Б.Хурцыг эрэн сурвалжлах шийдвэр гарчээ

ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг эрэн сурвалжлах шийдвэрийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхны шатны шүүхээс гаргалаа. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Б.Хурцыг өөрийнх нь нэр төрд халдсан хэмээн шүүхэд хандаад байсан юм.

Н.Алтанхуяг нь "Б.Хурц нь өнгөрсөн оны аравдугаар сард хэвлэлийн хурал хийж, арваннэгдүгээр сард C1 телевизийн "Цензургүй яриа" нэвтрүүлэгт орохдоо миний тухай илт худал, үндэслэлгүй, нэр төрд халдсан, гутаасан мэдээ тараасан үйлдлийг хууль бус болохыг тогтоож, тараасан хэлбэрээр няцаалт хийж, уучлалт гуйхыг Б.Хурцад даалгаж, миний нэр төрийг сэргээж өгнө үү" хэмээн шүүхэд ханджээ.

Шүүхээс уг асуудлыг хэлэлцэж, Б.Хурц нь оршин суугаа хаягтаа байхгүй гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авалгүй татгалзсан байна. Тиймээс Н.Алтанхуягийн өмгөөлөгчдийн зүгээс Б.Хурцыг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасны дагуу шүүх хэлэлцэж, улмаар Б.Хурцыг эрэн сурвалжлах шийдвэр гаргажээ. Тодруулбал, түүнийг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст даалгасан аж.

ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг улс орон даяар эрэн сурвалжилж эхэлж байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар тэрбээр өнгөрсөн арванхоёрдугаар сард БНСУ-ыг зорьсон байдаг. Тэрбээр БНСУ-д суух Элчин сайдаар томилогдохоор болсон ч Ерөнхийлөгч Х.Баттулга “ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг БНСУ-д Элчин сайдаар явуулах эсэх асуудалд хүлээзнэх шаардлага үүссэн.

Учир нь Б.Хурцыг Элчин сайдаар томилох тухайд УИХ-тай зөвшилцөх явцад анхаарал татсан олон асуудал яригдсан тул энэ бүхнийг тодорхой болтол Ерөнхийлөгчийн зүгээс түүнийг томилж явуулах боломжгүй” гэсэн хариу өгсөн юм.

Б.Бурмаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ