Амласнаасаа эсрэг чигт явж буй МАН-ын мөрийн хөтөлбөр

-ШИНЭ ТАНХИМ ЗАСГИЙН ГАЗРЫН МӨРИЙН ХӨТӨЛБӨРТ ГАР ДҮРСЭНГҮЙ-

МАН 2016 оны улс төрийн сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулж, парламентад 65 суудалтай болсноор Засгийн газраа дангаараа байгуулсан билээ. Засгийн газраа эмхлэн байгуулсан даруйдаа МАН-ын 2016 онд дэвшүүлсэн сонгуулийн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажилд онцгойлон анхаарна гэдгээ мэдэгдэж байв. Ялсан намын мөрийн хөтөлбөр Засгийн газрын дөрвөн жилийн мөрийн хөтөлбөр болон хэрэгждэг жишгээр УИХ-аар батлуулсан.

Ингэснээр МАН-ын сонгуулийн амлалт Засгийн газрын ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөр болон биежсэн юм. Засгийн газрын мөрийн хөтөлбөр эдийн засгийн бодлого, нийгмийн бодлого, байгаль орчин ногоон хөгжлийн бодлого, засаглалын бодлого гэсэн дөрвөн үндсэн чиглэлтэй. УИХ-аар ногоон гэрлээр батлагдаж байсан /2016.09.09/ Засгийн газрын мөрийн хөтөлбөр хэрэгжиж эхлээд жил гаруй хугацаа өнгөрчээ.

Нэг жил гаруйн хугацаанд эрх баригч нам дотооддоо зөрчилдөж, Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг унагаж, шинээр танхимаа бүрдүүлсэн. Тухайн үед гадаад, дотоодын түншүүддээ эрх баригчид “Шинэ Засгийн газар манай намаас бүрдэх тул бодлого, үйл ажиллагааны төрийн хөтөлбөрт онцын өөрчлөлт орохгүй” гэж учирласан байдаг. Улмаар шинээр сонгогдсон Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Өмнөх Засгийн газрын бодлогыг үргэлжлүүлнэ” гэж мэдэгдсэнээр мөрийн хөтөлбөр хөдлөөгүй юм.

Бас нэг тодотгох зүйл нь, хөтөлбөрөө баталснаас хойш Монгол Улсын Засгийн газар ОУВС-тай түншилж, “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх шийдэлд хүрсэн. Ингэхдээ ОУВС-гаас тавьсан урьдач нөхцөлүүдийг биелүүлэх үүднээс мөрийн хөтөлбөрийнхөө хэд хэдэн чухал зорилтуудыг зөрчихөд хүрсэн юм. Өнөөдөр мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт ямар байгааг харвал, тэс өөр зүгт чиглэсэн асуудлууд нэлээд буйг тэмдэглүүштэй.

-БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ЧИГЛЭЛД ЯМАР ТОМ АЖЛУУД ТУСГАГДАВ-

-Тавантолгой-Гашуун сухайт”, “Хөөт-Бичигт” чиглэлийн төмөр зам барьж ашиглалтад оруулна.

-Тавантолгой-Гашуун сухайт” чиглэлийн төмөр замаас Оюутолгойн салбар төмөр зам, “Шивээ хүрэн-Сэхэ” чиглэлийн боомтын төмөр замыг барьж дуусгана.

-“Зүүнбаян-Ханги” чиглэлийн төмөр замын барилгын ажил эхлүүлнэ.

-Улаанбаатар төмөр замын техникийн шинэчлэлт хийж нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлж, “Богд Хан” төмөр замыг барьж байгуулах ажил эхлүүлнэ.

-“Эрдэнэт-Овоот” чиглэлийн төмөр замыг барьж байгуулах ажил эхлүүлнэ.

-Үндэсний болон олон улсын тээвэр, ложистикийн сүлжээг хөгжүүлж, “Хөшиг”-ийн хөндийд холимог тээвэр ложистикийн төв байгуулна.

-Шивээ-Овоо, Тэвшийн говь болон бусад нүүрсний ордыг түшиглэн экспортын зориулалттай том чадлын цахилгаан станц, тогтмол гүйдлийн цахилгаан дамжуулах шугам барих төсөл эхлүүлнэ.

-“Хүүхэд бүр цэцэрлэгт” хөтөлбөрийг хэрэгжүүлж, хот суурин газарт хүүхэд бүр цэцэрлэгт хамрагдах боломж бий болгоно.

МАН-ын дарга асан М.Энхболд 2016 оны улс төрийн сонгуулийг нээж хэлсэн үгэндээ “Манай мөрийн хөтөлбөр үг өгүүлбэр бүр нь үнэн бодитой, зорилго зорилт нь цэгцтэй, үр дүн нь өгөөжтэй, түмэн олны бодол сэтгэл шингэсэн тулхтай баримт бичиг болсон” хэмээн тодотгосон байдаг.

Нэгэнт парламентад олонхи болж, Засгийн газраа дангаараа бүрдүүлчихсэн хойно мөрийн хөтөлбөрөө хэнээр ч хязгаарлуулалгүй хэрэгжүүлэх бүрэн эрх эрх баригчдад бий. ОУВС-тай гэрээлэх замаар энэ чиглэлээсээ хазайхад хүрсэн гэж болох. Гэсэн хэдий ч бодит боломжуудаа ашиглах, өөрсдөөс шалтгаалах олон ажлын ард гарах зайлшгүй шаардлага байгаа юм.

Дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө эргэн эргэн санахгүй бол нэг л мэдэхэд 2020 оны сонгууль хаяанд ирчихнэ. Тэр цагт ард түмэндээ “ОУВС л биднийг ингэж шахсан” гэж хэлээд сууж байх нь хэр зохимжтой бол. Нөгөө талаас ирэх жилүүдэд Монгол Улсад гадны хөнгөлөлттэй зээлүүд нэлээд орж ирнэ. Тэдгээрээ зөв зарцуулж, том төслүүдээ хөдөлгөн, бүтээн байгуулалтын ажлуудаа эрчимжүүлэх зэрэг олон чухал ажлууд хүлээгдэж буйг тэмдэглүүштэй.

Ж.Мядагбадам

СЭТГЭГДЭЛ БИЧИХ