Монголын цаначид "Пёнчан-2018" олимпод оролцоно
БНСУ-ын Пёнчан хотод болох өвлийн XXIII олимп нээлтээ хийхэд 17 хоногийн хугацаа үлдлээ. Энэхүү наадамд Монгол улсаас гүйлтийн цанын хоёр тамирчин орох болсныг өчигдөр(2018.01.22) албан ёсоор баталгаажууллаа.
Олон улсын цанын холбооноос гүйлтийн цанын төрлөөр өрсөлдөх орны квотыг албан ёсоор гаргалаа. Энэхүү жагсаалтад Монгол улсаас хоёр тамирчин эрхийн болзол хангаж, олимпийн наадамд уралдахаар болж байна.
Энэ талаар Монголын цанын холбооны нарийн бичгийн дарга Э.Очирсүрэнгээс тодруулахад “Өчигдөр олон улсын цанын холбооноос тамирчдын квотыг гаргалаа. Манай хоёр тамирчны эрх баталгаажсан байна. Бид удахгүй ямар тамирчин “Пёнчан 2018” олимпийн наадамд өрсөлдөхийг удахгүй олон нийтэд мэдээлнэ' гэлээ.
Цанын үндэсний шигшээ багийн тамирчин ОУХМ Б.Ачбадрах, ОУХМ Ч.Отгонцэцэг нар цагийн үзүүлэлтээр эрхийн болзол хангаад байсан. Мөн нэмэлт эрх авахын төлөө бусад тамирчид цуврал тэмцээнд оролцсон юм. Тэгвэл албан ёсоор хоёр тамирчны эрх баталгаажиж оролцох болсныг Олон улсын цанын холбооноос мэдээлжээ.
Гүйлтийн цанын төрлөөр олимпод өрсөлдөх цаначид 10 км болон 15 км-т уралдана.
Мөн пара цаначин Б.Ганболд эрхээ авсан бөгөөд түүний хувьд 'Сочи 2010' өвлийн паралимпод уралдсан билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ