Г.Хүрэлбаатар: Талийгаач залуу өөрөө хайч залгичихсан байхыг ч үгүйсгэхгүй

Эмч нарын хариуцлагагүй байдлаас болж 13 жилийн турш хэвлийдээ мэс заслын хайч тээж явсан Т.Амгаланбаатар өнгөрсөн оны аравдугаар сарын 15-нд амиа алджээ. Тэрбээр 2004 онд Дорнод аймгийн бүсийн оношилгоо, эрүүл мэндийн төвд түгжрэлд орсон гэх оноштой хэвтэн эмчлүүлжээ. Улмаар яаралтай мэс засалд орсон бөгөөд харамсалтай нь эмч нар нь мэс заслын хайчаа гэдэс дотор нь мартаад оёчихсон байна.

Тэрбээр энэ хугацаанд бие нь байнга өвдөж, байнгын зовиуртай амьдарч байжээ. Улмаар мэс заслаас 13 жилийн дараа буюу өнгөрсөн есдүгээр сард томографикийн зураг авахуулахад хэвлийд мэс заслын хайч байгаа нь тодорхой болсон байна. Ингээд яаралтай хагалгаанд орж хайчаа авахуулсан ч их хэмжээний цус алдаж амиа алдсан байна. Энэ хэргийг өдгөө Дорнод аймгийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Энэ талаар талийгаачийн эхнэрийн дүү болох Т.Болорсолонготой утсаар холбогдлоо. Тэрбээр Дорнод аймагт амьдардаг юм байна.

Т.БОЛОРСОЛОНГО: ХАГАЛГАА УДИРДСАН ЭМЧ НЬ САЯХАН ХҮНИЙ
ГАВЬЯАТ ЭМЧ БОЛСОН

-Талийгаач гэдсэндээ хайч байгааг 13 жилийн дараа яаж мэдсэн бэ?

-Өнгөрсөн жил бие ньтааруу, ажил төрөл ч хийж чадахгүй аймгийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхдаа асрагч эмэгтэй буруугаас болж ах маань шатаар унаж бие нь бүр муудсан. Ингээд Улаанбаатар хотод ирж нэгдүгээр эмнэлэгт томографикийн шинжилгээ хийлгэхээр болсон юм билээ. Зураг авахуулахаар орон дээр нь хэвттэл үзлэг хийж байсан эмч нь “Наад хүний чинь доор хайч байна. Тэр хайчийг ав” гэж эгчид хэлсэн байгаа юм. Орон дээр нь хайч байгаа юм байх гэж бодоод ах босоод хартал ямар ч хайж байгаагүй. Ингээд дахиад лавшруулаад хартал хэвлийн хэсэг нурууг нь дагаад босоо байрлалтай мэс заслын үзүүртэй хайч байсан гэсэн. Ингэж л 13 жилийн дараа эмч нарын хариуцлагагүйгээс болж гэдсэндээ хайч тээгээд зовж шаналж явснаа мэдсэн. Ах маань ямар олон жил өвчиндөө тарчилж, нойргүй хоносныг хэлэхэд хэцүү байна.

-Анх ямар өвчнөөр эмнэлэгт хэвтэж хагалгаанд орсон юм бэ?

-Талийгаач ах манай эгчийг хоёр хүүхэдтэй байхад нь анх нийлсэн. Тэр үедээ өнөөх хагалгаандаа орчихсон байсан үе юм билээ. Тухайн үедээ бидэнд “2004 онд гэдэсний түгжрэл болоод аймгийн эмнэлэгт хагалгаа хийлгэсэн. Тэр хагалгаанаас хойш бие дээрдэхээ больж, байнга бие нь өвддөг болсон” гэж ярьж байсан. Ингээд бие нь байнга өвддөг, шинжилгээ хийлгэхээр бүх зүйл нь зүгээр байна гэж гараад байдаг. Гэтэл байнга цустай өтгөн гардаг, суулгадаг, хэвлийгэр нь маш хүчтэй өвддөг, халуурдаг байсан.

-Талийгаачийн эхнэр хүүхдүүд ямархуу байдалтай байна вэ?

-Манай эгч талийгаачтай хоёр хүүхэдтэй байхдаа суусан. Ингээд дахиад дөрвөн хүүхэд гаргасан. Хүүхдүүд нь 2-8 настай. Эмч нарын буруутай үйлдлээс болоод зургаан хүүхэд өнчирлөө. Амьдрал нь маш хүнд байгаа. Хүргэн ах маань энэ хугацаанд харуул хийж цөөн хэдэн төгрөг олдог байсан. Түүнийгээ эм тариандаа зарцуулаад дуусдаг байсан. Өөрийн гэсэн орон гэргүй явсаар амиа алдсан. Одоо ард нь үлдсэн эхнэр хүүхдүүд нь яаж амьдрахыг мэдэхгүй байна. Манаач хийж байсан газрынхаа байшингийн буланд олуулаа чихэлдэж амьдардаг байсан. Одоо ах бурхан болчихсон болохоор эгчийг маань тэндээс хөөвөл толгой хоргодох газаргүй болно. Том хүүхэд нь төрөлхийн саажилттай, одоо байнга хэвтрийн дэглэм сахидаг.

-Ямар эмч нар хагалгаа хийсэн байдаг юм бэ?

-Дорнод аймгийн мэс заслын их эмч Г.Хүрэлбаатар нарын баг түүнд мэс засал хийсэн байдаг юм билээ. Тэр эмч нар одоо хүртэл аймагтаа амьдарч, ажиллаж байгаа гэсэн. Г.Хүрэлбаатар эмч сая шинэ оны босгон дээр хүний гавьяат эмч болж Монгол Улсын Ерөнхийлөгчөөс шагнал авсныг зурагтаар харсан. Гэтэл ах маань олон жил бие болон сэтгэл санааны маш их дарамттай байж байгаад өнгөрснийг нь мэддэг болохоор бүр үнэхээр гомдолтой санагддаг.

-Та бүхэн цагдаагийн байгууллагад хандаж гомдол гаргасан уу?

-Гаргасан. Дорнод аймгийн цагдаагийн газарт эрүүгийн хэрэг үүсгэсэн. Гэм буруутай эмч нар хариуцлага тооцох байх гэж найдаж байна.

Бид 2004 онд Дорнод аймгийн бүсийн оношилгооны төвд талийгаач Т.Амгаланбаатарт хагалгаа хийсэн багийг удирдсан эмч Г.Хүрэлбаатартай утсаар холбогдож дараах зүйлсийг тодрууллаа. Тэрбээр өдгөө Дорнод аймгийн БОЭТ-ийн мэс заслын их эмчээрээ ажилласаар байгаа юм билээ.

-Т.Амгаланбаатар гэж хүн 13 жилийн турш гэдсэндээ мэс заслын хайчтай байснаа мэдэхгүй зовж шаналж, эцэстээ амиа алдсан юм байна. Учир нь 13 жилийн өмнө хагалгаа хийлгэх үед эмч нар гэдсэнд нь хайчаа үлдээгээд оёчихсон гэдгийг ар гэрийнхэн нь ярьж байна. Таныг тэр хагалгааг удирдсан их эмч гэж сонслоо.Энэ үнэн үү?

-2004 онд тийм хагалгаа орсон юм. Бүтэн 13 жил болсон. Миний санаж байгаагаар маш хүнд хүн байсан. Манай эмнэлэгт хоёр гурван сар хэвтсэн санагдаж байна. Үхэхийн даваан дээр боссон хүн.

-Тухайн үед та хагалгааг удирсан гэж үнэн үү?

-Тийм ээ. Сувилагч нартай хамт орсон байдаг.

-Энэ хүний ар гэрийнхэнтэй та уулзсан зүйл байдаг уу?

-Уулзаагүй. Би тэр залууг амиа алдсаныг сонсоод сүүлд хайчийг нь авах гэж хагалгаа хийсэн нэгдүгээр эмнэлгийн эмч нараас асуусан. Хамгийн гол нь эмч нар тэр хайчийг мартаж үлдээгээд оёсон бол гэдэснийх нь гадна талд байх ёстой л доо. Гэтэл нэгдүгээр эмнэлгийн эмч нар хагалгаа хийхэд тэр хайч нарийн гэдсэн дотроо байсан юм билээ.

-Энэ хүн Дорнод аймагт 2004 онд хагалгаанд орсноос хойш дахиж хагалгаа хийлгээгүй байсан юм билээ. Тэгэхээр тэр хайчийг танай эмч сувилагчид лмартсан болж таарах гээд байна шүү дээ?

-Өөр янз бүрийн шалтгаантай байж бас болно шүү дээ. Би тэр хүний талаар сайн судлаагүй. Зарим хүмүүс зүү, хадаас, перетка залгих тохиолдол гардаг.

-Тэгэхээр та талийгаачийг мэс заслын хайч залгисан гэж хэлэх гээд байна уу. Хүн залгиж болохоор тийм жижигхэн зүйл байдаг юм уу?

-Залгихаар бол залгина л даа.

-Тэгэхээр та хагалгаа хийж байхдаа хайч үлдээж оёсон гэдгийг үгүйсгэж байна гэсэн үг үү?

-Үгүйсгэсэн ч зүйл алга. Хууль хяналтынхан шалгаж тогтооно биз дээ.

-Талийгаачийн эхнэрийн дүү ярихдаа энэ хэрэгт Дорнод аймгийн цагдаагийн газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэсэн. Таныг цагдаагаас дуудсан зүйл байна уу?

-Одоогоор дуудсан зүйл алга. Шалгавал шалгана биз дээ. Бодвол өвчний түүх, бүх зүйл нь байгаа байлгүй дээ.

Б.Бурмаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ