"Охины маань утсаар ярьсан байршлыг ч тогтоогоогүй"
Дорноговь аймгийн Зам-Үүд суманд аав, ээж, эгч, дүү нарынхаа хамт амьдарч байсан найман настай охин алга болсноос хойш 80 хоног өнгөрчээ. Энэ хугацаанд хичээлдээ очихоор сургуулиа зорьж яваад сураг тасарсан Д.Сэржмядаг охиныг харсан, үзсэн хүний сураг гарсангүй, холбоотой мэдээллийн сэжим ч цухуйгаагүй байна. Охиноо хаа нэгтээ амьд байгаа, хэзээ нэгэн өдөр ороод ирнэ гэж сэтгэлээ сэмэртэл хүлээж суугаа ээж эрэл суралд нь нэмэр болох арга хайн, Улаанбаатарт иржээ. Түүнийг Б.Хоролмаа гэдэг.
-Манай редакцид ярилцлага өгөхийг зөвшөөрч, ирсэн танд баярлалаа. Танд маш хэцүү өдрүүд өнгөрч байгааг ойлгож байна. Өнгөрсөн хугацаанд Цагдаагийн ерөнхий газар, Дорноговь аймгийн Цагдаагийн хамтарсан ажлын хэсэг гарч, таныг охиныг эрэн хайх ажиллагааг явууллаа. Ямар нэгэн сэжүүр огт гараагүй гэж үү?
-Охин минь алга болоод хоёр сар хагасын хугацаа өнгөрлөө. Одоог хүртэл ямар ч ул мөр олдоогүй байна. Цагдаа нар хэргийн сэжүүр л хайдаг юм байна. Сүүлдээ тэд өөрсдөө ч гайхаж эхэлж байна. Өмнө нь хүүхэд алга болох тохиолдол цөөнгүй гарч байсан, тэр бүхэнд ямар нэгэн байдлаар сэжүүр олддог. Гэтэл энэ тохиолдол гайхашрал төрүүлж байна гэж байсан. Хотоос очсон цагдаа нар бүгд оны өмнөхөн буцсан. Одоо Замын-Үүд сумын цагдаа нар охиныг минь хайх ажлыг үргэлжлүүлж байгаа. Хотоос томилогдсон цагдаа нар арав, арваннэгдүгээр сард бүтэн ажилласан. Замын-Үүд сумын айл болгоноор орсон. Машин шүргэж, мөргөөд замын хажууд орхисон байж болзошгүй гэж үзээд, Замын-Үүд сумаас Сайншанд орох замын хоёр талыг бүхэлд нь самнасан. Би хувиараа Дорноговь аймгийн Сайншанд, Өргөн, Улаан-Уул сумын төвөөр явж хайсан. Энэ хугацаанд харамсалтай нь ямар ч сураг гарсангүй.
-Замын-Үүд сумын иргэдээс тайлбар, мэдүүлэг авсан гэсэн. Ямар хүмүүстэй голчлон уулзсан бол?
-Хэн хэнээс, хэдэн удаа мэдүүлэг авсан талаар бол цагдаагийнхан мөрдөн байцаалтын нууц гээд хэлээгүй. Охин маань арваннэгдүгээр сарын 2-ны өдөр алга болсон. Тэр өдрийн 12.00 цаг өнгөрч байх үед хашаанаасаа гараад явж байхыг нь нэг гудамжинд байдаг айлын хүн харсан байгаа юм. Гудамжны үзүүрт сургууль руу явдаг автобусны буудал байдаг. Мөн тэнд зогсож байхыг нь харсан хүн байгаа. Уг нь Замын-Үүд хөл хөдөлгөөн ихтэй газар. Гэтэл миний охиныг үзэж харсан өөр хүн энэ хоёр гэрчээс өөр олдоогүй. Хичээлийн цагаар гудамжинд хүмүүс хэр олон байдгийг судлахаар цагдаа нар өөрсдөө явж үзсэн. Хөл хөдөлгөөн их. Өглөөний анги тарлаа, зөрөөд үдээс хойш хичээллэх анги нь орж байдаг. Тийм үед сургууль руугаа явж байсан хүүхэд өөр хүмүүстэй таараагүй байна гэхээр гайхаад барахгүй юм. Нутгийн ард түмэн харсан, үзсэнээ хэлбэл цагдаад байнга дуудагдах байх гэж төвөгшөөж байж магадгүй ээ. Хоёрхон хүн л охиныг харсан талаараа мэдээлэл өгсөн.
-Та тэр өдрийн 18.00 цагт охиноо алга болсон талаар сумынхаа цагдаад мэдэгдсэн байсан. Яг тэр өдөр Д.Сэржмядагийн гэрээсээ гараад явсан мөрийг тогтоож, олсон юм болов уу?
-Нөхөр бид хоёр охиноо алга болдог өдөр Сайншанд явсан байсныг би хэвлэл мэдээллийн, цагдаагийн байгууллагад мэдээлж байсан даа. Замын-Үүдэд буцаж ирээд, охиноо алга болсныг мэдсэн даруйдаа цагдаад хандсан. Сумын цагдаа нар бол эхлээд мөр хайгаагүй. Бүгд л бужигначихсан. Тэгээд хамаг мөр алдагдсан. Тухайн үед миний охиныг хайж байсан нутгийн иргэд, цагдаа нарын сэтгэл нь сайхан юм даа. Тэр үед мөр мөшгих тухай бодохтой манатай байсан байх. Магадгүй, тэр үед хэрэгтэн эсвэл хэрэгтэнтэй холбоотой хүн тэр хавиар яваад, эрлийн ажиллагаа хаагуур хийгдэж байна, цагдаа нар ямар хэсгийг самнаж байна гэдгийг мэдээд байсан ч байж ч болох шүү дээ. Ингэж хүртэл бодож үзсэн. Юм юм л бодогддог юм байна. Охин алга болсон эхний гурван хоногт Замын-Үүд сумынхан машинтайгаа нааш, цааш маш их холхисон. Тэгсээр дүүгийнхээ мөрийг харж, хайсан эгчийнхнь мөр ч алга болсон. Улаанбаатараас цагдаа нар ирээд хэлж байсан ''Яагаад эхлээд алга болсон Д.Сэржмядагийн мөрийг шалгасангүй вэ, яагаад огцом ийм самналт хийв'' гэдгийг.
-Охин ээж рүүгээ хамгийн сүүлд залгахад нь таны утасны цэнэг дуусаад, унтарсан байсан гэсэн. Утасны оператор компанитай нь холбогдож, мэдээлэл авсан уу?
-Тухайн үед миний охин Мобикомын дугаартай утастай явж байсан. Ээж рүүгээ 12.21 цагт залгасан. Би яг тэр үед Өргөн суманд явж таарсан юм. Миний утас цэнэг нь дуусч, унтарсан. Гэхдээ тэр дор нь эргүүлээд аавынх нь утаснаас охин руугаа залгахад ''Холбогдох боломжгүй'' болчихсон. Охиныг алга болсноос хойш гурав дахь өдөр нь Замын-Үүд сумын цагдаа нар ''Утас хамгийн сүүлд хаана унтарсан байршлыг нь олох боломжтой юм байна'' гээд, “Мобиком” дээр хамт очиж уулзсан. Охиныхоо утасны дуудлага хийсэн жагсаалтыг харъя гэсэн боловч барьж байсан утасны дугаарыг нь заавал шинээр сэргээж байж, ярьсан дугааруудыг нь харах боломжтой гэсэн хариу өгсөн. Хэлснээр нь дугаарыг сэргээсэн боловч цагдаа нарын хэлснээр байршил энэ тэр тогтоож өгөөгүй. нарийн учрыг нь цагдаа нар мэдэх байх.
-Зам-Үүд сумын айл бүрийг нэгжсэн үү?
-Прокурорын зөвшөөрөлтэйгөөр айл бүрт орсон. Гэр, гадаах амбаар, байшин гээд бүгдийг нь нэгжих эрх цагдаа нарт байсан. Гэхдээ тэгээгүй. Зөвхөн айлуудын хаалгыг татаж, өнгөцхөн хараад гарч байсан. Миний охиныг алга болох үед Замын-Үүд суманд камер гэдэг зүйл бараг байгаагүй. Ганцхан хил л камертай. Ганц нэг дэлгүүр үүдэндээ камертай байна гэж байсан.
-Та болон таны нөхөр цагдаад хэдэн удаа байцаалт өгсөн бэ. Байцаалт авахдаа аппарат ашигласан гэсэн. Тэр нь ямар учиртай байсан юм бэ?
-Нөхөр, бид хоёрыг гурван ч удаа дуудаж, мэдүүлэг авсан. Мөн нөхрийн ах, түүний эхнэр гээд ах, дүү нарыг ч мөн байцаасан. Биднээс тайлбар авахдаа аппарат зүүлгэсэн. Тэр нь худал, үнэн ярьж байгаа эсэхийг шалгадаг хэрэгсэл гэсэн. Цахилгаанд залгадаг аппарат байсан. Хэргийн сэжүүрийг олохын тулд гэр бүлээс нь заавал мэдүүлэг, байцаалт авах хэрэгтэй гэж бидэнд тайлбарласан.
-Замын-Үүд сумын бүх газар, хилийн бүс, цаашлаад Эрээн хотод охиныг хайх ажиллагааг явуулсан. Хил дагуу суурин болохоор охиныг хилээр нууж гаргасан байж болзошгүй гэсэн таамаг байсан байх?
-Хамгийн түрүүнд тэгж л бодогддог юм билээ. Гэхдээ Эрээнд явуулсан эрэн хайх ажиллагааг хоёр нүдээр хараагүй болохоор итгэлгүй л байдаг. Охиноо алга болсноос хойш би эгчтэй нь хоёр ч удаа Эрээн рүү гарсан. Тэгэхэд хилийн бүс болоод БНХАУ-ын Эрээн хотын гудамжаар ямар зар харагдаагүй. Үнэхээр хилийн бүсийг нэг бүрчлэн шалгаж, эрэн хайх ажиллагааг тэр хэсгээр явуулсан юм бол ядаж эрэн сурвалжилж байгаа зар мэдээлэл баймаар юм, гэж зөндөө хайсан. Байгаагүй.
Хилийн боомтуудыг шалгаж байна гэж хэлсэн. Сайн мэдэхгүй байна. Замын-Үүдийн боомтоос гадна Сүхбаатар, Дорнодын боомтууд байна. Тэд нараар ч аваад гараад явчихсан юм билүү...
-Хүний эрхийг хамгаалах юм уу, хүүхдийн байгууллагынхны зүгээс та нартай холбогдсон уу?
-Үгүй ээ, тийм хүмүүс уулзаагүй.
-Зөнч мэргэн хүмүүс, бөө, зурхайч нарт хандаж, та тусламж хүссэн байсан. Итгэл үнэмшил төрөхөөр зүйл хэлсэн хүн бий юу?
-Олон хүнд хандсан. Өөрсдөө ч бидэн рүү утсаар ярьж, үзэж харсан зүйлсээсээ хэлж байсан. Охиныхоо сургийг гаргахын тулд бүх л арга, чаргаа барж байна. Үзэж харах чадалтай хүмүүсийн ихэнх нь ''Нутгийн зүүн хойд хэсэгт байна. Охин амьд байгаа'' гэж хэлсэн. ''Зүгээр ч нэг хүүхэд алга болсон хэрэг биш, хуулийнхантай ч холбоотой байж магадгүй. Тэд хилээр нууж гаргах гээд чадахгүй байх магадлалтай'' гэж хүртэл хэлсэн хүн бий.''Машинтай хүн шүргэж гэмтээгээд, охиныг нуусан'' гэж нэг хүн хэлсэн. Мэдэхгүй юм даа. Бид хоёрыг маш сайн судалж байгаад охиныг минь аваад явчихсан ч юм шиг бодогдох болсон. Байж болох бүх л таамгийг дэвшүүлж, бодож болох бүхнийг л бодож, шаналж, өдөр хоногийг өнгөрүүлж байна. Үнэхээр хэцүү байна /Уйлав/.
Тэрбээр хэсэг завсарлахыг хүсээд, яриагаа үргэлжлүүлэв.
-Өглөө болгон нарандаа сүү өргөж, орой нь долоон бурхандаа залбирдаг. Цагаа тулахаар миний чадах зүйл энэ л болж байна. Машины чимээ гарч, хашааны хаалга дуугарах бүрт горьдоод, гүйж гараад харах юм. Охиноо бодож, зүүдэлж хоноогүй нэг ч өдөр байсангүй. Нойр ч хүрэхээ больсон. Жаахан дуг хийвэл охиноо зүүдлээд сэрчихдэг. Манайх дөрвөн хүүхэдтэй. Д.Сэржмядаг хоёр эгчтэй, эрэгтэй дүүтэй. Хамгийн том охин маань айлын бэр болоод, тусдаа гарсан. Хоёр дахь охиныг маань Д.Ариунзаяа гэдэг. /Хамт яваа охиноо заав/. Охин, хүү хоёртойгоо хотод ирсэн.
-Та одоо ажлаа хийж байгаа юу?
-Би сумынхаа нэг буудалд жижүүр хийдэг байсан юм. Охиноо алга болсон өдрөөс хойш ажилдаа яваагүй. Гарсан. Нөхөр оны дараахан ажилдаа орсон. Төмөр замд ажилладаг юм. Нөхөр маань ажлаа хийхгүй гэхээр болохгүй юм. Банкны зээлтэй болохоор нэг нь ажил төрөлтэй байж байхгүй бол... Дунд эгч нь сэтгэл санааны цочролд ороод, хичээлдээ явж чадахгүй нилээд удсан.
-Та Улаанбаатарт хэр удах вэ? Охиноо хайхтай холбоотой ажлаар л зорьж ирсэн үү?
-Өнгөрсөн лхагва гаригт ирсэн /2018.01.17/. Эгч нь охиноо л хайж яваа. Хэд хонохоо мэдэхгүй байна. Цагдаагийнхантай уулзах ажилтай. Бас н.Санхүү гэж сайн мэргэч байдаг гэж дуулаад, тэр хүнтэй уулзъя гэж бодоод, зорьж ирсэн юм. Ирснээсээ хойш цаг авч уулзах гэж дугаарлаад, орж чадаагүй л явж байна. Үзэж харахад нь хэрэг болох болов уу гээд охиныхоо зураг, хичээлийн дэвтэр, уншдаг ном, өмсдөг хувцаснаас нь аваад явж байна. Эгч нь зүгээр хүлээж суухаар гээд өнөөдөр /Өчигдөр/ болсон Ерөнхийлөгч Х.Баттулгын иргэдтэй хийж байгаа уулзалт дээр хүртэл очиж үзлээ. Ямар ч байсан үгээ хэлсэн. Гэхдээ сандраад, олигтой юм хэлж чадсангүй. Эрлийн ажиллагааны талаар нарийн мэдээлэлгүй байна лээ. Цагдаагийн ерөнхий газраас томилогдсон ажлын хэсгийнхнээс асууя. Хүүхдүүд алга болсон нь эцэг, эхчүүдийн анхаарал сул байгаатай холбоотой гэсэн зүйлс хэлсэн.
Тагнуулын ерөнхий газар, Үндэсний аюулгүй байдал, Хил хамгаалах ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, дээр нь үүрэн телефоны компаниуд хоорондоо уялдаа холбоотой ажиллаж чадвал охины минь сургийг гаргаад өгчих юм шиг санагддаг.Ганцхан цагдаагийн байгууллага л ажиллаж байна. Тагнуулынхан ядаж охины минь хамгийн сүүлд утсаар ярьсан байршлыг тогтоогоод өгчихөж болохгүй юм байхдаа гэж төдийгөөс өдийг хүртэл хүлээж байна. Сэтгэл гаргахгүй байгаа хэсэг байгууллага, хүмүүст би гомдолтой байгаа. Төрийн байгууллагууд хоорондоо яагаад ийм холбоогүй ажилладгийг гайхаж байна. Би Ерөнхийлөгчөөс үүнд анхаарч өгөөч гэж хүсэх гэж очсон. Санаа тавих үгүйг нь хэлж мэдэхгүй.
Д.Уламбаяр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ