Монголын тэшүүрчид Дэлхийн цомын тэмцээнд оролцов
Монголын тэшүүрийн тамирчид энэ оны анхны олон улсын тэмцээнд амжилттай оролцлоо.
Австри улсын Инсбрук хотноо нэгдүгээр сарын 27-28-ны өдрүүдэд зохион байгуулагдсан залуучуудын болон Heo насанд хүрэгчдийн Дэлхийн цомын аварга шалгаруулах гүйлтийн тэшүүрийн тэмцээнд 20 гаруй орны 300 тамирчид өрсөлдөж, хурд хүчээ сорилоо.
Энэ тэмцээнд дасгалжуулагч Б.Сансарбилэгийн удирдлага дор өсвөр болон залуучуудын баг оролцжээ.
Эмэгтэйчүүдийн 500м зайд ОУХМ Б.Гэрэлтуяа 44.70 секундын амжилтаар 30-р байр эзлэв. Энэ зайд Голландын Ф.Белинг 40.12 секундын амжилтаар түрүүлсэн бол мөн Голланд, БНХАУ-ын тамирчид удаалжээ.
Эмэгтэйчүүдийн Бөөн гараатай уралдаанд ОУХМ Б.Гэрэлтуяа 12 оноогоор 23 дугаар байр эзэлсэн байна. Энэ уралдаанд Итали, БНХАУ, Голландын тамирчинд медальт байранд шалгарчээ.
Эрэгтэйчүүдийн 500м зайд Б.Амарзаяа 39,99 секундын амжилтаар 35-р байр эзэлсэн бол бөөн гараатай уралдаанд 24-р байрт орсон байна.
Инсбрук хотноо болсон Дэлхийн цомын аварга шалгаруулах гүйлтийн тэшүүрийн үеэр Heo насанд хүрэгчдийн тэмцээн болсон. Энэ тэмцээнд А.Зул гурван зайд өрсөлдөж, 6, 8, 12-р байрыг эзэлсэн байна.
Бөөн гараатай уралдаанд А.Зул 44 оноогоор 6-р байр, 500 метрийн зайд 42,56 секундын амжилтаар 8-р байрыг тус тус эзэлжээ. Мөн тэрбээр 1000 метрийн зайд уралдаж, 1.26,22 секундын амжилтаар 12-р байрт орсон бөгөөд энэ зайд ОХУ-ын Вероника Суслова 1.21,72 секундийн амжилтаар түрүүлж, Польшийн тамирчид мөнгө, хүрэл медалийг хүртжээ.
Дашрамд дуулгахад, Монголын тэшүүрийн холбооноос хоёрдугаар сарын 10-11-ний өдрүүдэд Хандгайтын мөсөн гулгуурын талбайд насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахаар болсон байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ