Умард Солонгосын тамирчдыг олимпод оролцуулахаар болов

Умард Солонгосын тамирчид Пёнчанд болох өвлийн олимпийн наадамд оролцоно гэж Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч Томас Бах мэдэгдэв.

“БНАСАУ-ын тамирчид 2018 оны Пёнчаны олимпийн наадамд оролцохыг зарлаж байгаадаа би баяртай байна. ОУОХ өнөөдөр (бямба гараг) онцгой шийдвэр гаргаж, спортын гурван төрлийн таван тэмцээнд оролцох 22 тамирчны тоог баталлаа. Тэднийг 24 дасгалжуулагч болон албаны хүмүүс дагалдан явна” гэж тэрээр хэлсэн байна.

Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд олон нийтийн мэдээллийн хэрэгслийн 21 төлөөлөгч бас орох ажээ.

Олимпийн наадамд БНАСАУ-ын тамирчид Өмнөд Солонгосын олимпийн тамирчдын хамт төрийн дууллын оронд “Ариранг” дуу дуулан, нэг далбаан дор оролцохюм.

“ОУОХ хоёр орны олимпийн хорооны хүсэлтийг биелүүлэхдээ, олимпийн наадмын нээлтэд төлөөлөгчид “Солонгос” гэсэн нэг нэртэйгээр хамтдаа оролцох тэдний хүсэлтийг зөвшөөрсөн юм. Энэ нь Солонгосын хувьд төдийгүй, дэлхий нийтийн хувьд маш сэтгэл догдлуулсан мөч байх болно гэдэгт би итгэлтэй байна” гэж ОУОХ-ны тэргүүн хэлжээ.

Энэ нь олимпийн хоёр баг нэг баг болж оролцох түүхэн дэх анхны тохиолдол болно гэдгийг Бах онцлон тэмдэглэжээ.

БНАСАУ-ын тамирчид уран гулгалт, шорт-трек, гүйлтийн болон уулын цанын тэмцээнд оролцож, харин эмэгтэй хоккейчдын тэмцээнд нэгдсэн баг тоглох бөгөөд Өмнөд Солонгосоос 23, Умардаас 12 тамирчин оролцох ажээ. Чухам хэн талбайд гарахыг Өмнөд Солонгосын шигшээ багийн ахлах дасгалжуулагч шийдэх бөгөөд гэхдээ ямар ч байсан тэр БНАСАУ-ын гурван эмэгтэй хоккейчныг авах ёстой болно.

Умард Солонгосын төлөөлөгчид хоёрдугаар сарын 1 гэхэд Олимпийн тосгонд ирж, бүх тамирчин сэргээшийн шинжилгээ хийлгэх аж.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ