Чөлөөт бөхийн тамирчдаас допингийн шинжилгээ авчээ
Орхон аймгийн “Хангарьд” спортын ордонд нэгдүгээр сарын 11-14-ний өдрүүдэд чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн болсон билээ. Энэхүү тэмцээнд 25 байгууллагын 300 гаруй тамирчид өрсөлдсөн юм. Тэмцээний үеэр тамирчдаас допингийн сорил дээжийг авсан байна.
Өнгөрсөн оноос эхлэн спортыг дэмжих сангийн санхүүжилтээр буюу төрийн дэмжлэгтэйгээр анх удаа “Допингийн эсрэг үндэсний хяналт” төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэхүү төслийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газар болон Допингийн эсрэг үндэсний төв, Төрийн бус байгууллагатай хамтран хийж байгаа аж. Энэ хугацаанд тамирчдаас тэмцээний болон тэмцээний бус үеийн допингийн дээжийг авчээ. Энэхүү төсөл энэ онд дахин үргэлжилж байгаа юм байна.
“Допингийн эсрэг үндэсний хяналт” төслийн хүрээнд 2017 онд спортын 17 төрлөөр 200 тамирчдаас допингийн дээжийг авчээ. Мөн үндэсний бөхийн 35 тамирчнаас барилдааны үед дээж авсан байна. Тамирчдаас авсан допингийн сорил дээжийг БНСУ-ын шинжлэх ухаан, технологийн хүрээлэнгийн баталгаат лабораторид явуулжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ