Пёнчаны өвлийн Олимпын онцлох 24 БАРИМТ
Энэ оны спортын хамгийн чухал үйл явдал бол Пёнчаны өвлийн олимп гэдэгтэй маргах хүн гарахгүй.
Баримт 1
Энэ оны спортын хамгийн чухал үйл явдал бол Пёнчаны өвлийн олимп гэдэгтэй маргах хүн гарахгүй. Дэлхийн дахины улс төрийн тун ээдрээтэй үед, дайн дэгдэх эрсдэл хамгийн өндөртэй бүс нутагт явагдаж байна гэдэг олимпыг тун ч онцлог болгож байгаа нэг баримт юм. Өөрөөр хэлбэл, Трамп ахын уур гэнэт хүрээд Хойл Солонгостой дайтахаар болвол Олимпын тоглолт шууд гацах нь мэдээж. Трамп ах яг одоо бөмбөгдлөө гэж сүрдүүлэн нисэх онгоц тээгчээ явуулж, бөмбөгдөгч онгоцоор эргийн дагуу эргүүл хийсэн. Хариуд нь Ким Чен Ун цөмийн бөмбөг дэлбэлэн туршилт хийж, Америкийн их газар хүрэх чадвартай пуужин харван бяраа харуулсан. Эвгүйтвэл Пёнчанд Олимпын тоглолт болох боломжгүй, дайн дэгдэнэ гэж яригдаж байсан ч тоглолт явагдах боломжтой болсон нь хосгүй том амжилт.
Баримт 2
Хоёр Солонгос нэгдсэн туган дор оролцох болсон нь энэ Олимпыг онцлог болгож байгаа бас нэг баримт. Урьд нь, Сөүлийн зуны Олимпын үеэр л энэ хоёр улс нэг туг доор жагсаж олныг алмайруулж байсан. Хэдхэн хоногийн өмнө дайтах дээрээ тулаад байсан улс ингээд Олимпын тоглолтод нэг туг доор жагсана гэдэг үнэхээр гайхалтай мэдээ.
Баримт 3
Оросуудыг дээрэлхсэн олимп болж байгаа нь бас нэг баримт. Зөвлөлт гэж их гүрэн байх үед Америк тэргүүтэй өрнөдийн орнууд Москвагийн тоглолтыг бойкотлож, дөрвөн жилийн дараа Зөвлөлт тэргүүтэй социалист орнуулд Лос-Анжелсын тоглолтыг бойкотлон оролцохгүй байсан явдал бий. Харин энэ удаад спорт дахь сэргээштэй тэмцэх комисс нь Оросоос урвагч Родченко гэгчийн мэдэгдлээр үндэслэн оросуудыг төрийн дэмжлэг хяналт доор тогтмол сэргээш хэрэглэж байсан гэж үзээд Олимпын тоглолтоос бүх л шигшээг нь хасахаар болсон явдал үнэхээр дуулиан тарьсан. Өвлийн спортын төрлөөр уламжлал ёсоор шилдгүүдийн тоонд ордог оросын тамирчдыг тоглолтод оролцуулахгүй гэсэн мэдээ хачирхалтай санагдсан нь мэдээж. Харин ОУОХ зүгээр цалин аваад суудаггүй гэдгээ харуулан Оросыг Олимпын тоглолтоос хасахгүй гэхдээ бас бүрэн оролцуулахгүй байх “мэргэн” арга олсон. Оросын тамирчид өөрийн төрийн далбаан доор бус харин Олимпын таван цагаригт туг дор жагсаж, тамирчид нь ялвал Оросын төрийн дуулал бус харин Олимпын хорооны сүлд дуу явах болж, тамирчид нь ТВ, интернэт гээд бүх л салбар мэдэгдэл хийхээр болвол өөрсдийгөө Оросын тамирчид гэж болохгүй, Оросоос ирж Олимпын хорооны өмнөөс оролцож байгаа тамирчин гэж мэдэгдэх ёстой болсон. Үгүй бол тоглолтод оролцох эрхийг нь хасна, медаль авбал түүнийг нь хураана. Тамирчдын хувцас өмсгөл хүртэл төрийн далбааны өнгө энэ тэрийг агуулаагүй байх ёстой. Өөрөөр хэлбэл Оросын тамирчны дотоож дээр Оросын далбаа байгаад баригдвал хөөгөөд, медалийг нь хураана гэсэн үг. Амьдарч байгаа тасалгааных нь 00-ийн өрөөнд Оросын далбаатай 00-ийн цаас байвал дүрэм зөрчсөн болж хөөгдөнө. Ийм явдал урьд хожид үзэгдэж байгаагүй юм.
Баримт 4
Цаазаар авахуулсан Хойд Солонгосын дуучин амилсан явдал энэ Олимпын бас нэгэн содон баримт юм. Өрнөдийн хэвлэлүүд Ким Чен Уны шууд тушаалаар тамалж байгаад цаазаар авсан гэгдэж байсан дуучин Хён Сон Воль нь амьдаар барахгүй, хойд Солонгосын төлөөлөгчдийг тэргүүлэн Өмнөд Солонгост айлчилж олныг алмайруулсан. Ингэснээр Хойд Солонгосын талаар өрнөдийн зарим мэдээллийн хэрэгслийн тараадаг зүйл, нийтэл ямар ч ор үндэсгүй худал, илэрхий гүтгэлэг болохыг харуулсан.
Баримт 5
Нэг улс нь төрийн далбаагаа Олимпын тоглолтоор бадруулах нь бүү хэл улсын иргэн харъяаллаа хэлж болохгүй болж байхад зарим улс нь анх удаагаа төрийн далбаагаа мандуулах гэж байна. Эритрей, Косово нэртэй хоёр улс анх удаагаа өвлийн Олимпод оролцон төрийн далбаагаа мандуулан жагсахаар боллоо. Энэ бол дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөж байгаагийн хамгийн том илэрхийлэл юм.
Баримт 6
Норвегийн цаначид хамгийн олон медаль хүртэх нь гарцаагүй баримт болоод байна. Өнгөрсөн Сочийн Олимпоос норвеги тамирчид 11 алтан медаль авч дуулиан тарьж байсан. Иймд энэ удаагийн тоглолтын үеэр ч Норвеги улс хамгийн олон алтан медаль авна гэдэгт олон хүн эргэлзэхгүй байна. Тоглолтыг тойроод асар их бооцоо тавигддаг. Спортын бооцоочид букмекерүүд Норвегийн цаначдыг ялна гэсэн зүйл дээр маш их хэмжээгээр бооцоо авч байгаа юм байна. Дашрамд сонирхуулахад Норвегийн цаначид Сочийн тоглолтоос 11 алтан медаль авсан нь АНУ-ын авсан нийт алтаас илүү гарсан үзүүлэлт болсон юм.
Баримт 7
Пёнчаны Олимпын тоглолтоос алтан медаль авахаас өөр аргагүй хүнээр Марте Фуркад тодроод байгаа. Үүнийг баримт гэж 100 хувь найдвартай хэлж болно. Гэхдээ л биатлоны төрөлд норвегичууд нэлээдгүй амжилт гаргах бүх л боломж байгааг шинжээчид онцолж байна. Эмэгтэйчүүдийн биатлонд Германы Лаура Дальмайер магадлал хамгийн өндөр байна. Гэхдээ Дальмайерыг хагалгаанд орсны дараагаар үзүүлэлт муудсан тухай мэдээ бий тул Финляндын Маккарайнен, Словакийн Кузьмина нарт алт авах бүх боломж байна.
Баримт 8
Германчуудын ноёлж байгаа спортын төрөл бол бобслей. Лохнер, Фридрих гэхээр энэ спортыг сонирхогчид андахгүй. Ганцаарчилсан төрөлд германчууд дангаар ноёлж байгаа бол хосолсон чарганы ангилалд канадчууд шууд орж ирнэ.
Баримт 9
Тэшүүрийн спортоор Олимпоос алт авах магадлал хамгийн өндөртэй улс нь оросууд байсан. Гэтэл ОУОХ-ноос Родченкогийн мэдээлэл дээр үндэслэсэн, хэзээ ч юм бэ дээ Родченкотой ойрхон явж байсан гэсэн шалтгаар оросын бүх шилдгүүдийг хассан. Гэлээ гээд оросууд бууж өгөхгүй нь мэдээж. Денис Юсковт их найдлага тавьж байна. Эмэгтэйчүүдийн тэшүүрийн төрөлд япончууд гарцаагүй ялна гэдгээ асар их бооцоо тавьж байгааг хэлэх хэрэгтэй байх. Тэшүүрийн төрөлд 14 багц медалийн төлөө өрсөлдөнө.
Баримт 10
Энэ төрөлд оросууд уламжлал ёсоор хүчтэй тул яаж ч хориод дийлэхгүй байх. Тийм ч болохор букмекерийн конторууд оросуудыг ялна гэсэн барьцааг их тавьж байна.
Баримт 11
Уулын цанын төрөлд австрийн шигшээ багийг гарцаагүй ялагч гэдэг нь баримт. Иймд Пёнчаны олимпод уулын цанын төрөлд олгогдох 11 баг медалийн дийлэнхийг австричууд авна гэж байгаа ч норвеги ба италичууд бас зүгээр суухгүй төлөв ажиглагдаж байна.
Баримт 12
Цанын уралдааны төрөлд Сундбю, Клебо, Венг, Остберг, Марит Бьорген нар норвегичуудыг алт, мөнгөөр баярлуулах нь тодорхой гэдэг нь баримт.Өөр өрсөлдөгч үнэхээр байхгүй гэдэг нь бас баримт.
Баримт 13
Фристалын төрөл дээр харин тун ч хэцүү өрсөлдөөн болох нь баримт. Канадын Микаэль Кингсбери 2017 онд энэ төрлийн бүх л уралдаанд түрүүлсэн тул алт авах магадлал хамгийн өндөр байгаа. Гэхдээ АНУ тэргүүтэй улсууд хүчирхэг шигшээ авчрах тул тун ч ширүүн өрсөлдөөн явагдах төлөвтэй.
Баримт 14
Сноубордын төрөлд япончууд хамгийн их медаль авахаар байгаа нь баримт. Энэ төрөлд тамирчид 10 багц медалийн төлөө өрсөлдөхөөс алт мөнгийг нь япончууд аваад үлдэгдлийг нь австри, америкчууд авахаар байна.
Баримт 15
Шорт-трек нэртэй спортын төрөлд Ази тивийнхэн давамгайлж байгаа нь баримт. Иймээс энэ удаагийн тоглолтоос алт авах магадлал хамгийн өндөр тамирчид нь Өмнөд Солонгосынхон байна. Харин хүрэл медаль авах магадлал өндөртэй тамирчид нь италичууд, унгарчууд, канадчууд.
Баримт 16
Трамплинаас харайгчид энэ олимпод 4 багц медалийн төлөө өрсөлдөнө. Энд герман, норвеги, япон, австри гэсэн дөрвөн улсын тамирчид ноёлно гэдэг нь баримт.
Баримт 17
Чарга, цанын хоёр төрөлтөт германчууд гарцаагүй ялж медаль авах нь баримт болоод байна. Энэ төрөлд Олимпын 7 багц медалийн төлөө өрсөлдөнө.
Баримт 18
Норвегичууд энэ удаагийн тоглолтоос хамгийн их медаль авах магадлалтай байгаа нь баримт. Барьцааны конторууд бүгд Норвегийг ялна гэдгээ бооцоо тавьж байгаа нь бас нэг баримт юм. Эргэлзэж байгаа хүн статистик баримт үзэхэд л Норвеги ялагч болно гэдэг нь харагдаад ирнэ. Харин удаах байранд Герман, Канад, Япон орох төлөвтэй байна.
Баримт 19
Пёнчан нь Олимпын эрх авахын төлөө тун ч амаргүй өрсөлдөөнийг давж гарсан байдаг. Өмнөх удаад буюу Сочид болсон Олимпын тоглолтын эрхийг авах гэж оросуудтай өрсөлдөөд дөрвөн саналаар ялагдаж байв. Үүнээс өмнө Ванкуверт болсон олимпын эрхийг авах гэж өрсөлдөөд гурван саналаар ялагдаж байсан нь баримт юм. Ер нь, ази тивийн нутаг дээр зөвхөн Японд л өвлийн олимпын тоглолт болж байсан.
Баримт 20
Өмнөд Солонгос нь Өвлийн олимпын тоглолтыг нутаг дээрээ явуулахаар болсон Ази тивийн хоёр дахь улс болсон. Ер нь өвлийн болон зуны олимпын тоглолтыг нутаг дээрээ хамгийн олон зохион байгуулсан нь АНУ. АНУ-д зуны болон өвлийн олимп нийтдээ 8 удаа зохиогдсон байдаг. Олимпын тоглолт нутаг дээрээ хамгийн олон удаа зохиосон хоёр дахь улс нь Франц. Энэ улсад зуны хоёр, өвлийн гурван тоглолт болсон байдаг.
Баримт 21
Өмнөд Солонгосын нутаг дээр Олимпын бамбар асаах аян тоглолт эхлэхээс 100 хоногийн өмнө эхэлсэн. Бамбар аялуулах аян нь 2018 км урт бөгөөд өмнөд Солонгосын 17 хотоор 7,5 мянган хүн аялуулж яваа.
Баримт 22
ОХУ-ын Ерөнхийлөгч Путин тамирчдаасаа уучлалт гуйсан явдал энэ олимпын бас нэг сонин, содон зүйл юм. Улс төрийн болон бусад асуудлын улмаас улс орны тамирчид Олипмын тэмцээнд оролцож чадахгүй боллоо гээд төрийн тэргүүн нь уучлал гуйж байсан тохиолдол үгүй. Оросын тамирчдыг улс төр ба түүнтэй холбоотой элдэв явуулгаас аварч чадаагүйд уучлал гуйж байна гэж хэлсэн явдал үнэхээр содон зүйл болсон. Путинтэй адилаар тамирчдаас уучлал гуйсан тохиолдол байхгүй нь бас нэг баримт юм.
Баримт 23
Олимпын алтан медаль гэхээр бүгд мэддэг. Гэхдээ Олимпын алтан медалийн орцны ердөө 1,2 хувь нь цэвэр алт байдаг гэдгийг мэдвэл та гайхах биз. Олимпын мөнгөн медалийн хувьд 92,5 хувь мөнгө, 7,5 хувь зэс байдаг юм байна. Хүрэл медаль гэвэл 97 хувь зэс, 0,5 хувь хар тугалгын найрлагаар хийсэн эд байдаг юм байна. Тиймээс мөнгөн медаль хамгийн үнэтэй эд болж таарч байгааг хэлэх хэрэгтэй байх.
Баримт 24
Орос гэдэг үндэстнийг яс үндэс, арьсны өнгөөр ялгаварлан гадуурхсан наадам болж байна. Урьд нв тамирчдыг хар цагаан гэж ялгадаг байсан бол одоо орос ба орос биш гэж ялгах болсон байна. Сэргээш хэрэглээгүй гэдэг нь илэрхий байсаар атал орос гэдгээр шалтаглан тэмцээнээс хасч байгааг үүнээс өөр тайлбарлах аргагүй.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ