Цаасан дээр байгуулсан газрын тосны үйлдвэр хэзээ босох вэ?
Сүүлийн долоо хоногт олон нийтийн сүлжээ болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэг сэдэв “гал авав”. Энэ бол шатахууны хомсдол. Нэг хэсэг хэдэн импортлогчдоо зүхэж, нөгөө хэсэг нь төрөө зүхэж бөөн юм боллоо. Энэ дундуур зарим нэг хүмүүс ОХУ-ын ''Роснефть'' компанийг Монгол Улсад оруулж ирэх битүүхэн санаагаа ч шургуулаад амжсаныг тодотгоё.
Бид, улстөрчид, намууд нэг сэдвийг яриад 25 дахь жилтэйгээ золгож байна. Шатахууны үнэ нэмэгдэх, хомсдол үүсэх бүрт л газрын тосны үйлдвэр барих боломжтой гэдгээ санадаг. Тиймдээ ч өнгөрсөн хугацаанд бид хоёр үйлдвэр барих шав тавих ёслол үйлджээ. Мэдээж, УИХ-ын дарга, гишүүд, Засгийн газрын гишүүд гээд бүхэл бүтэн дарга нарын фронт дагуулж очоод тууз хайчилж, үлгэр мэт сайхан зүйлс ярьж байсан нь хэвлэлийн хуудаснаа тодоос тод үлджээ. 25 жилийн дараа цаасан дээрх үйлдвэрүүдийн тоо, бид хэзээ газрын тосны үйлдвэртэй болох вэ гэх хариултгүй асуулт өнөөдөр ч тоогоо нэмсээр.
Монгол Улсад шатахуун импортлох зөвшөөрөлтэй 86 компани бий. 86 гэдэг бол өнөөдрийн нөхцөлд өрсөлдөөн бий болохуйц тоо.
Гэвч эдгээр компаниудаас хэд нь идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг, хамгийн сайн борлуулалт хийдэг эсэхийг энд ярих аа түр азная. Шатахууны үнэ нэмэгдэхэд хамгийн том буруутан нь импортлогчид болон төр. Төр нь үйлдвэрээ барьчихсан, импортлогчид нь зах зээлийн жамаараа явж ирсэн бол өнөөдөр бид хэнээсээ буруугаа хайж, нэгнээ буруутгахгүй суух байсан биз ээ. Монгол Улсын үе үеийн Засгийн газар ярьдаг цаасан дээрх газрын тос боловсруулах үйлдвэр амь орох сураг МАН-ын Засгийн газрын үед ч яригдаж эхлэв. Одоо ч мөн адил цаасан дээр боловсрогдож буй. Түүх сөхвөл, Монгол Улс анх 1993 онд газрын тос олборлоход БНХАУ-ыг “Петро Чайна Дачин Тамсаг” компанитай бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулж байв. Тэр үеэс хойш Дархан-Уул аймаг, Хэнтий аймгийн Бор-Өндөр гэх хэд хэдэн газар газрын тосны үйлдвэр барих шав тавин, тууз хайчилж байсан удаатай. 2000 оноос хойш улс төрийн намуудын мөрийн хөтөлбөрт тусгагдаж ирсэн газрын тос боловсруулах үйлдвэрийг МАН-ын 65 эрх барьж байх хугацаандаа амьлуулж чадах болов уу. Эсвэл өмнөх шигээ тууз хайчлаад, цаасан дээрх газрын тос боловсруулах үйлдвэртэйгээ үлдэх болов уу.
ТООН ХЭЛЭЭР
- 2011.10.24 Дархан-Уул аймгийн Хонгор сумын Ноён Хонгор уулын энгэрт жилдээ хоёр сая тонн газрын тос боловсруулах үйлдвэрийн шав тавьж байв. Үйлдвэрийг 2015 онд ашиглалтад оруулах байсан бөгөөд Япон улстай хамтарч барих байв. Энэ үед МАН Засгийн эрх барьж байв.
- 2015.05.17Монгол Улсын Засгийн газар БНЭУ-аас нэг тэрбум ам.долларын зээл авахаар болсон. Зээлийг 20 хүртэлх жилийн хугацаатай, жилийн 1.75 хувийн хүүтэй, үндсэн төлбөрөөс таван жил чөлөөлөгдөхөөр тохиролцов.
- 2016.02.14 Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд жилдээ 2,3 сая тонн түүхий газрын тос боловсруулах хүчин чадалтай үйлдвэр барих боломжтой гэж ярьж, танилцаж байв. Хөрөнгө оруулагч нь Монголын үндэсний компани оролцсон концерциум байгуулахаар төлөвлөж байсан.2012-2016 он АН Засгийн эрх барьж байв.
- 2017 он БНЭУ-ын буцалтгүй тусламжаар газрын тос боловсруулах үйлдвэр барих ажлыг талууд хэлэлцэж, 2018 онд ТЭЗҮ бэлэн болгоно гэв.
2018 ОН...
Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан газрын тос боловсруулах үйлдвэрийг дотоодын түүхий эдийг түшиглэн байгуулна гэж тусгасан. Монгол Улсыг газрын тосны бүтээгдэхүүнээр хангаж, газрын тосны болон нефть-химийн технологийн аж үйлдвэрийн суурийг бий болгоно гэдгээ тодотгожээ. Засгийн газрын түвшинд явж буй төсөл нь жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулж ЕВРО-4,5 стандартын шаардлага хангасан автобензин, 670 мянган тонн дизель түлш, 107 мянган тонн шингэрүүлсэн шатдаг хий, онгоцны түлш болон бусад дагалдах бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх гэнэ. Үйлдвэр ашиглалтад орсноор жил бүр улсын төсөвт 150 сая ам.доллар төвлөрүүлж, 600 хүний ажлын байр бий болгох юм байна. Мөн газрын тосны боловсруулах үйлдвэрийг дагаж будаг, резинэн эдлэл, хуванцар, автомашины дугуй, химийн цэвэрлэгээний материал, үнэртэн, гоо сайхан, эм зэрэг 30 гаруй нэр төрлийн жижиг үйлдвэр байгуулагдах боломжтой гэсэн тооцоог гаргажээ.
У.Хүрэлсүхийн Засгийн газрын цаасан дээр төсөл боловсруулагдаж байна. Харин үүнийг хөрсөн дээр буулгах эсэх нь энэ Засгийн газар хэрхэн ажиллахаас хамаарна. МАН эрх барих хугацаандаа газрын тос боловсруулах үйлдвэр барьж чадвал түүхэндээ том гавъяатай үлдэнэ. Сүүлийн 25 жил мөсөн чихэр хүлхүүлж буй Засгийн газрынхан шиг цаасан үйлдвэр битгий бариасай. Эцэст нь, Мэдээж газрын тосны үйлдвэр барихад стратегийн асуудал бий. Тэр асуудлыг Засгийн газарт үлдээе.
Ш.Оюунчимэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ