МАН баярлаж үхлээ юу?

Олон улсын валютын сан /ОУВС/-гийн 'Extended facility fund' хөтөлбөрт Монгол Улс хамрагдсанаар “Үүр цайсан” талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдэгдэв.

Өнөөдрөөс яг арван сарын өмнө МАН-ын засгийн газар ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахаа зарлаж байснаас хойш эдийн засгийн үзүүлэлтүүд сайжирсан, валютын нөөц гурван тэрбум ам.долларт хүрсэн, төсвийн орлого 660 тэрбум төгрөгөөр давж биелсэн. Төсвийн алдагдал ДНБ-ий 9.5 хувиас 6.5 хувь болж 3 пунктээр буурсан гэх мэдээллийг өчигдөр Сангийн яаманд болсон ОУВС, Засгийн газар, Монголбанкны хамтарсан хэвлэлийн бага хурлын үеэр өгсөн юм.

Ийнхүү 1991 онд ОУВС-гийн гишүүнээр элссэнээс хойш гурав дахь удаагаа тэдний дэмжлэгтэйгээр Монгол асуудлаа шийдэж байна. Хямрал тогтворжиж эхэлсэн нь сайхан мэдээ мөн боловч газрын доороо алт, зэс, нүүрс, уран, төмөр, мөнгө гээд асар их баялагтай, 66 сая малтай, гурван сая хүн амтай, дэлхийн хоёр том эдийн засагтай хөрш Монгол олон давуу талуудаа ашиглаж чадахгүй бусдаар бодлогоо заалгаж суугаа нь өөрөө эмгэнэл.”ОУВС эдийн засагт гэрэл асаасан гэж” Сангийн сайд нь баярлаж, бахархаж суугаадаа зүй нь бол ичих хэрэгтэй байсан юм.Үнэндээ засгийн эрхийг авсныхаа дараа дараалсан сөрөг мэдэгдэл хийснээрээ МАН өөрөө л ширээн дээрээс уначихсан билээ.

Ингээд ОУВС-гийн тусламжийг Монгол хэзээ, хэзээ авч байсныг эхлээд хүргэе.

Эхнийх нь 1991 он. Зээлийн хэмжээ: 13.75 сая ам.доллар. Тухайн үед Монголын эдийн засгийн өсөлт хасах 9.2-9.5 хувьтай гарч байжээ. Энэ уналтаас гарахын тулд Монгол Улс найман жилийг зарцуулсан байдаг.

Хоёр дахь нь 2009 он. Зээлийн хэмжээ: 229.2 сая ам.доллар.Эдийн засгийн үзүүлэлт -1.6 хувь болтлоо унасан. Олон сая малаа зудад алдсан, барилгын салбарт үнийн хөөрөгдөл үүссэн, инфляци 20 хувь давсан гэгддэг.

Гурав дахь нь 2017 он. Хөтөлбөрийн хүрээнд Монголын Засгийн газар 5.5 тэрбум доллар зээлэх эрх нь нээгдсэн.2017 оны гүйцэтгэлээр Монгол Улсад 1.1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдсэн талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлсэн.

МАН мундаг сайдаа олддоггүй зээлийг ОУВС-гаас аваад хямралаас гаргачихсан гэвэл тэнэг хүн ч хууртагдахгүй биз. Өнгөрсөн 26 жилд засгийн эрхийг ээлжилж барьсан АН, МАН арчаагүйдээл улсаа хямралд оруулж, хүнээр ачаагаа татуулж яваа нь худлаа биш шүү дээ. Үндсэндээ Монголын улстөрчид зөвхөн янцаглахыг нь хийж суугаадаа ядаж санаа нь зовсон байгаасай гэж найдъя. Эдийн засгийн хямралын үндэс нь ердөө 2008-2012 оны эрх баригчдын тараасан хавтгайрсан халамжийн бодлого, 2012-2016 оны засаглалын хямралын үр дагавар. Дээр нь улс төрийн энэ их хэрүүл, талцал яая гэж байж 'Монгол ялна' гэдэг супер онигоо.

2008-2012 онд МАН-ын засаг 800 тэрбум төгрөгийг “хишиг” нэрээр салхинд цацаагүй бол, 2012-2016 онд олон улсын хөрөнгийн зах зээлээс олж ирсэн мөнгөө дуусч, барагдахгүй юм шиг АН-ынхан аашилж, авчраад шороонд булчихаагүй бол бид бусдаар бодлогоо заалгаад суух дээрээ тулахгүй байсан байх. Тиймээс Монголыгутгаар нь 'гуйна гэдэг гутамшиг болгосонд' МАН, АН ч адилхан буруутай.Уралдаж зээл аваад, уралдаж үрээд, Монголын гадаад өрийн хэмжээ өнөөдөр 24.2 тэрбум ам.доллар. Манай улсын жилийн төсвийг тав дахин үржүүлсэнтэй тэнцэх өр.

Ямар ч байсан нэг удаадаа ийнхүү Монголын Засгийн газар ОУВС-гийн хөтөлбөрийн тусламжтайгаар аюулаас аврагдлаа. Гэхдээ цаашид эдийн засгаа эргээд элгээр нь хэвтүүлчихээд бусдын царай харах уу, эсвэл мега төслүүдээ хөдөлгөж Монголын эдийн засгийг сэргээх үү гэдэг нь МАН-ын засгийн бодлоготой шууд хамааралтай. ОУВС бол манай Засгийн газар биш шүү дээ. Тэд ажлаа хийчихээд л яваад өгнө. Дампуурах шахсан эдийн засгийг маань илааршуулж өгсөн тэдэнд харинбаярлалаа.

Төрийн ордныг Яармаг рүү нүүлгэнэ, “Эрдэнэт”-ийн хувьцааг бүх хүнд тараана, түмэн цэргээр төмөр замаа бариулна, бензин үйлдвэрлэж, төмрөө боловсруулна, цэрэгт хоёр сая төгрөгийн цалин олгож, цэрэгжсэн эдийн засагтай орон болно гэж үлгэр ярихынхаа оронд төмөр зам, эрчим хүчнийхээ төслүүдийг яаралтай хөдөлгөе. Том төслүүдээ явуулахгүйгээр Монгол Улс ахиад л ОУВС-гийн өмнө өвдөг сөгдөх болно.

Эдийн засгаа солонгоруулж, экспортод гаргах бараа бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг нэмнэ гэж Ерөнхий сайд болгон мөрөөддөг. Гэвч улсын төсвийг нь уул уурхайгаас өөр юу бүрдүүлж байгаа юм бэ. Адуугаа хөлөөр нь гаргахгүй, нүүрсээ Хятадад өгөхгүй, зэсийн хоёр том үйлдвэрээ улстөржүүлж, одоо бүр нэгийг нь Ш.Батхүүгийн өрөнд алдахаа тулсан Монголын эрх баригчид өөрийнхөө гэрийг нурааж, үр хүүхдээ өлстөл нь зодолдчихоод айлын ааваар амьдарлаа заалгуулах гоё байна уу. Баярламаар бахархмаар үйл явдал үнэндээ энэ мөн гэж үү, 'Үүр цайлаа' ч гэх шиг.

Ж.Нямсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ