“ДМЮ” клубийн 16 хүртэлх насны баг ФУАШТ-ий аварга боллоо

Монголын Хөлбөмбөгийн Холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг хөвгүүдийн ФУАШТ-ий 16 хүртэлх насныхны медалийн эзэд болон шилдгүүд өнөөдөр тодорлоо.

Хөвгүүдийн 16 хүртэлх насны ФУАШТ-ий хүрэл медалийг Л.Банзрагч дасгалжуулагчтай “Арвис” баг “Эрхэс”-ийг 3:4-өөр хожиж, өөрсдийн болгоод байсан. Тэгвэл аваргын алтан цомын төлөөх тоглолт “ДМЮ”, “Дэрэн” багуудын хооронд болоход “Дэрэн”-ээс Т.Дөлгөөн /9’, 13’/, Г.Бат-Оргил /20’/ нар гоол оруулан “ДМЮ”-ийн М.Анар өөрийн хаалгандаа гоол хийж, 0:4-өөр тэргүүлж байв. Гэсэн ч “ДМЮ”-ээс М.Тэмүүжин /27’, 28’/, У.Анхбаяр /23, 29’/ нар тус тус хоёр гоол оруулан үндсэн цаг 4-4-өөр тэнцэж, аваргыг торгуулийн цохилтоос тодруулах болсон.

Торгуулийн цохилт цохиход “ДМЮ” 4:3-аар хожиж, “ДМЮ” клубийн 16 хүртэлх насны баг анх удаа ФУАШТ-ий аварга хэмээх эрхэм хүндэт цолыг хүртлээ. Медалийн төлөөх тоглолтуудын дараа тэмцээний хаалтын үйл ажиллагаа болж, шилдгүүдийг тодруулахад шилдэг хаалгачаар Б.Чингүүн /ДМЮ/, тэгш тоглогчоор Д.Өнөбилэг /Эрхэс/, мэргэн буучаар Б.Намсрайдорж /Арвис/ нар тус тус шалгарлаа. МХБХ-ны 16 хүртэлх насныхны футзалын тэмцээн үүгээр дуусахгүй ба 01 сарын 26-аас 03 сарын 24-ий хооронд “Хөвгүүдийн 16 насны лиг” болно.

“Хөвгүүдийн 16 насны лиг”-т оролцох багууд:

  1. ДМЮ
  2. Дэрэн
  3. Арвис
  4. Эрхэс
  5. Хараацай
  6. Халиун-Од
  7. Улаанбаатар сити
  8. Сэлэнгэпресс
  9. Дархан-Уул аймаг
  10. Төв аймаг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ