Сүүлийн 30 жилд сүндэрлэсэн хамгийн үнэтэй 10 барилга

Өнгөрсөн 30 жилийн хугацаанд хамгийн өндөр үнээр боссон тэнгэр баганадсан гайхалтай барилгуудыг танилцуулъя. Сонирхолтой нь, энэ жагсаалтад дэлхийн хамгийн өндөр барилга болох Дубайн Бурж Халифа цамхаг багтдаггүй аж. 2004-2009 оны хооронд баригдаж дууссан тус цамхаг оройн антенны хамт 829.8 метр. Тансаг зэрэглэлийн орон сууц, найман зочид буудал, дэлгүүр, худалдааны төв, ресторан, оффис гээд бүгдийг багтаасан тус цамхгийн барилгын ажилд 1.5 тэрбум ам.доллар зарцуулж байжээ.

ТАЙПЭЙ-101 /ТАЙВАНЬ/

101 давхар Тайпей-101 цамхаг 2004 онд баригдаж дууссан юм. Цамхгийг барих ажилд 1.8 тэрбум ам.доллар зарцуулжээ.

PALAZZO CASINO /ЛАС ВЕГАС, АНУ/

Лас Вегас дахь Palazzo Casino 2007 онд 2.05 тэрбум ам.долларын өртгөөр босчээ.

PRINCESS TOWER /ДУБАЙ, АНЭУ/

Дубайд 2012 онд баригдсан Princess Tower-ын барихад 2.17 тэрбум ам.доллар зарцуулжээ.

THE VENETIAN /МАКАО, ХЯТАД/

Макао дахь Venetian тансаг казино 2005 онд 2.4 тэрбум ам.доллар өртгөөр сүндэрлэжээ. Барилга доторх худалдааны төвийн голд Италийн алдарт Венецийг дуурайж, хиймэл “гол” бүтээсэн байдаг. Дэлгүүр хэсэгчид гондола завинд суугаад яг л Венециэр аялж байгаа мэт мэдрэмж авах боломжтой гэнэ.

LOTTE WORLD TOWER /СӨҮЛ, БНСУ/

Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотноо 2018 оны эхний өдөр албан ёсны нээлтээ хийсэн Lotte World Tower. 554.5 метр өндөр тус цамхаг өндрийн хэмжээгээр дэлхийд тавдугаарт бичигдэж байна.

123 давхар барилгыг босгоход 3.6 тэрбум ам.доллар зарцуулжээ.

ONE WORLD TRADE CENTER /НЬЮ-ЙОРК, АНУ/

3.8 тэрбум ам.долларын хөрөнгөөр боссон One World Trade Center 2012 онд нээгдсэн юм. АНУ-ын Нью-Йорк хотноо орших тус цамхаг халдлагад өртөж сүйдсэн Дэлхийн худалдааны төвийн барилга байрлаж байсан газрын яг хажууд оршдог.

COSMOPOLITAN /ЛАС ВЕГАС, АНУ/

АНУ-ын Лас Вегаст байрлах Cosmopolitan. 2010 онд ашиглалтад орсон тус казино ресортыг барихад 3.9 тэрбум ам.долларын хөрөнгө зарцуулжээ. Дотроо казино, худалдааны төвүүд, ресторан, театр, фитнесс танхим, спа, хурлын танхим гээд шаардлагатай бүхэн бий.

WYNN /ЛАС ВЕГАС, АНУ/

Лас Вегас хотноо 2005 онд ашиглалтад орсон Wynn казино ресортын барилга 4.1 тэрбум ам.долларын хөрөнгөөр сүндэрлэжээ. 187 метр өндөр тус барилга нь 45 давхар, 2716 өрөөтэй. Барилгад 1.6 тэрбум ам.долларын хөрөнгөөр нэмэлт өргөтгөл хийхээр 2016 онд барилгын ажил эхлүүлсэн нь 2020 онд дуусах гэнэ.

MARINA BAY SANDS RESORT /СИНГАПУР/

Сингапурт 2010 онд нээгдсэн Marina Bay Sands Resort цамхгийн төсөв 5.7 тэрбум ам.доллар давж байжээ. Тиймээс ч дэлхийн хамгийн үнэтэй казино ресорт гэж зүй ёсоор тэмдэглэгдсэн байна. Зочид буудал, хурлын танхим, их дэлгүүр, музей, хоёр ч театр, долоон ресторан, мөсөн гулгуурын талбай гээд зугаа цэнгэлд шаардлагатай бүгдийг энд цогцлоожээ.

АБРАЖ АЛЬ-БЕЙТ /МЕККА, САУДЫН АРАБ/

Саудын Арабын Мекка хотод орших Абраж аль-Бейт цамхаг 15 тэрбум ам.долларын хөрөнгөөр босчээ. Өдгөө Саудын Засгийн газрын эзэмшилд байдаг уг цамхгийн барилгын ажил 2007 онд эхэлж, таван жил үргэлжилсэн байна. 120 давхар барилгын орой хэсэгт дэлхийн хамгийн том цаг байрладаг. Харин цамхгийн дотор ресторан, таван давхар их дэлгүүр, тансаг зэрэглэлийн зочид буудал, орон сууц зэрэг бий.

Мөргөлчдийн цуваа тасардаггүй Мекка хотын ариун сүмээс энэ цамхаг шууд харагддаг гэнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ