Мөсөн сурын харвааны УАШТ болно
Монголын сур харваачид ирэх сарын 3-4ний өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд цэц мэргэнээ сорин улсын аваргаа шалгаруулах гэж байна. Монголын үндэсний сур харвах наадмын нэгэн өвөрмөц төрөл болох мөсний сурын харвааг олон нийтэд сурталчлах, хөгжүүлэх, түүний ёс жаягийг хойч үедээ таниулах, уламжлалаа сэргээх зорилготой юм.
Уг тэмцээнийг Монголын мөсөн сурын холбооноос дөрөв дэх жилдээ зохион байгуулах гэж байна. Энэ жилийн хувьд олон улсын хэмжээний наадам болтлоо өргөжин хөрш хоёр орон болох БНХАУ болон ОХУ-ын сур харвааны тамирчид цэц мэргэнээ сорихоор хүрэлцэн ирэх аж.
Тус тэмцээн багийн болон цуваа харваа төрлөөр явагдах бөгөөд харваачид эвэр элэгтэй шөрмөсөн артай нум эсвэл Монголд үйлдвэрлэсэн сургалтын нумтай оролцоно. Сум нь 80 граммаас дээш модон сум байх ба цуваа харвааны үеэр 40 метрийн зайнаас 20 сум харвадаг бол багийн харваанд нэг багт 10 харваач оролцон 40 метр, 30 метр, 25 метр, 20 метрийн зайнаас харвана.
“Улаанбаатарын өвлийн наадам”-ын үеэр зохиогдох уралдаан тэмцээн болон ивээн тэтгэгчдийн нийт шагналын сан 10 сая төгрөг бөгөөд наадамд ирсэн иргэд, жуулчид тэмцээн уралдаануудыг үзэж сонирхохоос гадна өөрсдийн биеэр оролцох боломжтойгоороо онцлогтой аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ