Саун массаж нэрээр халхавчилсан биеэ үнэлэлт өсөж байна
Сүүлийн үед саун массаж нэрээр халхавчлан охид эмэгтэйчүүдийн биеийг үнэлүүлэх хэрэг газар авч байна. Хууль хяналтын байгууллагынхан хяналт шалгалтын ажил зохион байгуулсан ч арга нь улам нарийсаж нууц хэлбэрт шилжиж байгааг хэлдэг.
Зөвхөн “Саун массаж” нэрийн дор бусдын биеийг үнэлүүлэх гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор цагдаагийн байгууллагаас энэ оны эхнээс тодорхой үе шаттай арга хэмжээ зохион байгуулж эхэлжээ.
Хууль зөрчсөн этгээдэд Зөрчлийн тухай хуулийн 6.18 дугаар зүйлд зааснаар “Өөрийн эзэмшлийн байр, газарт биеэ үнэлэхийг зохион байгуулсан, биеэ үнэлэхэд зуучилсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох”-оор хуульчилсан. Энэ нь бэлгийн мөлжлөгийн дээрх хэлбэртэй хууль сахиулах байгууллагаас тэмцэх, таслан зогсооход тулгарч буй гол хүндрэл бэрхшээл болж байгааг мэргэжлийн хүмүүс онцлов.
Шинэчлэгдэн батлагдсан Зөрчлийн тухай хуулийн 6.18 дугаар зүйлд “Биеэ үнэлэн бусадтай бэлгийн харьцаанд орсон, эсхүл бусдын биеийг үнэлэн бэлгийн харьцаанд орсон бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох”-оор заасан нь биеийг нь үнэлэн бэлгийн харьцаанд орж буй этгээдэд хариуцлага хүлээлгэх зохицуулалтыг бий болгож өгсөн гэж болно.
Харин саунтай холбоотой Стандартчилал, хэмжил зүйн Үндэсний Зөвлөлийн 2010 оны арваннэгдүгээр сарын 25-ны өдрийн 35 дугаар тогтоолоор баталсан BNS:5164:2010 стандартыг мөрдөж байгаа. Тус стандартыг сауны үйл ажиллагаа эрхлэгчид заавал мөрдөнө гэж заасан хэдий ч биелэлт, үйл ажиллагаанд хяналт тавих, хариуцлага тооцох субъект тодорхойгүй байна.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас зочид буудал, сауны газрын ажлын байрны дүгнэлтийг гаргадаг байсан. Үүнийг Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 325 дугаар тогтоолоор хүчингүй болгосонтой холбоотой тус газрын даргын 2017 есдүгээр сарын 14-ний өдрийн а/149 тоот тушаалаар Мэргэжлийн хяналтын байгууллагын чиг үүрэгт хамааралгүй асуудлын жагсаалтыг баталж түүний 89 дугаарт бүртгэжээ.
Саун, массажны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг ямар байгууллага, албан тушаалтнаас олгох талаар зохицуулсан зохицуулалт байхгүй. Аж ахуйн нэгж байгууллагын тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлд Тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх үйлчилгээний төрлийг зааж өгсөн. Энэ жагсаалтад саун, массаж, дэн буудлын үйл ажиллагаа эрхлэхдээ тусгай зөвшөөрөл авахаар зохицуулаагүй байна.
Мөн саун, массажны үйл ажиллагаа эрхлэгчид олгох зөвшөөрөл, тэдгээрт тавих хяналтын тогтолцоо ойлгомжгүй, хариуцах байгууллага байхгүй байгаа нь саун, массаж нэрийн дор бусдын биеийг үнэлүүлэх, бэлгийн мөлжлөгийн зорилгоор бусдыг худалдаалах хууль бус явдал болон тэдгээрийг дагасан бусад гэмт хэргийн гаралт өсөх хандлагатай байна. Иймээс холбогдох хууль, дүрэм журманд нь өөрчлөлт оруулах, нөгөө талаас иргэн бүрийн оролцоо юу юунаас чухал юм.
Хараа хяналтгүй хүүхдүүд, амар хялбар аргаар мөнгө олох гэсэн томчуудын зүй зохисгүй, зохион байгуулалттай үйл ажиллагааны золиосонд таны, миний хэний ч үр хүүхэд хохирох магадлал байна.
Энэ хууль бус үйлдэл нь гудамж талбай, олон нийтийн газраас үйлчлүүлэгч олох байдлаар биеийг нь үнэлүүлэхээс гадна саун массажны газар, караоке, интернетэд “Message zar” байрлуулж дуудлагаар секс үйлчилгээ үзүүлэх, үйлчилгээний байгууллагын ажилтнуудаар дамжуулан клиент (үйлчлүүлэгч) олох хэлбэртэйгээр өргөжиж байна.
Гадаадын улс орнуудад л гэхэд БНХАУ-ын Эрээн хотод 150, Алтан-Эмээл 25, Манжуурт 30, Хөх хотод 50, Бээжин хотод 120, Чиндаод 60, Тяньжинд 30, Гуанжоуд 40, Донгуанг хотуудад 50, Макаод 80, Сингапурт 120, Шинжин 50, Тунляод 20, Шанхай 25, Малайз 50 нийт 900 гаруй эмэгтэй биеэ үнэлж байна гэсэн албан бус судалгаа бий.Энэ хугацаанд нийслэл хотын хэмжээнд зөвшөөрөлгүйүйл ажиллагаа явуулжбайгаа саун, массажны 39 газрыг илрүүлж, давхардсан тоогоор 42 удаа үзлэг, шалгалтыг зохион байгуулахад 16-17 насны насанд хүрээгүй зургаа, насанд хүрсэн 145 эмэгтэйг массаж нэрийн дор бэлгийн мөлжлөгийн зорилгоор бусдад худалдаалж байсан нь илэрч, шалгалтын ажлыг үргэлжлүүлж байна.
Хууль бус ажлыг зохион байгуулж байсан 53 этгээдэд холбогдох шалгалтыг явуулж, дөрвөн удаагийн үйлдэлд зөрчлийн хуулиар торгуулийн арга хэмжээ авч шийдвэрлэсэн аж. Мөн дөрвөн үйлдэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 34 үйлдэлд зөрчлийн хэрэг нээн материалжуулан шалгаж байна.
Шалгалтанд хамрагдсан саун, массажны газар, саунд тавигдах стандартын 9.1 дэх хэсэгт заасан “Үйлчилгээний газарт ажиллагсад нь тухайн чиглэлээр сургалтад хамрагдаж мэргэшсэн байна, 9.2 дахь хэсэгт заасан Иллэгийн ажилтан /массажист/ нь эрх бүхий байгууллагаас баталгаажсан мэргэжлийн үнэмлэхтэй байх ба ил харагдахуйц газар байрлуулсан байна” гэж заасан ч тухайн заалтыг хэрэгжүүлсэн газар байхгүй байна.
Цагдаагийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлд зааснаар цагдаагийн байгууллагаас саун, массажны газарт гэмт хэрэг, зөрчил үйлдэгдсэн тохиолдолд шалтгаан нөхцөлийг арилгуулах арга хэмжээ авахаас бусад үйл ажиллагааг зогсоох эрх хэмжээ байдаггүй аж. Тиймээс үүнийг таслан зогсоох нь цагдаагийн байгууллагаас гадна аж ахуй нэгж, иргэд хамтран ажиллах хэрэгтэйг сануулж байна.
М.Зүйр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ