Ерөнхийлөгч Самбо бөхийн 2018 оны УАШТ-ий нээлтэд оролцлоо
Монгол Улсад самбо бөхийн спорт үүсч, хөгжсөний 50 жилийн ой энэ онд тохиож, насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн 49 дэх жилдээ болж байна. Өнөөдөр болсон тэмцээний нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож, тамирчдад амжилт хүслээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Жүдо бөхийн холбооны Ерөнхийлөгч, Самбо бөхийн дэлхийн аварга Х.Баттулга самбо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг нээж хэлсэн үгэндээ:
“Самбо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээнд хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчид, тамирчин, шүүгч Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Монгол Улсад самбо бөх хөгжөөд 50 жил болжээ. Энэ бол спортынхоо түүхэнд урт хугацаа. Энэ удаагийн 49 дэх удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээн өндөр хэмжээнд зохион байгуулагдаж байгаад баяртай байна.
Самбо бөх их онцлогтой, Монгол Улсад анх удаа олон хүнийг хамруулсан шигшээ баг байгуулагдаж байсан. Мөн 1973 онд Ираны нийслэл Тегеран хотод Монголоос анхны Дэлхийн аварга цолыг Ш.Чанрав багш маань хүртэж байсан түүхэн анхдагч нартай юм. Тиймээс ахмад тамирчин, анхдагч нартаа баяр хүргэе.
Энэхүү тэмцээнд хүрэлцэн ирсэн “Дэлхийн самбо бөхийн холбоо”-ны төлөөлөгчдөд мөн баяр хүргэе. Энэ тэмцээнийг үзэн суугаа Бүгд Найрамдах Беларусь улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Станислав Чепурной, мөн 1980-аад онд хуучнаар Зөвлөлт Холбоот улс байхад маш хүчтэй самбо бөхийн багтай байсан тэдний төлөөлөгч, миний найз Япринцев Владимир Геннадьевич хүрэлцэн ирсэнд талархаж байна.
Энэ спорт залуучуудад, хүүхдүүдэд бие бялдрын, оюун санааны, сэтгэлзүйн маш их хүмүүжил өгөхөөс гадна бэрхшээлийг даван туулахад их нэмэр болдог спорт юм. Би самбо бөх Монгол оронд өндөр хөгжиж байсан 1980-1990 оны үед энэ спортоор хичээллэж байснаараа, чадварлаг багш нараар дасгалжсандаа, эдгээр шигшээ багийн тамирчидтай хамт байснаараа бахархаж явдаг.
Өнөөдрийн тэмцээн маш сайхан болж байна. Зах зээлийн ороо, бусгаа үед самбо бөхийн спорт, зохион байгуулалт муудаж байсан ч өнөөдрийнх шиг эрч хүчээр цааш, цаашдын улсын аварга, олон улс, дэлхийн болон энэ онд зохиогдох Азийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд амжилт гаргаарай гэж хүсье. Тэмцээнийг зохион байгуулж байгаа холбооны дэд ерөнхийлөгч нар, тэмцээнд оролцож байгаа бүрэлдэхүүнд дахин баяр хүргэе. Тэмцээн амжилттай болно гэдэгт итгэлтэй байна” гэв.
Өнөөдрийг хүртэл самбо бөхийн дэлхийн аварга 37 төрсний нэг нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бөгөөд тэрээр 1983 онд Украины Киев хотод зохион байгуулагдсан Самбо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, түрүүлсэн юм. Мөн 1986 болон 1990 онд Самбо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байсан юм. Энэ төрлөөс 37 дэлхийн аварга төрсөн нь Монгол Улсад хөгжиж байгаа спортын бүх төрлөөс хамгийн өндөр үзүүлэлт бөгөөд 52 тамирчин, дасгалжуулагч энэ спортоос гавьяат цол хүртэж байжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ