Гүйлтийн цанын хоёр тамирчин олимпод оролцохоор боллоо
БНСУ-ын Пёнчан хотод өвлийн олимп нээлтээ хийхэд 36 хоногийн хугацаа үлдлээ. Өвлийн олимпийн хувьд цагаан хуудас болон нэмэлт эрхээр оролцох боломжгүй байдаг. Монгол улсын баг тамирчид гүйлтийн цана, тэшүүр болон биатлоны төрлүүдэд оролцох боломжтой.
Одоогоор гүйлтийн цанын тамирчин ОУХМ Б.Ачбадрах, Ч.Отгонцэцэг нарын тамирчид цагийн үзүүлэлтээр эрхийн болзол хангаж, олимпийн наадамд уралдана. Гэхдээ гүйлтийн цанаар дахин нэмэлт эрх авах боломжтой бөгөөд энэ сарын 22-д эцсийн байдлаар тамирчдын нэрс тодрох аж. Энэ талаар Монголын цанын холбооны нарийн бичгийн дарга Э.Очирсүрэнгээс тодруулахад “Өвлийн олимпийн тамирчдын хувьд шалгуур өндөр байдаг. Цагаан хуудас болон нэмэлт эрхээр оролцох боломжгүй. Үндэсний шигшээ багийн тамирчдаас хоёр тамирчин цагийн үзүүлэлтийг биелүүлж, эрхээ авсан байгаа. Цаначид 1-2 эрх авах боломжтой. Гэхдээ эцсийн байдлаар энэ сарын 22-д цанын тамирчдын нэрс бүрэн гарна.” гэв.
Тэшүүрийн тамирчид олимпийн эрх олгох тэмцээнүүдэд оролцсон ч хараахан цагийн болзол биелүүлж чадаагүй. Тэгвэл биатлоны шигшээ багийн тамирчид Европт зохиогдож буй цуврал тэмцээнүүдэд оролцож байгаа бөгөөд нэг эрх авах боломж байгаа аж.
Мөн пара цаначин Б.Ганболд эрхээ авсан бөгөөд түүний хувьд хоёр дахь өвлийн олимпод хүрч сорино.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ