Эдийн засгийг эмчлэх арга
Ерөнхий сайд У.Хүрэлсүх “бидний зовлон бол ажилгүйдэл, ядуурал, сахилга хариуцлагагүй, дэг журамгүй явдал” гэж эдийн засгийн өнөөгийн байдлын гол шалтгааныг тодорхойлсон.
Тэгээд Засгийн газрынхаа үлдсэн хугацаанд эдийн засгийн зөв менежмент хийнэ. Төрийн албаны бүх шатанд сахилга бат, эмх цэгцтэй байдлыг хангана, 2018 оныг сахилга хариуцлагын жил болгоно. Төсвийн алдагдлыг багасгана. Эдийн засгийн салбар бүрт тодорхой ажлуудыг гүйцэтгэнэ. Жишээ нь агаарын тээврийг либералчилж, аялал жуулчлалыг хөгжүүлнэ.
Гурван ээлжийн бүх сургуулийг хоёр ээлжтэй болгоно. Тэтгэврийн насыг уян хатан болгоно. Хүн амын орлогын албан татварыг нэмэхгүй, арван хувиар нь үлдээнэ. Ипотекийн зээлийг үргэлжлүүлж энэ онд 120 тэрбум төгрөг төсвөөс гаргана.
Монголбанкинд төвлөрсөн өмнөх зээлийн эргэн төлөлтийн 180 тэрбум төгрөгтэй нийлээд 300 тэрбум төгрөг болно. 2019 оны 4-р сараас эхлээд УБ хот руу ахуйн зориулалтаар түүхий нүүрс оруулахгүй гэх зэрэг амлалт гаргав.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх юу хийсэн, юу хийхээ маш тодорхой, эмх цэгцтэй, эрч хүчтэй ярьсан нь энэ Засгийн газар онцгой их асуудал шийдэх байх гэсэн томоохон хүлээлт бий болгов.
Гэвч энэ бүхнийг төр, хувийн хэвшлийн аль нь хийх, ер нь яаж хийх, яаж зах зээлийн механизмыг өөрийг нь ашиглах тухай бараг ярьсангүй.
Эмчлэх арга
Ажилгүйдэл, ядуурал бол эдийн засагт төрийн оролцоо дэндүү их болсон. Төрийн компаниуд намынх болчихоод, бүгд алдагдалтай учраас боловсрол, эрүүл мэндэд зориулах ёстой байсан улсын төсвөөс тэжээлгэж байгаатай холбоотой. Төрийн компаниудыг намын гишүүддээ биш, нийт иргэддээ хувьцаат компани болгоод өгөх хэрэгтэй. Уул уурхай, агаарын болон төмөр зам, ус цахилгааны бүх компаниудын 60 хувийг эхлээд хувьчлах шаардлагатай байна.
Эцэст нь бүх үнийг бүрэн чөлөөлөх хэрэгтэй. Шударга өрсөлдөөнийг дэмжээд, төр засгийн удирдлагуудаа компаниас нь холдуул. Тэгвэл Ерөнхий сайдын эдийн засгийн бүх шинэчлэлийг зах зээл өөрөө хийгээд өгнө.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ