Ц.Нямдорж сайдыг "дуусгах" захиалгыг хэн хэнд өгсөн бэ?
Нэг сайд нь л 300 гаруй сая төгрөгөөр машин авч унаад байвал бүх сайд нарын машин бараг таван тэрбумд хүрнэ. Тэгвэл үнэндээ, төсөвт орлого болгох гээд бүтээгүй шаталсан татварын нэмэгдэл 51 тэрбум төгрөг.Тэгтэл иргэдийн дургүйцлийг төрүүлэн тэдний халаас руу өнгийсөн энэ мөнгөний бараг 10 хувь нь гэхэд зөвхөн сайд нарын тансаглалын зардал болно гэвэл дэндүү шударга бус зүйл юм.
Хамгийн инээдтэй нь, төрд олон жил зүтгэсэн түшмэл сайд нар ийм хэмжээний машин уналгүй яахав гэж өмөөрөх хэсэг байгаа нь дэндүү харамсалтай.
Улс орон нь ядууран, сүйрэх гэж байгааг эрх баригч намын нэр бүхий албан тушаалтнууд удаа дараа зарлан тунхагласан. Харин төд удалгүй сайд нар нь өмнөх сайдын зүв зүгээр явж байсан машиныг солин шинээр 300 гаруй сая төгрөгөөр машин унах нь ямар ёс зүйд нийцэх вэ.
Төрийн тусгай хамгаалалт л биш бол бусад нь төрийн гэхээсээ нийтийн төлөө ажиллаж байгаа гэдэг үүднээс аль болох өөрсдийн элдэв тансаглал, үнэтэй машин зэргээс хөгжингүй, хөгжил өндөртэй орны сайд дарга нар нь татгалзаж байхад харин манайх шиг ядарсан улсад яагаад энэ хэвийн зүйл байх ёстой вэ. Харин ч бүр хэмнэх тухай яриа баймаар.
Харин энэ дургүйцэл эсэргүүцлийн асуудалд холбогдоод буй Ц.Нямдорж сайд "Ийм их дэмий яриа болно гэж бодсонгүй" хэмээв. Шударга ёс, татвар төлөгчдийн мөнгийг үр ашигтай, олон нийтийнх нь төлөө зарцуулахыг шаардсан нь дэмий гэж хэлж байгаа сайдын үгийг нэг л сайн ойлгосонгүй.
Ямартай ч Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ машиныг зар, зараад мөнгийг нь төсөвт оруул гэж хэлсэн. Үүнийг нь ч Ц.Нямдорж хүлээн зөвшөөрч байгаа тухайгаа өчигдрийн Засгийн газрын 100 хоногийн хэвлэлийн бага хурлын үеэр хэлэв.
Харин тэрбээр ийм шинэ машин унах болсон шалтгаанаа аюулгүй байдалтайгаа холбон тайлбарлаж байв.
Нөгөөтэйгүүр УИХ, Засгийн газрын гишүүдийг Тусгай дуут болон гэрэл дохио ашиглахыг хориглох шийдвэр дөнгөж оны өмнөхөн гаржээ. У.Хүрэлсүх Засгийн газрын 100 хоногийнхоо хүрээнд бид ямар ч байсан хууль дүрэм л дагана. Амьдралд нийцэхгүй байсан ч цагаан дээр хараар бичигдсэн хууль дүрмээ сахихыг шаардана гэж байсан. Тэгвэл нүдэн дээр нь Хууль зүйн сайд нь наад захын замын хөдөлгөөний журмыг дагахгүй байгаа нь ямар учиртай вэ. Хууль хяналтын байгууллага нь Хууль зүйн сайддаа энэ журмыг зөрчсөнд шийтгэл оногдуулав уу?!
Үнэндээ Монголын хууль ардад л хэрэгжээд дарга нарт хэрэгждэггүй нь жижиг гэлтгүй энэ мэт асуудлаас үүдэлтэйгээр гарсан яриа.
Ц.Нямдорж "Өнгөрсөн жилээс аюулгүй байдалдаа хангах тал дээр та онцгой анхаарах хэрэгтэй гэдэг үгийг тусгай албадаас болон манай яамныхан хэлээд байгаа. Яаж тэрийг чинь хангадаг юм гэхээр сайн унаатай, хамгаалалттай байх ёстой гэж хэлсэн. Хамгаалалтыг нь бол зөвшөөрөхгүй. Нямдоржийг дуусгах гэж их өндөр албанд ажиллаж байсан хүний бичсэн мэссэж 2000 онд ял шийтгүүлж байсан хүнд очсоныг АН-ын болон МАН-ын Их хурлын гишүүд надад биеэр орж ирж хэлсэн шүү. Та аюулгүй байдалдаа анхаарахгүй бол болохоо байж байгаа юм байна гэж. Манай яамныхан энийг л бодолцож унаа авсан. Ерөнхий сайдын хэлсэн бол үнээн. Бодож л байсан. Ийм их дэмий яриа болно гэж тооцоогүй байсан" гэж хэлсэн юм.
Ц.Нямдорж сайд С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн нууц материалуудаас хэсэгчлэн ил болгох асуудлыг сайд болохдоо амалсан. Тэрбээр өчигдрийн хэвлэлийн хурлын үеэр хэлсэн"Нямдоржийг дуусгах гэж их өндөр албанд ажиллаж байсан хүний бичсэн мэссэж 2000 онд ял шийтгүүлж байсан хүнд очсон" гэдэг үгээ илүү нээлттэй болгох хэрэгтэй мэт.
Үнэхээр түүнийг ийм хэмжээнд заналхийлэгч байгаа бол түүний яриад байдаг "Эрдэнэт Үйлдвэр"-ийн 49 хувийн наймаа, С.Зориг агсны хэргийн олдохгүй байгаа захиалагч эсвэл гэмт хэргийг гүйцэтгэсэн этгээдүүдэд зохиомол ял тулгасан гээд байгаа эрхмүүдийн асуудал ил болох бус уу.
Эсвэл Ц.Нямдоржид дээр дурдсантай холбоогүйгээр бусдаас нуусан өөр ямар нэгэн асуудал байна уу.
Хэн Ц.Нямдоржийг "дуусгах" захиалгыг хэнд мессэжээр явуулав. Түүнийгээ ил болгооч сайд аа!
Б.Ану
СЭТГЭГДЭЛ БИЧИХ