеэс цагаан сарыг өргөн дэлгэр тэмдэглэдэг болсон доо.

-Их сонин цагаан сар үзэж байв уу?

-Миний үзсэн их хачин цагаан сар бол 1952 оны, Маршал Чойбалсан нас барсан цагаан сар. Тэр цагаан сараар ижий минь өвчтэй, хагалгаа хийлгээд хэвтчихсэн. Раажаваар туж л гашуудлын мэдээ, эмгэнэлийн шүлэг. Бүр зарим шүлгийн мөр нь санаанаас гардаггүй юм шүү дээ. Цэндийн Дамдинсүрэн гуайн Маршал Чойбалсан гуайн гашуудалд зориулсан шүлэг.

“Агаарын долгио хангинаад ирлээ

Аюултай мэдээ цангинаад ирлээ

Төрийн багана доргиж гэнэ

Төмөр дөрөө сэтэрч гэнэ”.

Ийм шүлэг раажаваар уншаад, эмгэнэлт хөгжим яваад. Амьтан болгон залбираад, зул өргөөд. Ийм айхтар эмгэнэлтэй цагаан сар болж байсан юм. Тэрнээс хойш удалгүй л цагаан сар маань хумигдсан л даа. Тэгээд нэгдэлчдийн баяр болоод. Би гайхдаг байсан юм. Уламжлал гэдэг малчдад, нэгдлийн улсад л зориулагддаг юм байх даа гэж. Монгол агуу их түүхэн уламжлал гэдэг бол монгол хүнийг дотор нь салгахад хүргэсэн юм хүртэл болдог юм байна даа гэж бодож байснаасаа гадна аливаа төр алдаж онодог юм байна гэдгийг тэгэхэд л ойлгож байсан юм. Яасан ч их завтай улс юм. Баяр ёслолоороо хүртэл оролдож байдаг. Монголын уламжлалта төрт ёсны хэчнээн жилийн түүхтэй баяр наадам болж л байх ёстой. Тэр бол ард түмний эрх ашигт маш бүдүүлгээр халдсан тэнэг явдал л даа. Тэрэн шиг явдлууд одоо ч гэсэн гарах юм. Би тэрнийг гайхдаг юм. Ер нь ертөнцөд ухаантай хийсэн юмнаасаа илүү тэнэглэл нь урт настай юм биш байгаа даа гэж хүртэл эргэлзэж бодож байна. Энэ жилийн цагаан сарын хувьд би цагаан сарын босгонд жаахан хүнд өвдөөд, Солонгос явж хагалгаа хийлгэлээ. Үхээд эргэж ирсэн хүн гэж байдаггүй байх. Үхэх шахаад л эргээд ирлээ. Би энэ жилийн цагаан сарыг их догдолж бодож байсан юм.

-Тийм үү?

-Миний отгон хүүгийн 37-ны жил орно. Нохойтой юм. Миний нэг хайртай ач охин бий. 13-ных нь жил орно. Энэ хоёрынхоо жилийг нэг сайхан тосчих юмсан, муусайн хүүхдүүд минь барцад багатай жил нь ороосой гэж бодож, цагаан сард нэлээн бэлдэнгүй байж байгаад явсан л даа. Одоо цагаан сар сайхан болж таараа. Би амар мэнд байна. Ямар ч байсан энэ жилийн цагаан сар сайхан болох байх аа. Монголчуудад минь ивээлтэй, монгол хүн болгонд өлзийтэй сайхан жил гараасай гэж залбирч суугаа юм. Монголчууд чинь цагаан сараа өнгөрөхөөр алга эргүүлчихсэн юм шиг амьдрал нь өөр болдог. Нэг их сайхан сэргэдэг, сэхдэг их сонин авиртай улс шүү дээ. Бодсон бодлыг нь дагадаг юм уу, санаж байсан санааг нь дагадаг юм уу ёстой л нэг шинэ жил, шинэ цагаан сар, шинэ он яах аргагүй нөлөөлж байх шиг санагддаг. Яагаад гэвэл цагаан сар гэдэг хүн болгонд шинээр юм бодох, шинээр сэтгэх, шинэ байхын ухааныг авчирдаг том баяр юм аа л гэж би залбиран сүслэж явдаг даа.

-Цагаан сарын хамгийн сайхан нь юунд байдаг байв?

Цагаан сарын хамгийн сайхан нь идсэн уусан, инээсэн дуулсандаа биш. Ижий, аавтайгаа байсан цагаан сар сайхан байдаг юм шүү дээ. Би жаахандаа цагаан сарыг дандаа л ийм бүтэн бүрэн, үргэлжлээд л баярлаад байх баяр юм байна даа гэж бодож явсан. Гэтэл эмээ, өвөө минь бурхны оронд одчихоор энэ чинь бас хорохын баяр юм байна, улсууд хорж одсоны дараа дурсаж хийдэг үгүйлэхийн баяр юм байна гэж ойлгодог болсон шүү, сүүлд. Би монголчууд цагаан сараа сайхан тэмдэглэж байгаасай гэж бодож явдаг. Цагаан сарын жудгууд нь хуульшиг сайхан л даа. Элдвийн бөртэй бодол сэтгэлдээ унагахгүй, хараал ярихгүй. Нэг их сайхан аман заншлаараа шаардаагүй байхад жудаг журамтай болдог. Цагаан сараар хүн чинь суусан ч учиртай суугаад эхэлдэг юм л даа. Тэгэхээрээ монгол хүний мах цусанд хуульчлагдсан баяр юм даа гэж их хүндэтгэдэг. Ингээд би миний төлөө сэтгэл тавьдаг Монголын төр, түмэндээ баярласнаа илэрхийлэхийн ялдамд сар шинэдээ сайхан шинэлэхийн ерөөл дэвшүүлье.

-Цагаан сарын баяр дөхөөд ирэхээр ах, эгч нар бэмбээ нухдаг байсан талаараа их ярьдаг. Та бэмбээ нухаж байв уу?

-Яахаараа миний хүүхэд насыг монгол хүний хүүхэд наснаас тусдаа өөр байдаг байх гэж боддог юм бэ. Адилхан. Гарын шөрмөс таттал нухуулдаг байсан юм. Идэх юм, тавган дээр тавих боов сайхан болно гэхээсээ илүү жаахан ч болсон юм сургаж байгаа дадлагын хичээл шиг юм болдог байсан юм. Тэгээд бууз хийсэн шөнө, боов хийсэн шөнө нойргүй хоноцгооно шүү дээ. Боов чанах тосонд могой болтол битгий унтаарай гэнэ. Могой болтол гэж юу юм бол гэж бодоод гурилаараа могой хийгээд эхлээд чанадаг юм. Тэрнийгээ борлуулаад, дараа нь боовоо чанана. Ер нь хүүхэд насны тэр цагаан сар, өвгөд хөгшидтэйгээ байсан цагаан сар үгүй мөн сайхан байсан шүү. Монголчууд чинь хүүхдүүдээ сургах, юманд зүгшрүүлэх гэдгээ баяр дээрээ ч хийгээд явчихдаг ард түмэн. Түүгээрээ дэлгэр их ухаантай улс юм даа.

-Уг нь манай монголчууд цагаан сар, наадмаа л өргөн дэлгэр тэмдэглэмээр санагддаг юм. Та энэ талаар юу хэлэх вэ?

-Үгүй, тэмдэглэж л байна шүү дээ. Хичнээн ядуу ядуу гэж ам гарч байгаа ч гэсэн. Дэлгүүртээ хүн нь багтахгүй, авч очсон саванд нь авсан юм нь багтахгүй л болох юм байна шүү дээ, монголчуудын баяр. Тэгэхээр миний эх орон дутуу, ядуу байгаа юм уу би ойлгохгүй байна. Үгүй байх шүү. Үгүй. Монголчууд баяраа хийхдээ ядуурах цаг болоогүй. Тийм учраас би их бахархалтай байдаг. Монголчууд хэзээд цагаан сараа хийнэ. Хийсээр байх болно.

-Монгол хүний мөс чанар муудлаа л гэдэг. Гэхдээ сая таныг өвдөхөд бүгд сэтгэлээсээ хандаж байгааг хараад бас монголчуудаараа бахархаж суулаа...

-Үгүй ээ, Монгол Улс байгаа шүү дээ.Монгол ёс заншил, монгол цус, монгол яс, монгол уламжлал, монгол түүх амьд багаа шүү дээ. Өчүүхэн мөхөс надад ингэж хандсан явдал намайг хайрласан хайр гэхээсээ илүү Монголын хүн чанар, Монголын хүн хүнээ хайрласан хайр байдгаараа байгаа юм байна шүү гэдгийг л хэлж байна гэдгийг би ойлгосон. Монгол төр, монгол хүний мөн чанар байдгаараа байгаа юм байна шүү гэдгийг би биеэрээ үзлээ л дээ. Өчүүхэн би бол юу ч биш шүү дээ. Би ард түмний нэг л өөдөс, нэг л өндөр юмны хугархай, өргөн юмны тасархай. Би нэг жаахан өөдөс л шүү дээ. Дрилионы хэлдэг шиг “Би хаан, би өт” гэдэг шиг би нэг л өт шүү дээ. Надад ингэж хандаж байгаа юм чинь монголчууд минь яг л хэвээрээ. Монгол хүний халуун сэтгэл, Монголын хүнээ гэх сэтгэл байдгаараа байна шүү. Битгий билэггүй амлаж, байхгүй боллоо, тэглээ гээд үглэн дуулалдаад байгаач гэж хэлмээр санагдчихлаа.

-Таныг Солонгос руу явахаас өмнө, хагалгааны дараа ч тэр монголчууд маань үргэлж хамт, холбоотой байсан. Танд тухайн үед юу бодогдож байв?

-Би Монгол төр, түмэндээ маш их баярлаж яваа. Монгол хүн болж төрсөн би ер нь ямар их азтай хүн бэ. Монголчуудын хайран дээр, монголчуудын алган дээр өвдөж, монголчуудын хайр асгарсан нүдийг нөмөрч хэвтэж байх би ер нь яасан их азтай хүн бэ гэж бодсон. Би монгол хүн болж төрнө гэдгийг олдохуйяа бэрх хувь заяа гэдгийг ойлгодог байсан мөртлөө би өөрийнхөө ямар их азтай гэдгийг бага л ойлгож байж дээ. Би бол хязгааргүй азтай хүн юм байна. Надад сэтгэл тавьсан, 100 төгрөг өгсөн хүн байгаа шүү дээ. Хөөрхий минь цаана нь хэдэн төгрөг үлдэх вэ. Энэ чинь тоо биш сэтгэл. Тэгж юу байгаагаа надад өгч байхад тэр сэтгэлийг нь, тэр их хайрыг нь би ер нь эрүүл саруул болоод алхлаа гэхэд яаж дааж явна даа гэж бодож байгаа. Эрүүл болоод алхана гэхээр надад хүнд байна. Яаж энэ их хайрыг дааж алхана даа гэж бодохоос хэцүү санагдаж байгаа байхгүй юу. Би Монголынхоо ард түмэнд хязгааргүй их баярласан. Бүр 90 гарсан хүн эрүүл байгаарай, миний насыг аваарай гээд ярьж байна. Англи, Америк, Солонгос, Шведэд байгаа монголчуудын гаргасан сэтгэлийг бодохоор... Солонгост байгаа монгол сургуулийн хүүхдүүд намайг хагалгаа хийлгээд хэвтэж байхад гурван удаа эргэсэн. Багш нар нь 3, 4 хүүхэд дагуулаад, 5, 6 багш хэдэн хүүхэд дагуулаад очиж байгаа юм. Дараа нь бүр гучин хэдэн хүүхэд очсон. Надад зориулж миний шүлгийг хоороор уншиж өгч байгаа юм.

-Хөөрхөн юм бэ?

-Хөөрхөн. Тэгээд хэдэн цаас цуглуулчихаж ээ, бас. Монголчуудын утсаар ярьж байгаа үг, тэр улсуудын миний төлөө гаргасан тэр сэтгэлийг би хэлж ярьж чадахгүй байна. Үнэндээ баярлахаас яах вэ. Би их л азтай хүн юм. Монголын ард түмэн, Монголын төр хоёртоо л их баярлаж явна. Гадны улсууд, аль Түвдийн цаст өндөрлөгт ямаагаа сэтэрлэчихсэн, миний төлөө тарни уншуулж байгаа юм. Тэгээд Хайлаар, бурхадын орон Альшаагийн улсуудын ном хуруулж, миний төлөө явуулж байгаа сэтгэл, илгээлт хачин шүү дээ. Ерөөсөө их гайхалтай. Хачин их хайр амслаа. Би хайрын хүчинд бослоо. Хэрвэ эхүн эрлэгийн гараас зугтаадаг юм бол би морь унаж, онгоцоор нисч зугтаагүй байх. Хайр унаж л зугтсан байх гэж бодож байгаа. Ингэж бодоод баярлаж сууна. Намайг гэсэн хүн болгонд сайн сайхныг хүсье. Би та нартаа гурван насны, гурван цагийн их өртэй боллоо гэж хэлмээр байна.

Д.ЭРДЭНЭТУЯА

СЭТГЭГДЭЛ БИЧИХ