“Хэргийн эзэн” Ш.Батхүү хаана, юу хийж явна вэ
"Эрдэнэт үйлдвэр”-ийг Өмнөд Африкийн “Стандарт” банкны барьцаанд тавьснаас үүдсэн төлбөрийн маргаан Лондоны Арбитрын шүүх дээр гурав дараалан ялагдлаа. Зээлийн үлдэгдэл 51 сая ам.доллар дээр Арбитрын шат шатны шүүхийн зардал, хүүгийн төлбөрүүд нийлээд 102 сая ам.долларыг “Эрдэнэт үйлдвэр” төлөх шийдвэр гарчээ. Уг төлбөрийг төлөхгүй бол тус үйлдвэрийн хөрөнгийг битүүмжлэх утга бүхий нэхэмжлэгчийн хүсэлтийг биелүүлэхэд хүрэх эрсдэлтэй.
Арбитрт “Эрдэнэт үйлдвэр” давж заалдахын тулд 51 сая ам.долларын дэнчин байрлуулахаар байгаа юм. Уг дэнчинг байршуулж, давж заалдах эсэх асуудлыг Засгийн газар нууцын зэрэглэлд оруулан хэлэлцсэн юм. Засгийн газраас яг ямар шийдвэр гарсан нь тодорхойгүй байгаа ч ХЗДХ-ийн дэд сайдаар ахлуулсан баг давж заалдах чиглэлд ажиллаж буйг тодотгож байна. Тэгэхээр “Эрдэнэт үйлдвэр” Арбитрт 51 сая ам.доллар байршуулах замаар давж заалдаж, дахин нэг удаа азаа үзэхээр шийдсэн бололтой.
Хамгийн сонирхолтой нь, “Эрдэнэт үйлдвэр”-ийн асуудал хурцаар яригдаж буй энэ үед тус үйлдвэрийг барьцаанд тавьсан Ш.Батхүү, тухайн үеийн “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал Ч.Ганзориг, Төрийн өмчийн хорооны дарга асан, өнөөгийн Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Сугар нарт тооцох хариуцлагын асуудал орхигдсон хэвээр байна. Тэд загас мэт нам гүм болжээ. Жинхэнэ хариуцлага хүлээх ёстой хэргийн эзэд ичээнд орох цагаар “Эрдэнэт үйлдвэр” эрсдэлийн сан байгуулж, бэлтгэлээ базаасан байх жишээтэй.
-Ш.БАТХҮҮД ХИЛИЙН ХОРИГ ТАВИГДСАН Ч СУЛ ЧӨЛӨӨТЭЙ ЯВНА-
Энэ нь “Ш.Батхүүгээс юуг нь авах вэ. Өөрсдөө л учраа олохоос” гэсэн “Эрдэнэт үйлдвэр”-ийн гаргалгаа байж. Нөгөөх нь ч энэ дүйвээнийг далимдуулаад нам жим болсон бололтой. Одоогоор Ш.Батхүүд холбдогдох хэрэг АТГ-т шалгагдаж байгаа гэсэн ерөнхий мэдээлэл л байна. Ш.Батхүүг чухам хаана, юу хийж яваа талаар АН, МАН-ын нэр бүхий лидерүүдээс сураглахад огт мэдэхгүй байгаагаа өгүүлж, түүн шиг муу хүн байхгүй гэлцэж байна.
Уг нь цагтаа Ш.Батхүүтэй хүзүү сээрээрээ холбоотой явсан томчууд өчнөөн. Өөрийг нь улс төрд анх оруулсан гэгддэг, өнөөгийн “Эрдэнэт үйлдвэр”-ийн ТУЗ-ийн гишүүн Д.Дэмбэрэл “Ш.Батхүүг би хараад танихгүй. Тэр юу гэж надтай таарах вэ. Шууд зугтана биз” хэмээв. Тэрээр “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийн зүгээс Ш.Батхүүтэй холбоотой мэдээлэл сонсоогүй. Дуудаж уулзаагүй гэж манайд өгсөн ярилцлагадаа онцолсон юм. Энэ бол ТУЗ-ийн гишүүдийн ямар сэтгэлгүй ажиллаж байгааг харуулах хамгийн энгийн жишээ билээ.
Зарим эх сурвалжууд Ш.Батхүүд үүсгэгдсэн хэрэг өршөөлд хамрагдсан гэх мэдээлэл өгдөг. Өршөөлд хамрагдсан байлаа ч хохирлоо барагдуулахаар хуульчлагдсан гэдгийг бид мартаагүй. Тэрээр Ерөнхий сайд асан С.Баяр, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж нартай ойрын харилцаатай гэгддэг. Ерөнхийлөгчийн сонгуулиар С.Баярт туслах зорилгоор МАН-ын байраар хэд хэдэн удаа харагдсан гэх мэдээлэл байна.
Хамгийн тодорхой байгаа мэдээлэл нь, Ш.Батхүүд 2013 онд хилийн хориг тавигдсан. Тэгэхээр тэр Монголдоо байгаа. Мөн эрүүл мэндийн байдал нь асуудалтай байдаг гэх мэдээллийг зарим эх сурвалж өгч байна. Түүний 9911... дугаарын утас нээлттэй боловч дуудлага болон мессэжид ямар ч хариу өгсөнгүй. Нэгэн үес түүнийг цагдан хорьж байсан ч эрүүл мэндийн шалтгаанаас үүдэн, батлан даалтад гарсан билээ.
Ж.Мядагбадам
СЭТГЭГДЭЛ БИЧИХ