Арбитраас “Эрдэнэт”-ийн хөрөнгийг битүүмжилж, 75 сая ам.доллар төлөх шийдвэр гаргажээ

-ЗАСГИЙН ГАЗАР ӨЧИГДӨР “ЭРДЭНЭТ”-ИЙН АСУУДЛЫГ НУУЦААР ХЭЛЭЛЦЖЭЭ-

УИХ-ын гишүүн О.Баасанхүү өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийх үедээ “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг Өмнөд Африкийн “Стандарт” банкинд барьцаалсан асуудал Арбиртын шүүх дээр унасан талаар тодотгосон юм. Үүнийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар үгүйсгэж, Засгийн газрын түвшинд мэдээлэл ирээгүй гэсэн утгаар хариулт өгсөн юм. Гэвч өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар “Эрдэнэт” үйлдвэрийн асуудлыг нууцын зэрэглэлтэй хэлэлцсэн гэх мэдээлэл байна.

Хэрэг явдлыг эргэн сануулахад, “Жаст”-ын Ш.Батхүү Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас 109 сая ам.долларыг зээлэхдээ “Эрдэнэт үйлдвэр" ХК-иар баталгаа гаргуулсан явдал одоогоос гурван жилийн өмнө дуулиан дэгдээж байв. Тухайн үеийн ТӨХ-ны дарга, өнөөгийн Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Сугар болон одоогийн УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн аав, “Эрдэнэт”-ийн ерөнхий захирал асан Ч.Ганзориг нар "Эрдэнэт үйлдвэр"-ийг “Жаст” группийн зээлийн барьцаанд тавьж буйг батламжлан гарын үсэг зурсан байдаг.

“Жаст”-ын Ш.Батхүүгийн зүгээс тухайн үеийн ТӨХ-ны дарга Д.Сугар, “Эрдэнэт”-ийн ерөнхий захирал асан Ч.Ганзориг нарын гарын үсгийг дуурайлган зурсан гэх тайлбар өгсөн ч шүүхийн шатанд гарын үсгийн хэлбэр жинхэнэ болох нь нотлогдсон билээ. Улмаар “Жаст” групп Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас авсан өрөө төлөх эдийн засгийн чадамжгүй болсноор зээлийн баталгаанд тавигдсан “Эрдэнэт үйлдвэр" тус өрийг төлөх эрсдэл хүлээж буй юм.

Угмаргаанаар Лондоны Арбитрын шүүх хуралдаан дөрвөн удаа болж, эхнийхээс бусдад нь “Стандарт” банк ялж, “Эрдэнэт” үйлдвэр ялагдал хүлээсэн байна.Өөрөөр хэлбэл, давж заалдах шатны дараа дараагийн гурван удаагийн арбитрын шүүх хуралдаанд“Стандарт” банк ялжээ. Шүүхийн шийдвэрийн дагуу зээлийн үлдэгдэл 50 сая орчим ам.доллар дээр нэхэмжлэгч талын шүүхийн зардал, бусад хураамжууд нэмэгдсээр 75 сая орчим ам.долларын өр барагдуулах шаардлага үүссэн талаар эх сурвалж мэдээлж байна.

Арбитрын шүүхийн шийдвэрөнгөрсөн оны сүүлээр “Эрдэнэт” үйлдвэрт ирсэн бөгөөд Засгийн газар өчигдөр энэ асуудлаар тухайлан ярилцсан бололтой. Манай улс Арбитрын шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй удах тусам хүүгийн төлбөр нэмэгдсээр байх юм. Улмаар “Эрдэнэт” үйлдвэрийн хөрөнгийг битүүмжлэх “Стандарт” банкны шаардлагыг Арбитр хүлээн зөвшөөрсөн гэх мэдээлэл ихээхэн анхаарал татаж байна.

Г.Итгэл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ