П.Цагаан: “Халх-ойрадын цаазын бичиг” бол Монголын хуульзүйн сонгодог дурсгал

Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийн босгон дээр “Халх-Ойрадын цаазын бичиг” хэмээх нэгэн шинэ ном олон түмний хүртээл боллоо. Уг номыг эрхлэн хэвлүүлсэн хуульч П.Цагаантай номын талаар ярилцлаа.

-Та “Халх-Ойрадын цаазын бичиг” хэмээх шинэ номыг эрхлэн хэвлүүлжээ. Энэхүү эрх зүйн түүхэн баримтыг хэвлүүлэх болсон санаа зорилгыг тань сонирхож байна?

-“Халх-Ойрадын цаазын бичиг” бол монголчуудын эв найрын нэгэн зүйл бэлгэдэл болсон тухайн цаг үеийн улс төр, хууль цааз, нийгмийн маш чухал түүхэн эх сурвалж юм. Тэр цагт Халх, Ойрад түмний хооронд эв эеэ эрхэмлэж, нэгэн удам угсаатан, нэгэн язгуурын монголчууд болохын хувьд хууль зүй, эрүүгийн эрх зүйн нийтлэг нэгдмэл байдалтай байх нь түүхэн шаардлага байсан юм.

Өмнө зүгт өндийж буй аюул заналыг гагцхүү арга ухаан, эрдэм чадлаар давах ёстой гэж итгэж нэгдсэн өвөг дээдэс: төр, шашны зүтгэлтнүүдийн үйлсийг бид цагийн цагт мартах ёсгүй. Энэ хууль цаазын бичиг бол монголчууд эрт дээр үеэс нийгмийн олон салбарын харилцааг зохицуулсан бичмэл хуультай, түүнийгээ ягштал мөрдөж ирсний нотолгоо болно. Тиймийн учир бид уг номын судалгааг нарийвчлан үргэлжлүүлж Үндсэн хуулийнхаа өдөр өргөн түмэндээ толилуулж байна.

-Та “Цаазын бичиг” номын утга агуулга, үнэ цэнийн талаар уншигчдад тайлбарлах уу?

-“Халх-Ойрадын цаазын бичиг” бол зөвхөн хууль цаазын дурсгалт бичиг төдийгүй нийт монголчуудын дундад зууны нийгмийн харилцаа, тухайн үеийн монголчуудын аж төрлийг судлахад онц чухал түүхэн эх сурвалж болно. “XVII зууны дунд үеийн монголчуудын нийгмийн тогтолцоо ямаршуухан өнгө төрхтэй байсан, түүнийг хууль цаазаар хэрхэн зохицуулж байсан, байгаль хамгааллын асуудлыг хэрхэн үзэж байсан бэ” зэрэг өнөөдөр ч утга чанараа алдаагүй байгаа асуудлыг энэхүү “Цаазын бичиг”-т хуулийн зүйл ангиар дамжуулан тодорхой тэмдэглэсэн байдаг.

“Цаазын бичиг”-ийн эрүүгийн агуулгад ард иргэдийн шашин шүтэх эрхийн асуудлыг өргөн хэмжээгээр тусгасан байна. Мөн улаа өртөө залгуулах, ураг төрөл болох, инж буулгах, өгөлцөж авалцах, ан гөрөө хийх, өмчийн харилцаа, нийгмийн халамж, байгалийн гамшиг, мэдээлэл дамжуулах зэрэг нийгмийн харилцааны бүхий л талыг тусгасан байна.

Манай өвөг дээдэс тухайн үед байсан бусад улс орон бүрийг өөрийн үгээр нэрлэж дуудаж байсан нь ч сонин бөгөөд гайхам сайхан хэрэг юм. Уг баримт Монгол их үндэстэн гэдгийн улбаа, нотолгоог энэ мэтээр хүүрнэн өгүүлэх болно. Түүх- гурван цагийн хэлхээнд мөнх оршдог учир бид түүнээс үргэлж суралцаж байх учиртай.

-Тус номын эх сурвалж, судалгааны талаар нэмж юу хэлэх вэ?

-Тод үсгээр торгууд аман аялгуугаар тэмдэглэсэн “Халх-Ойрадын цаазын бичиг”-ийн хуулбар эх 1771 онд Ижил мөрнөөс эргэн нүүж ирсэн торгууд айлын авдраас олдсон байдаг. Эрдэмтэд энэхүү эхийг тайлбарлаж, хэд хэдэн эхийг харьцуулан, тайлбар зүүлтийн хамт хэвлүүлсэн нь буй.

Нэгэнт тод үсгээр торгууд аман аялгуугаар тэмдэглэгдэн үлдсэн эхийг тайлан тайлбарлахдаа ташаарсан, уг үгийн үндсэн утгыг гажуудуулсан зүйл цөөнгүй байсныг орчуулагч Ц.Сүрэнжав -тус хэвлэлд нэмэн тодруулж, нэхэн засамжилж, торгууд аялгууны үгсийг оноож тайлсан юм.

Ц.Сүрэнжав гуай бол торгууд аман аялгуу, ахуй соёлоосоо хөндийрөөгүй нэгэн бөгөөд олон хэлийг нэвт сурсан онцгой авьяаслаг, туйлын хөдөлмөрч эрхэм болохыг баттай хэлэхийн сацуу хожуу ч гэлээ танилцаж, эрдэм номын талбарт хамтран ажиллах завшаан тохиосонд бэлгэшээж байна.

Г.Итгэл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ