Үнэт цаасны зах зээлийн журмын шинэчилсэн төслийг хэлэлцэв

Банкнаас бусад санхүүгийн салбарт мөрдөж буй зах зээлийн харилцааг зохицуулдаг суурь журам, дүрмүүдийг 2016 оноос хэрэгжиж эхэлсэн Захиргааны ерөнхий хуульд нийцүүлэн шинэчлэх ажлыг Санхүүгийн зохицуулах хороо 2017 оноос хийж байна. Үүний хүрээнд үнэт цаасны зах зээлд үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл, үнэт цаасны бүртгэл болон хөрөнгө оруулалтын сангийн дүрэм, журмуудын шинэчилсэн төслийг боловсруулаад байна.

Төслүүдийг өнгөрөгч 2017 оны 10 дугаар сараас өөрийн цахим хуудсанд байршуулж олон нийт болон үнэт цаасны арилжаа эрхлэх, төлбөр тооцоо гүйцэтгэх байгууллагууд, салбарын мэргэжлийн холбоодоор хэлэлцүүлэх, санал авах ажлыг өргөн хүрээнд зохион байгуулж байна. Мэргэжлийн холбооноос ирүүлсэн саналыг судлах явцад хүчин төгөлдөр үйлчилж буй Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, тогтоомжтой зөрчилдсөн, хэт нэг талын байр суурь, эрх ашгийн үүднээс хандсан, гишүүн байгууллагууд бүрээс санал авч тусгасан эсэх нь эргэлзээтэй зэрэг олон дутагдал гарсан тул өнгөрөгч долоо хоногт тусгай зөвшөөрөл эзэмшигч мэргэжлийн байгууллагуудын төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт тусгай зөвшөөрөлтэй арилжаа эрхлэх, төлбөр тооцоо, брокер, дилер, андеррайтерийн 19 компанийн төлөөлөл оролцож, Хорооноос боловсруулсан “Үнэт цаасны зах зээлийн зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл, бүртгэлийн нэгдсэн журам”-ын төслийн талаар санал дүгнэлтээ илэрхийлж, албан ёсны саналаа Хороонд албан бичгээр ирүүлэхээр тохиролцов. Түүнчлэн Хорооны Үнэт цаасны газраас хэлэлцүүлэгтэй холбогдуулан бусад тусгай зөвшөөрөлтэй мэргэжлийн байгууллагуудын төлөөлөлтэй санал солилцох хэлэлцүүлгийг ойрын хугацаанд дахин зохион байгуулахаар тогтов.

Хэлэлцүүлгийн үеэр Хорооноос авч хэрэгжүүлсэн болон цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж бодлогын арга хэмжээ, судалгаа, шинжилгээний үр дүнгийн талаар Үнэт цаасны газраас хийсэн нэгдсэн мэдээлэл хийсэн юм. Мэдээллийг сонсоод үнэт цаасны салбарт өнгөрөгч онд гарсан эерэг өөрчлөлт, өсөлтүүдэд сатгал хангалуун байгаагаа хэлэлцүүлэгт оролцогчид илэрхийлж байлаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ