Ааруул нэртэй гурил зарсаар байх уу?

Сар шинийн баяр хаяанд иржээ. Аравхан хоногийн дараа болох сар шинийн баярын бэлтгэлдээ монголчууд дарагдаад байна. Цагаан сарын баярт зориулсан идээ будааны нэг нь цагаан идээ. Тиймээс сар шинийн баярт зориулсан цагаан идээний үзэсгэлэн худалдаа хаа сайгүй гарч байна. Түүний нэг болох Архангай аймгийнмалчдын цагаан идээний үзэсгэлэн худалдаа Тусгаар тогтнолын талбайд дэлгэгджээ.

Гэхдээ худалдаачид биш голдуу малчид, малчдын ах дүү хамаатан, садан цг үзэсгэлэнд оролцож, бүтээгдэхүүнээ зарж байна. Тус үзэсгэлэнгурав дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа ажээ. Үзэсгэлэнг сонирхон ирсэн худалдан авагчид энэ жил цагаан идээний үнэ харьцангуйнэмэгдсэн талаар ярьж байна.

Ааруул цагаан идээний үнэ нэмэгдсэн гэх шүүмжлэлээс гадна ааруул, аарц нь гурилын хольц ихтэй байна гэсэн шүүмжлэл багагүй гарах болсон.Өөрөөр хэлбэл, зах болон үзэсгэлэн худалдаагаар зарж байгаа ааруул, хуруудыг гурилтай холих болсонд иргэд сэтгэл дундуурхан байна.

“Энэ ааруулыг гурил хольсон үгүйг яаж мэдэх вэ” гэх асуултыг 45 эргэм насны эмэгтэй худалдагчид тавилаа. Харин худалдагчийн зүгээс гаднаас нь хараад таних боломжгүй, ямар ч байсан өөрийнх нь зарж байгаа бүтээгдэхүүн ямарч хольцгүй гэдгийг тайлбарлаж, амталгаа явуулж байгаа харагдав.

Архангайн сүүн ааруул болон хорхой ааруул олон хүн авч байна. Тэд хоорондоо ааруулын чанар, амтын талаар өөр хоорондоосоо асууж, зөвлөгөө авч байгаа нь сонсогдлоо.

Хэн ч харсан цав цагаан ааруул, хурууд харагдах. Гэвч гаднаасаа үнэндээ гурилын хольцтой гэдгийг нь хэр баргийн хүн таних боломжгүй аж. Харин амталж үзээд мэдэх нэг нь мэддэг, мэдэхгүй хүмүүс бол мөнгөөрөө аарцтай хольсон гурил аваад гардаг бололтой.Өнгөрсөн жил амталж үзээд авсан ааруул нь гурил байсан талаар СБД-ийн иргэн Н.Батхүрэл ярилаа. Тиймээс энэ жил гурилтай ааруул авахгүйн тул хашир хандаж байгаа гэнэ.

Авсан ааруулаа гурилтай гэдгийг гаднаас нь таних боломжгүй учраас амтлаад үзэхэд шүдэнд наалдаж байвал гурилтай гэдгийг настайвтар эгч зөвлөлөө. Харин үзэсгэлэн худалдаанд оролцож буй худалдагч эмэгтэй 'Ямар ч хольцгүй цэвэр ааруул','Сайхан тогооны өрөм шүү' хэмээн сурталчилгаа хийж байна.

Үзэсгэлэн худалдаанд анх удаа оролцож байгаа малчид“Ааруул чинь гурилтай юу” гэж асуугаад байх юм, сонин юм' хэмээн гайхсан шинжтэй ярьж байв.

Цагаан идээ үнийн хувьд янз бүр байлаа. Ааруулын үнэ хагас кг нь хэлбэр хийц, өнгө үзэмжээсээ шалтгаалан 12000-15000 төгрөгийн хоорондхэлбэлзэж байна. Харин тогооны өрөм 7000-12000 , шар тос 15000 төгрөг, ээзгий 11000 төгрөг,цагаан тос12000 төгрөг, сүүн хурууд20000-25000, аарцнэг кгнь 3500төгрөгийн үнэтэй зарагдаж байна. Худалдагчаас сүүн хурууд яагаад ийм үнэтэй байгааг асуухад“10 литр түүхий сүүнээс ганцхан кг ааруул гардаг учирүнэтэй зардаг. Одоо сүү нэг литр нь 3500 төгрөг байна шүү” дээ гэв.

Сүүлийн жилүүдэд монголчууд ааруулаар идээ засдаг болсон. Тиймээс нэрс,хад, чацаргана жимсний өнгө оруулж төрөл бүрийн хэлбэр дүрстэйгээр ааруул хийдэг болсон аж.

Архангай аймгийн Чулуут сумын малчин С.Машбат Архангай аймгийн Чулуут сумын малчин С.Машбат

Архангай аймгийн Чулуут сумын малчин С.Машбат “3-5 сая төгрөгийн цагаан идээтэй ирсэн. Худалдан авалт сайн байна. Иргэд чанартай бүтээгдэхүүн авах сонирхолтой байдаг учир иймэрхүү үзэсгэлэн худалдаа зохион байгуулахад дуртай байдаг юм байна. Үнийн хувьд өмнөх жилийнхээс бага зэрэг өссөн. Жил бүр л юмны үнэ өсч байна. Мөн энэ зуны хувьд ихэнх нутгаар гандуу байсан учир цагаан идээ бага гарсантай холбоотой байх. Бид нарын хувьд цагаан идээндээ ус, гурил болон бас бус зүйл хольдоггүй. Аймаг дээрээ шинжилгээнд хамрагдаад ирж байгаа. Захын худалдаачид л тэгдэг байх” хэмээв.

Тусгаар тогтнолын талбайгаас 3,4 хорооллын “АPEX” худалдааны төвийн В1 давхрыг зорилоо. Тус зааланд ул боов, цагаан идээ, монгол зөгийн бал зэргийг зарж байлаа. Ааруул нь кг нь 20-25 мянган төгрөгийн үнэтэй. Чихэртэй чихэргүй ааруул, ээзгий, цагаан тос, өрөм, сүү монгол архи гээд олон төрлийн идээ, чацарганатай ааруул, үзэмтэй тос гээд маш өргөн сонголттой байв. Саран хэлбэр бүхий хэвээр хэвлэсэн 25 ширхэг ааруул 175 мянган төгрөг. 35 ширхэгтэй нь 200 орчим мянган төгрөгийн үнэтэй. Тогооны өрөм 10-15 мянган төгрөг, ааруул кг нь 10-12 мянган төгрөг, ээзгийтэй цагаан тос кг нь 4000 төгрөг гэх зэрэг үнээр худалдаалж байлаа.

Сайны хажуугаар саар гэгчээр зарим худалдаа эрхлэгчид ашиг орлогоо бодон хольцтой цагаан идээ зарах болсоннь иргэдийн бухимдуулах нэгэн шалтгаан болоод байгаа юм.Мэдээж, малчин болгон аарууландаа гурил хольдоггүй биз. Гэхдээ нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэдэг. Тиймээс малчид, худалдаачид, мэргэжлийн байгууллагууд энэ асуудлыг эцэслэх хэрэгтэй байна.

Гурилтай ааруул авсан иргэд мэргэжлийн байгууллагуудад ханддаг ч мэргтэд шинжилгээний бичгийг нь үз, баталгаатай газраас худалдан авалтаа хий, стандартад нийцсэн эсэхийг нь хар гэсхийгээд л өнгөрдөг аж.Тиймээс Архангайн цагаан идээ нэрээр ашиг хайгчид аргаа нарийсгаж, эрэлт ихтэй бараа, бүтээгдэхүүний чанарыг үл огоорон “хулхи” ууц, 'гурилтай ааруул', борлуулсаар л байгаа юм.

Цагаан сарын цагаан идээгээ автал ааруул нь цул гурил, аарц нь ус, цагаан тос нь тэр чигтээ шар тос байна гэх гомдол сошиалд багагүй гардаг. Тэгэхээр энэ асуудлыг таслан зогсоохгүй бол цаашдаа цагаан сараар Архангайн ааруул нэртэй гурилыг худалдан авах хүн олдохгүйд хүрч магадгүй.

Э.Бурам

СЭТГЭГДЭЛ БИЧИХ