Ц.Оюунбаатар: МАН гэж олигархи, том мафийн бүлэглэлд итгэж найдаж болохгүй
МАХН-ын Дэд дарга Ц.Оюунбаатартай ярилцлаа.
-МАХН, АН-тай хамтран Засгийн газраас гурван шаардлагын хариу нэхэж, бүх нийтийн тайван цуглаан зохион байгуулсан. Гэхдээ МАХН УИХ-ыг тараахыг шаардаж байгаа. УИХ-ыг тараахаас өөр аргагүй нөхцөл байдал үүссэн гэж харж байгаа юм уу?
-Монгол Улсын Ерөнхийлөгчийг ард иргэдтэй уулзах үеэр иргэд УИХ-ыг тараахыг шаардаж удаа дараа саналаа хэлж байгааг хэн хүнгүй үзсэн байх. Тэгэхээр дан ганц МАХН-ын хүсээд байгаа шаардлага биш юм. Бид судалгаа хийж үзсэн л дээ. Ингэхэд өнөөдрийн УИХ шиг олигархиуд, оффшорчид, тэр байтугай охид эмэгтэйчүүдийг хүчирхийлсэн гэх хэрэгт холбогдсон нөхдүүд цугласан ийм увайгүй УИХ нэг ч удаа бүрдэж байгаагүй юм шүү. Монголын түүхэнд ийм муу нэртэй УИХ анх удаа сонгогдож байгаа нь энэ байх. Тиймээс бид АН-тай хамтарч цуглаан зохион байгуулсан.
МАХН бол улс төрийн гурван том хүчний нэг учраас жагсаал цуглаан хийж шаардлага тавих эртэй. Энэ удаагийн цуглаанаас харахад хавар жагсаал цуглаан илүү хүчтэй болох шинжтэй байна. Хэрвээ УИХ-ыг тараавал АН ч гэсэн өөрийн есөн гишүүнээ буцаан татах нь тов тодорхой асуудал. Хавраас УИХ-ыг тараах суултуудыг ард түмэн тэртээ тэргүй хийнэ. Үүнд намчирхаад байх ч шаардлагагүй байх. Өнөөдөр МАН-ын жирийн гишүүд хүртэл намдаа итгэл алдарч, бухимдаж дургүйцлээ илэрхийлж байна. Засгийн газрын 100 хоногийг шууд шүүмжлэх аргагүй юм. Гэхдээ оновчгүй шийдвэрүүд гаргасан уу, гаргасан.
-Та 2012-2016 онд УИХ, Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсны хувьд тухайн үеийн улс төрийн шийдвэрүүдийг хэрхэн дүгнэх вэ?
-Шүүмжлэлтэй хандах зүйл бий. Буруу асуудлууд орж ирэхэд шүүмжлэлтэй хандаж байсан. Эрдэнэт, Оюутолгойн асуудлууд бий л дээ. Гэхдээ тухайн үеийн УИХ-д АН болон МАН түүнчлэн МАХН, бие даагчид гээд харьцангуй тэнцвэртэй байсан. Алдаа байсан уу гэвэл байсан. Засгийн газраа унагаад, МАХН-ыг УИХ-аас гаргана гэж ярьж байсан шүү дээ. Тэр үед УИХ-ын даргаар ажиллаж байсан З.Энхболд яг зөв үедээ УИХ-ын чуулганыг завсарлуулж байсан юм. Намайг Засгийн газарт ажиллаж байхад МАХН-ын сайд нарын санхүүжилтийг зогсоогоод, дээрээс нэгдүгээр хүн ийм үүрэг өгсөн гэж хэлж л байлаа. Ийм л нөхцөлд МАХН ажиллаж байсан. АН, МАН хоёулаа хамт алдаагаа үүрэлцэх ёстой. Бодлогоо боловсруулаад, төсвийн мөнгийг хувааж иддэг нь АН-д ч, МАН-д ч бий шүү дээ.
АН-тай хамтарч цуглаан хийх болсон нэг л шалтгаан бол АН олигархиудаасаа салж, нам доторхи луйварчдаа шахаж гаргаж байгаа гэж харж байна. АН цэвэрлэгдсэн гэдгээ харуулах боломж гэж харсан. Одоо бол өнгөрснөө буруутгаж, шүүх аргагүй л дээ. МАН-ын жирийн гишүүд өнөөдрийг хүртэл намдаа сэтгэл дундуур байх болсон нь үнэн. Ерөнхийлөгчийн сонгууль ямар хавтгайрсан, мөнгөний сонгууль боллоо. Хөдөө орон нутагт малтай айлын хонийг нь хүнсэнд худалдаж авна гэж хүртэл худал хэлээд мөнгө тараах жишээтэй. МАН сонгуулиар улс орон даяар хуйвалдаант ажил зохион байгуулсан.
-МАХН өнөөдөр УИХ-д суудалгүй болсон. Цаашид тараах нь зүйтэй гэж хараад байна уу даа?
-Өнөөдөр МАХН УИХ-д суудалгүй байх ерөөсөө сонин биш. Гол нь 60 тэрбумаар төрийн албыг наймаалсан нам төрийн эрхэнд гарчихаад явж байгааг хараад дуугүй суух уу. МАН 60 тэрбумаар санүүжилтээ босгож, сонгуульд оролцсон. Энэ сонгуулиар монгол хүн төрөө барих, сонгох, сонгогдох эрхийг худалдаж авсан шүү дээ. Энэ бол маш аюултай, ноцтой үйл явдал. Монгол Төрийн түүхэн дэх хамгийн ноцтой асуудал бол энэ. У.Хүрэлсүх өнөөдөр намынхаа энэ зарчимгүй асуудлыг шүүмжилж гарч ирчихээд юу ч хийхгүй байна.
Ард түмний түүнд итгэх итгэл суларч байна. МАН гэж олигархи, том мафийн бүлэглэлд итгэж найдаж болохгүй. Үнэхээр МАН дотор шударга тал гэж байгаа бол 2020 он хүртэл нам доторх энэ асуудлаа цэгцлэх ёстой. Дотроосоо илжирсэн энэ асуудлаа шийдвэрлэж, шударгаар ярьж чадвал 2020 оны сонгуульд үлдэж магадгүй. Өнөөдөр нийгмийн байдлаас ард түмний амьдрал, улс орны байдал ямар байгааг харж болно. Одоогийн УИХ-д ард түмний итгэх итгэл ч мохож, гомдож байна шүү дээ. Олон түмний бухимдал ямар байгаа нь ил тод байгаа.
-УИХ-ын гишүүн О.Баасанхүү МАХН-ын дарга болохоор зүтгэсэн ч талаар боллоо. Намын даргын эрх мэдэл, суудлын төлөө энэ хүртэл явсанд МАХН-ын дарга Н.Энхбаяр өнөөдрийг хүртэл нэг ч тайлбар хийсэнгүй. Яагаад дуугарахгүй байгаа юм бол?
-Нам дотор биш намын гаднаас хийсэн хиймэл зүйл шүү дээ. Ийм асуудалд Н.Энхбаяр дуугарахгүй байх нь зөв. Гэхдээ энэ бол хууль шүүхийн байгууллагыг ашиглаж, улс төрийн гуравдагч том хүчний эрх мэдлийг булаах гэж оролдсон бохир үйл ажиллагаа. Улсын дээд шүүх шийдвэрээ гаргасан. Энэ нь хууль эрх зүйн практикт жишиг болж үлдэнэ. Нэгэнт намын тамга тэмдэггүй хүн өөрийгөө намын дарга гэж орилоод, нөгөө “хуурамч Дамбийжаа” гэдэг шиг юм болоод яах вэ дээ. Улс төрийн намуудад жишиг болж үлдэж байгаа юм. Ийм зүйлд намын дарга Н.Энхбаяр дуугараагүй нь зөв.
-О.Баасанхүү гишүүн энэ хүртэл явахдаа намын даргатайгаа нүүр тулж уулзсан уу?
-Яаж нүүр тулж уулзаж чадах вэ дээ. О.Баасанхүүд гудамжаар явахад ч хэцүү байгаа юм биш үү. Хүнийхээ хувьд ийм үйлдэл гаргачихсан нь өөрийнх нь л алдаа. О.Баасанхүүгийн буруу, зөвийг гэхдээ шүүх шаардлагагүй л дээ. Өдөөн хатгалгад автсан байж болно. Тэртээ тэргүй О.Баасанхүүд тэгж зохион байгуулах мөнгө байхгүй. МАН мөнгө өгсөн үү, АН өгсөн үү гэдгээ илчлээд, буруугаа хүлээгээд ирвэл өөрт нь ч, ирээдүйд нь ч хэрэгтэй. О.Баасанхүүгийн зохион байгуулсан хуралд намын 100 хүрэхгүй гишүүн очсон. Бусад нь дандаа хуурамч батлахтай хүмүүс. Шөнийн нэг цагт Төрийн ордонд хуралдана гэж байх уу. Хоёр, гурван автобус дүүрэн, мөнгөөр хөлслөгдсөн хүмүүс шүү дээ. Ийм л хуйвалдаан болсон.
-О.Баасанхүү гишүүнийг намаас нь хөөх тухай та бүгд хэвлэлийн хурлаар зарласны дараа МАХН-аас 10 сая төгрөг нэхэмжилж байгаа гэж байсан. Үнэхээр нэхэмжилсэн бичиг нь танай нам дээр очсон юм уу?
-Ийм асуудал ярьж цаг үрээд яах вэ дээ. Мөнгө нэхэх хууль зүйн үндэслэл байхгүй. О.Баасанхүүгийн энэ үйлдэл бол цаг, цаасны гарз. МАХН хичнээн гишүүнтэй билээ. Өдөрт хэдэн арваараа л хүсэлт, санал ирдэг.
-Улс төрийн намууд доторх хагарал улам гаарч, эрх баригч нам Засгийн газраа унагах хүртэл хурцадсан. МАХН-д ч энэ үзэгдэл ажиглагдлаа. Үүний шалтгааныг та хэрхэн тодорхойлох вэ?
-АН-д ч тэр, МАН-д ч тэр ийм асуудал өрнөсөн. МАХН-ыг хагалах гэж хиймлээр үүсгэсэн ганц асуудал нь О.Баасанхүүгээр илэрлээ шүү дээ. МАХН-д үүссэн энэ нөхцөл байдал бол мэргэжлийн хуульчийн нүдээр харахад ямар ч ач холбогдолгүй асуудал юм. МАН, АН шинэчлэгдэх шаардлагатай байгаа. Нам доторх олигархиудаасаа салах ёстой. АН ийм алхмаа хийж эхэлж байгаа гэж л харж байна. Өнөөдрийг хүртэл шүүх, прокурорын байгууллага С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэг, Н.Энхбаярын хэргээс үүдэж олон нийтийн шүүмжлэл, дургүйцэлд багагүй өртлөө. Ийм учраас бохир ажил хийлгүүлж байсан хүмүүсээсээ салах оролдлого хийгээд эхэлсэн байна. Заримыг нь тэтгэвэрт гаргаад эхэлчихэж. Харин ганцхан АТГ л ингэж чадахгүй байх шиг. Өнөөдрийн Ерөнхийлөгч рүү яаж дайрч, шалгаж байлаа. Ерөнхий сайдыг Шадар сайд байхад нь яаж тагнаж, чагналаа. Н.Энхбаяр даргыг ч хүртэл байнга тагнаж чагнаж байсан.
Гадны хөрөнгө оруулалттай үүрэн телефоны компаниуд Монголын гүйцэтгэх ажиллагааны байгууллагад монгол хүний мэдээллийг өгч байна шүү дээ. Гадны зуун хувийн хөрөнгө оруулалттай компани монгол хүний эсрэг мэдээлэл дамжуулж, хууль зөрчиж байна. Нэр дэвшигч С.Ганбаатарыг хүртэл тусгай албаны байгууллага бүрэн тоног төхөөрөмжөөр тоноглочихсон гадаадын иргэнийг авч ирж тусгай ажиллагаа явуулсан. Монгол Улс тусгаар тогтносон улс мөн юм уу. Монголын улс төрийн хэрэгт гадны хүн хэзээ ч оролцож болохгүй. Гэтэл ийм бохир ажиллагааг Монголын төр хийчихээд юу ч болоогүй юм шиг байна. Үүнийгээ гэмт хэргийн шинжгүй гээд яриад сууж байдаг. Төр өөрөө зохион байгуулж, төр өөрөө гэмт хэрэгтэн болсон байгаа юм шүү дээ. Хэлмэгдүүлэлтийн он жилүүд бол төр өөрөө гэмт хэрэгтэн болсны жишээ.
-Барилга, хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгийг албан тушаалаа урвуулан ашиглаж, түрээсийн орон сууцанд хамаатнуудаа оруулсан гэх асуудал яригдаад эхэллээ. Та энэ талаар мэдэх үү?
-Хуулийн хүрээнд болсон зүйл шүү дээ. Ерөнхий сайд нь гарын үсгээ зурсан. Ямар ч асуудалгүй. Хуулийн хүрээнд хаа ч хүртэл явж заргалдаад юм олж долоохгүй. Улс төрийн зохиомол хэрэг болгох гээд явж байна гэж харагдаж байгаа.
-Ярилцсанд баярлалаа.
Ц.Тамир
СЭТГЭГДЭЛ БИЧИХ