"Хууль ярьсан" дээрэмчин

-'Эрдэнэт”-ийг дээрэмдэж “Оюутолгой”-г булааж, Тавантолгойг гацааж, таван хошуу малаа нийгэмчлээд эргээд социализм байгуулбал яасан юм бэ-

Шинэ оны ажлын эхний өдөр ТУЗ-ийн хурлаа хийж, төлөвлөгөөгөө ярилцсан “Эрдэнэт” үйлдвэрийн өмчлөлийн асуудал ганцхан өдрийн дотор орвонгоороо эргэв. Шүүхийн шийдвэрийн дагуу ажилдаа орсон “Эрдэнэт”-ийн 49 хувийнхан Засгийн газрын шийдвэрээр өмчөө дээрэмдүүлэхээр боллоо. Ингээд долоон өдрийн дотор өрнөсөн “Эрдэнэт” болон 'Оюутолгойг' тойрсон үйл явдлын товчооныг эхлээд зураглая.

2018.01.04. “Эрдэнэт”-ийг зуун хувь төрд авах болсныг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Хуульзүй дотоод хэргийн сайд Ц.Нямдоржтойгоо хамт зарлав.

2018.01.05. “Эрдэнэт”-ийн 49 хувийг эзэмшигч “Монголын зэс”-ийн удирдлагууд мэдээлэл хийж, Засгийн газар Улсын дээд шүүхээс давсан шийдвэр гаргасныг эсэргүүцэв.

2018.01.10. ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар “Эрдэнэт” үйлдвэрийг хувьцаат компани болгож, тодорхой хувийг иргэдэд эзэмшүүлэхээр болсныг мэдээлэв.

2018.01.10. АН-ын дарга С.Эрдэнэ мэдээлэл хийхдээ “Эрдэнэт”-ийн 51 хувийг хаана байгааг сураглав.

Энэ үймээн дундуур Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Д.Загджав Оюутолгойн үйл ажиллагааг зогсоох ёстой гэсэн байр суурийг илэрхийлэв. Түүний үг хувь хүн гэхээсээ Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон шинэ засгийн байр суурь болж сонсогдох нь лав. Ингээд “Эрдэнэт”-ийг дээрэмдсэн төр дахиад Оюутолгойг булаах уу гэсэн асуулт У.Хүрэлсүхийн засгаас хариу нэхэж байна.

Ийнхүү зуун хоногоо угтсан шинэ засгийн сайдуудын дараалсан мэдэгдлүүд гадаад ертөнцөд Монголыг муу дээрээ муу, муухай дээрээ дээрэмчин болгон харагдуулав. Ингээд л Монголд орж ирэх гадаадын хөрөнгө оруулалт “будаа”. Хутга барьсан дээрэмчнээс“хууль ярьсан” дээрэмчин илүү хортой гэж энэ.

Ердөө хоёр жилийн өмнө “Эрдэнэт” нь Орос, Монголын хамтарсан үйлдвэр байлаа. Харин өнөөдөр “Эрдэнэт” яг хэний өмч, ямар өмчлөлтэй үйлдвэр вэ гэдгийг нь хэн ч мэдэхгүй холион бантан болжээ.

Улсын дээд шүүхийн шийдвэрээр бол 51 хувь нь Монголын Засгийн газрын, 49 хувь нь “Монгол зэс”-ийнх. Засгийн газрын шийдвэрээр бол 100 хувь төрийн өмчит үйлдвэр бол Г.Занданшатарын хэлсэн үнэ бол гурван сая хүний хувьцаат компани. Эндээс харвал “өөх ч биш булчирхай ч” биш болсон “Эрдэнэт”-ийг эзэнгүйдүүлэх нь хэнд ашигтай вэ гэж. Манай төрийн мангаад шүү дээ.

Ямартай ч төсвийн дийлэнхийг бүрдүүлдэг зэс үйлдвэрлэгч хоёр том компанийг тойрсон Монголын улс төр Монголд хөрөнгө оруулж огт болохгүй шүү гэсэн сигналыг олон улсад өгч байна.Олигтой орлогогүй хэрнээ үргэлж хоорондоо зодолддог, өртэй, ширтэй, худалч, хулгайчаараа дүүрсэн айлд хэн итгэх вэ дээ. Нэг засгийн бодлогоо нөгөө засаг нь үгүйсгэж, нэг сайдынхаа хийсэн ажлыг нөгөө сайд нь зогсоодог нь хэвийнүзэгдэл болсон. Гэтэл одоо гэгээн цагаан өдрөөр хүний хоттой хонь руу дайрдаг, хуулиар айлгасан дээрэмчидтэй болжээ. 'Хууль ярьсан' гэдгийг нь хашилтад хийх хэрэгтэй болов уу.

Сүүлийн дөрвөн жил шинэ хөрөнгө оруулалт Монголд нэг ч орж ирээгүй, дээр нь байсан хэд нь үргээд гарчихсан, ядахад гадаад өрийн тааз нь нурж ойчихоо дөхсөн, өрийг өрөөр, зээлийг зээлээр гэж арга ядаж байж “Рио-Тинто”-г хөөж, Оюутолгойг зогсоовол ОУВС-гийн супер хөтөлбөр ч монголчуудыг аварч чадахгүй.

Эс бөгөөс “Эрдэнэт”-ийг дээрэмдэж “Оюутолгой”-г булааж, Тавантолгойг гацааж, таван хошуу малаа нийгэмчлээд эргээд социализм байгуулбал яасан юм бэ, ингэхэд.

Ж.Нямсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ