Т.Галсан: Саарал ордны сармагчингууд ард түмэнд сахилгагүйтэх, дураараа дургихын үлгэр дууриал үзүүлдэг бол?
Монгол Улсын Ардын Уран Зохиолч, туульч Өөлд Тангадын Галсантай хөөрөлдлөө.
-МОНГОЛД ХАМГИЙН АНХНЫ ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫГ ИХ НАЦАГДОРЖ, НАМДАГ ТЭРГҮҮТЭЙ СЭХЭЭТНҮҮД ТЭМДЭГЛЭСЭН БАЙДАГ-
-Танд удахгүй болох шинэ оны мэнд хүргэе. Шинэ жилийн баярыг монгол түмэн анх хэзээ тэмдэглэж эхэлсэн талаар та ярьж өгөхгүй юү?
-Даяаршил, дангааршил гэдэг чинь дэлхийшил, дэвжээшил хоёр шүү дээ. Бүр яг нарийн яривал зожигрол, золбиншил хоёр юм байгаа юм. Яагаад вэ гэхээр: дэлхий нэг гэр, бид нэг ард түмэн гэдэг чинь золбин үзэл л дээ. Энэ чинь далд утгандаа хятад, америк, солонгос цөмөөрөө л монгол. Бид хятад, солонгос, америк гэсэнтэй адил байгаа юм. Дээр үед интернационализм гэж гоё онол байсан. Хүн төрөлхтөн интернационализмын замаар замнана. Тэнд арьс өнгөний ялгаа байхгүй, ард түмэн цөмөөрөө л нэг. 2000 он гэхэд коммунизмд орчихно. Тэр үед хэрэглэхийнхээ хэрээр хэрэглээд, хийх юмаа бүтээчихээд л жаргана. Хар, шар, бор бүгдээрээ нэг гэр бүлийн хүмүүс. Дэлхий Ильичийн хэлээр, их Пушкины хэлээр л ярьдаг болно гэж сурталчилдаг, бид “Ямар сайхан юм бэ” гэж их бахархдагсан. Дэлхийн золбин улс төр чинь хүн төрөлхтөн, хүн ардыг тэгж төөрөгдүүлдэг юм. Тэрний цаана оюун санааны эзлэн түрэмгийлэл явагдаж байдаг ёстой. Гэвч хүлээн зөвшөөрөхөөс ондоонгүй олон сайхан юм бас бий. Түүний нэг бол шинэ жил. Энэ дэлхий дээрх олон зуун улс бас нэг тоололтой байх, хуучин оноо үдэж, шинэ оноо угтдаг нийтлэг нэгэн ёсонд дээр ярьсан оюун санааны түрэмгийлэл огт байхгүй. Тэгээд монголчууд маань 80 жилийн өмнөөс шинэ оноо тэмдэглэдэг болсон. Хамгийн анх манай аугаа их Нацагдорж, Намдаг тэргүүтэй, баруунд сурч байсан тэргүүлэх сэхээтнүүд тэмдэглэсэн байдаг шүү дээ. Зөв юм бол жамаараа орж ирдгийн жишээ энэ. Тэр бол энэ шинэ жил. Шинэ жилээр болдог баярыг ёолк гэж ярьдаг байлаа. Орчуулан нэрлэх ямар ч боломжгүй гэдэг байлаа.
-Тухайн үеийн Ёолк гэдэг баярын талаар сонирхолтой яриа гардаг л байсан болов уу. Та сонсож дуулж байснаасаа хуваалцахгүй юу?
-Хөдөөний хүн хотод иржээ, буцаж хариад “Сонин сайхан юу байна” гэхэд “Хотод ёолк гэж нэг тамтаггүй юм болж байна. 12 сарын 20-доор авгай, нөхөр хоёр тороо бариад гарах юм. Явж явж тор дүүрэн юм аваад л ирэх юм. Ээ сайхан боов, чихэр байгаа байх гээд идэх гэсэн чинь баахан өвс ногоо байх юм. Дахиад л нөгөө хоёр чинь тороо бариад гарах юм. Удаж удаж шувууны тархи шиг өмбөө цөмбөө юм торондоо хийчихсэн ороод ирэх юм. Юу вэ гээд үзсэн чинь өөх ихтэй тахианы мах, үржилд сайн тахианы мах, өвчин тусгадаггүй нохойн мах, үхэр хонины мах гээд янз янзын мах авчирдаг юм байна. Арванхоёр сарын 31-нд өнөө хоёр чинь дахиад л тороо бариад гарах юм. Явж явж овоо хэдэн шил юм аваад ирэх юм. Ихэнх нь ус, гэвч бас ходоод руу гал орчих шиг болдог айхтар архи ч бас байна аа. Арванхоёр сарын 31-ний шөнө богино зүүн дээр урт зүү очоод зайдлуут хөгшин минь хөгшин залуу, хүүхэд шуухадгүй, эр эмгүй, эмгэн өвгөнгүй чухам уугаад л, идээд л, уйлаад л, дуулаад л, оодгонож байгаа бяруу шиг цовхчоод л, орилоод л, чарлаад л, тэгж байснаа цөмөөрөө саваад ойчих юм. Маргааш нь хот даяараа ёолчих юм. Төмпөн дуудаж эрчүүд нь ёолоод л, түргэн дуудаж хүүхнүүд нь ёолоод. Лонхоороо цонхоо хага цохисон хүүхдүүд хуруу хөхөж ёолоод л. Тэрнийгээ ёолох гэдэг юм байна гэж ярьжээ. Шинэ жилийн сүлд модны наадмын анхныхаа сайхан дууг Монгол Бетховен болсон Гончигсумлаа гуай зохиогоод, тэр сайхан аялгуунд хайртай хосууд бүжиглээд л, халгаад байсан залуус бас сэтгэл ойртоод л. Тэр цагаас хойш монголчууд баттайяа 90-ээд жил сүлд модныхоо наадмыг тэмдэглэдэг болжээ. Манай өвөг дээдэс бас их сүрхий. Тэр дэлхийгээс орж ирж байгаа харийн хүндэтгэлтэй сайхан соёлыг бас монгол агуулгатай, монгол ёс заншилтай болгочихсон байгаа юм даа.
-Яаж тэр вэ?
-1940-өөд онд манай Баянхонгор аймгийн ууган сургуулийн нэг Заг сумын бага сургууль гэхэд энэ шинэ жилийн сүлд модны наадмаа сүрлэг сайхан тэмдэглэдэг байлаа. Тэр сургуулийн сурагчийн ширээний араас Монгол Улсын Гэгээрлийн сайд гурав тодорсон гээд бод. Анхных нь Цэндийн Баттөмөр сайд. Комминтернийхэн “Чи бичгээ соль” гэж ял тулгахад нь “Гадаадаас гуйхгүй ганц юм бий дээ” гэж хэлснийхээ төлөө буудуулсан. Үндэсний бичиг соёлоо өмөөрөөд буудуулсан тэр хүн бол баатар юм л даа. Ахыг нь буудаж хороогоод, дараачаар нь Цэндийн Намсрайг Гэгээрлийн сайд болгож. Буудуулсан сайдынхаа өрөөнд буудуулсан ахынхаа сандал дээр суугаад, утсаар нь ихэс дээдэстэй яриад сууж байхад удмаа устгуулахгүйн учир Чингис хааны бичгийг халж, Цэдэнбал даргын бичгийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болжээ. Гурав дахь нь Монгол Улсын гэгээрлийг оргилд нь хүргэсэн, Орос гэдэг том гүрний шинжлэх ухаанч ард түмний сурган хүмүүжлийн заах аргыг өөрийнхтэйгээ хослуулаад, оргил үед нь хүргэсэн Бямбын Даваасүрэн гэдэг сайд байв. Энэ сайдын үед Монгол Улс үндэсний сайхан сэхээтнүүдтэй, бүх салбарын мэргэжилтэнтэй болсон. Салбар салбартаа сод манлай болсон эрдэмтэдтэй болсон. 1990 оноос хойш улс төрийн уран сайханчид түүнийг яаж түйвээснийг шинэ жилийн сайхан баярын үеэр ярихаа нэг удаа түдгэлзье.
-БИ ЧОНО БОЛНО ОО. БАС ӨВЛИЙН ӨВГӨН, АЛИАЛАГЧ БОЛДОГ БАЙЛАА-
-Хүүхэд байхад өвлийн өвөө, цасан охидоо дагуулж орж ирээд бэлэг гардуулдаг мөч хамгийн гоё байлаа. Танд юу нь их гоё санагддаг байв?
-Ямар ч гэсэн тэдгээр сайд нарын сурч байсан сургуульд Догь Бат гэж сайхан багш байлаа. Тэр багшийн урласан багийг өмсөөд, сахлыг зүүгээд, өвлийн өвгөн, цасан охинтой хамт 12 жил орж ирдэг байв. Хүүхдүүд, эцэг эх суучихсан танхимд эхлээд хулгана “Хүүхдүүд ээ, сайн байна уу? Эрдэнийн зүйлээр бөөлжөөд байдаг, эрүү цагаан хулгана ирлээ. Энэ сайхан наадамдаа намайг оруулна уу” гэхээр “Бид эрдэнэд дуртай, эрдэмд бас дуртай. Ор ор морилоорой, морилоорой” гэж урьдаг. Нөгөө хулгана өвгөний хажуугийн сандал дээр очиж суудагсан. Энэ мэтчилэнгээр 12 жил орж ирнэ. Багийг нь ямар сайхан хийдэг байсан гэж бодно. Чухам л ойн ан амьтан ороод ирчихсэн юм шиг сонин санагддаг байж билээ. Өөр өөрийгөө танилцуулж хэлж байгаа үг нь яруу найраг. Түүнийг сонссон хүүхэд болгон шүлэг цээжилдэгсэн.
-Та ямар амьтан болж байсан бэ?
-Би чоно болно оо. Хаалганы завсраар “Чамайг даа” киноны чононоос учиргүй урт, араа шүд ярзайсан том толгой цухуйгаад “Хүүхдүүд ээ, намайг оруулчихгүй юу. Хөдөө хээрээр нутагтай, хөх боохой гуай нь байна” (хоолойныхоо өнгийг өөрчлөн, бүдүүн дуугаар хэлэв.сурв) гэхээр “Хүүе ээ, хулгайч ирсэн байна. Наадахаа битгий оруул” гэнэ. Тэгэхээр нь би “Зуугаас нэгийг идэж байгаарай гэж энэрэнгүй бурхан зарлигласан юм гэнэ лээ. Зуугаас нэгийг үлдээж байгаарай гэж энэ муу чих буруу дуулсан юм байна лээ” гэхээр “Аа хулгайчаас гадна бас худалч муу хог байна. Зайлуул, цаадахаа” гэнэ. Тэгэхээр нь “Бувтнаж хэлсэн нь бурхны буруу шүү дээ. Буруу сонссон нь энэ муу чихний буруу шүү дээ” гэнэ. Багш, сурагчид: “Хулгайч, худалч, бас дээрээс нь дутагдлаа хүлээдэггүй золиг байна. Энэ сайхан наадамд оруулахгүй” гэж хашгиралдана. Би өрөвдөм уйлаад “Өнөөдрөөс эхлээд би өвс иддэг болъё л доо” гээд хэлүүт алиалагч давхиж ирээд намайг шилбүүрдээд, хаалганы завсраар сүүлийг минь тасдаж хоцроодогсон. Утсаар сүүлийг нь торгоочихсон байдаг. Би бол нэхий дээлээ гадагш нь харуулаад өмсчихсөн, тэгээд нохойны сүүл чирчихсэн явдаг байж л дээ. Сүлд модны наадам өрнийн соёлыг өөрийн орны 12 жилийнхээ аугаа соёлыг мэдүүлэхээс гадна худалч, хулгайч, дутагдлаа хаацайлагчийг жигшүүлдэг байж дээ. Хөөгдөж гарсан хойноо хувцсаа солин орж ирж, алиалагч хийдэг байлаа. Үдэшлэг төгсөхийн эгшинд хувцсаа сольж ирээд шүлэг уншдаг. Баянхонгор аймгийн Заг сумын сургууль шинэ жилээ иймэрхүү хөөр баяртай тэмдэглэдэг байлаа.
-Өвлийн өвгөн болж байв уу, та?
-Сүүлд өвлийн өвгөн болж байлаа. Манай Соёлын гавьяат зүтгэлтэн Сосорбарам намайг дуудаад, “Галсан ах аа, та өвгөн бол” гэлээ. Ард кинотеатрт очлоо. Хувцас нь бэлэн юм. “Би юу хэлэх вэ” гэхэд “Та өөрөө мэдэж байгаа шүү дээ” гэж байна. Хүн тийм тулгам үед авьяас онгодоо дуудах юм бол юунд түүртэх вэ. Тэгэх нь ээ тэр нь томчуудын сүлд модны наадам юм байна. Орчлон даяарын явдлыг дүгнэж нэг хэлээд, орон нутгийнхаа амжилтыг цухас бас дурдаад, энэ өдөр айлчилж ирсэн эрхэм хүндэт зочиддоо баяр хүргээд, бэлэг гардууллаа. Тэгсэн чинь харин Их хурлын эрхэм гишүүн, хотын дарга байсан Эрдэнээгийн Бат-Үүл надаас “Та Сосорбарам мөн үү” гэж асуудаг байгаа (инээв.сурв). Сосорбарамд дуудагдсан учраас Сосорбарамын дуугаар дуугарсан нь үнэн юм аа. Өчигдөр манайд өвлийн өвгөн цасан охидоо дагуулаад ороод ирлээ.
-Ямар гоё юм бэ. Өвлийн өвгөн бэлэг бэлэглэсэн үү?
-“Номын хүрдэн” гэдэг их буянтай хөөрхөн ажил үйлс дэлгэрүүлж, ном сурталчилж, ном борлуулж, ном хэвлүүлэхэд зуучилж явдаг Базарсүрэн гэж сүрхий овсгоотой зохиолч залуу өвлийн өвөө болчихоод, цасан охидоо дагуулан манайд иржээ. Би дахиад нөгөө Загийн сургуулийнхаа сурагч болчихсон юм шиг, 60 жил цайг минь чанасан жаахан эмгэн минь цасан охин ч болсон юм шиг санагдаад сайхан байлаа. Бэлгийн нь хариуд бэлгэ дэмбэрэлтэй үг хэлээд буцаасан даа.
-ТОХИЛОГ САЙХАН ГАЦААНУУДТАЙ БОЛЧИХВОЛ УЛААНБААТАРЫНХАН УГААРААР БИШ, АГААРААР АМЬСГАЛЖ, НАС НЬ УРТАСНА-
-Та өвлийн өвөө болж айлд очоод хэн нэгнийг баярлуулж байв уу?
-Өвлийн өвгөн бас болж байлаа л даа. Жишээ нь, Төрийн шагналт, манай үргэлжилсэн үгийн их аваргын нэг, Соёлын гавьяат зүтгэлтэн Пүрэвжавын Пүрэвсүрэнгээ амьд ахуйд Баянхонгорын “яардаггүй” Ичинхорлоо бүсгүй, “Хос шарга”-ын Агваан, “Амьдралаа би чамд хайртай” СГЗ Данзангийн Нямаа, аймгийнхаа сурталчилгааны хуурцгийг гайхалтай сайхан дэглэсэн Доржготов найрагч, диломатч бид очоод л. “Хүүе ээ, өвлийн өвгөн аав ирлээ. За хэнийд ордог бол оо гэж айлууд нүдээ бүлтэлзүүлээд л, Пүрэвсүрэнгийн нохой өөдөөс хуцаад л. Тэгээд ороод, тэгсэн чинь нөгөө хэвтэрт орсон Пүрэвсүрэн чинь өндөлзөөд, нүдэнд нь нулимс цийлээд. Миний энэ сахлаас учиргүй чангаагаад, Доржготов овсгоотой хүн болохоор зургийг нь авчихсан байдаг юм. Өвлийн өвгөн ирэхэд хүмүүс үнэхээр хэдэн настайгаа мартагнаад, эргээд хүүхэд болдог юм билээ. Урд оныхоо амжилт бүтээл бүхнийг дүгнэж, алдаа оноог бодож гэмшээд, ирж байгаа ондоо илүү ихийг бүтээх юм шүү гэсэн итгэл нахиалаад л сайхан байдаг даа, хө.
-Таниас шинэ жилийн талаар наргиантай үг сонсмоор байна?
-Өмнөд туйлаас өвлийн өвгөн Улаанбаатарт ирж гэнэ ээ. Ирэхдээ Бат-Үүл дарга шиг цав цагаан тэргүүнтэй, Бадарч найрагч шиг тархиар нь тарганд дүрчихсэн юм шиг цав цагаан толгойтой, Урианхай найрагч шиг уруул дороо цагаан эсгийтэй ийм өвгөн ирж гэнэ. Улаанбаатарт нэг хоночихоод өглөө толинд харсан чинь сахал, үс нь хав хар болчихсон байна гэнэ. Яав гэсэн чинь хотын дарга Улаанбаатарын утаа ийм их ашигтай шүү дээ гэж бахархаж гэнэ ээ (инээв.сурв). Энэ бол шинэ жилийн наргиа.
-Утаа гамшиг боллоо. Хордож үхэх нь. Таны бодлоор утаанаас ангижрах ямар гарц байна вэ?
-Утаанаас гарах гэж их хичээж байна. Аргаа олохгүй байна даа. Хотын хүн ам найман бумаас илүү байх учиргүй юм л даа. Хотын ойрхон гацаанууд бий болгох, өөрөөр хэлбэл 3-4 өртөө (100 км) тутамд дардан замынхаа дагуу ус, цахилгаан нь бэлэн тохилог сайхан гацаануудтай болчих юм бол Улаанбаатарынхан угаараар биш, агаараар амьсгалж, нас нь уртасна. Манай жолоодогчид, хотын дарга нар шинэ ондоо энэ зэргийг сэтгэх болтугай.
-ДЭЛХИЙН ТОМ ГҮРНҮҮД ХҮЧИРХЭГЖИХИЙН ТУЛД “МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО”-Г СУДАЛДАГ ЮМ ШҮҮ ДЭЭ-
-Хөөрөлдөөнийхөө хоёр дахь сэдвийг Монголын улс төрийн амьдралд өрнөж буй үйл явдлууд руу чиглүүлье. “Ахмадын сургууль алт” гэдэг. Та юу хэлэхсэн бол?
-Төрийн тухай ярихын тулд эхлээд улсынх нь тухай олж харах хэрэгтэй. Монгол бол: улс нэрнээс цаашгүй улс биш шүү дээ. Сая таван буман ам дөрвөлжин газар нутагтай, долоон живаа мал сүрэгтэй, хоёр их сайхан хүчирхэг хөрштэй. АНУ, Япон, Солонгос, Франц, Англи гээд 10 гаруй итгэлт түнштэй, гуравхан сая хүн амтай нэгээхэн улс Азийн магнайд байж байна. Энэ бол миний Монгол. Түүх сөхөөд харах юм бол хүн төрөлхтөнд төрт ёс гэж юу байдаг юм бэ, улс хоорондын алтан аргамж(дипломат ёс) гэж юу байдаг юм бэ, ашигтай зах зээл гэж юу байдаг юм бэ, эдийн засаг гэж юу байдаг юм бэ? Эд бүгдийг заагаад өгсөн багш улс шүү дээ! Соёлыг нь ярих юм бол “Монголын нууц товчоо”. “Алтан товчоо” гэдэг харийн сурах бичигт дэлхийн том гүрнүүд хүчирхэгжихийн тулд “Нууц товчоо”-г судалдаг гээд бод доо. Мөн “Монгол Жангар” байна. “Монгол ертөнцийн гурав” гэж гүн ухааны хаа ч байхгүй тийм яруу найраг байна. Хүн төрөлхтөнийг хооронд нь орчуулагчгүйгээр ойлголцуулчихдаг, хөгжмийн 100 гаруй зэмсэг байна. Морьтой элчийн хашгирсан үгийг ард нь яваа улаач тэмдэглээд авчихдаг тийм түргэн, гайхамшигт бичиг байна. Гэрэл урьсан тоонотой, гийчин урьсан үүдтэй, гэр гэж нэг их сонин, сансарт нисэх үед хөлөг нь болох сайхан ором байна. Энэ бүхнээрээ дэлхийн чихийг дэлдийлгэж, нүдийг бүлтийлгэж байдаг улс шүү дээ. Монгол маань энэ мэт энэ их соёлоороо цөөхөн атлаа олноос дутдаггүй. Муу атлаа сайнаас ерөөсөө дорддоггүй. Гэвч түүхийн мандах буурахын жам гэж нэг юм бий л дээ, хө. Аугаа их Чингисийн ач үрс хаан ширээ булаалдан хоорондоо зодолдож, Монголын эвэнд цав гаргасан үеэс эхлээд бууран доройтсоныг нуухын аргагүй.
-Тийм ээ...
-Гэвч туг сүлд, тусгаар тогтнолоо хадгалсаар л байгаа нь бидний бахархал. Одоо төр ямар байхаас болоод улсын маань хувь заяа ацан шаллуулсан ноён, бэрс хоёр шиг болчихоод байна. Социализм гэдэг суварга нурж унаад, капитализм гэж харш шилтгээнээ барьж дуусаагүй 30-аад жилд л төрийн дээр нам зайдалчихаад байна. Эм толгой дээрээ дээдэлсэн хаан адгийн хаан байдаг. Нам толгой дээр нь зайдалсан төр: адгийн төр болдог. Яг энэ гашуун жамаар сүүлийн 27 жил, тэр дундаа сүүлийн долоо, найман жилд намуудын гайгаар, төгрөгөөр савангаар саналаа худалддаг сонгогчидтой, гадны мөнгө л ууталж байвал улсын хувь заяа хамаагүй болсон намчидтай ийм болсноос төрдөө итгэх түмний итгэл нурлаа. Үүнд: ардчиллыг авслагчид буруутай. Засгийг завхруулж завшигчид ялтай. Харийнхны мөнгө түрийвчинд нь ороод, өөрсдөө тэдний атганд нь орчихсон байгаа чоно, гахайн эрлийзүүд хилэнцтэй. Урд төрийн хэлхээ: эрдэм ном гэдэг байсан. Төрлийн хэлхээ ээж, аав хоёр гэдэг байсан. Одоо энэ засгийг завхруулагчид төрийн хэлхээ МАНАН, төрлийн хэлхээ золбин гэдэг болж. Уруудах доройтохын бурантаг энэ. Урд төрийн хүч: хууль цаазандаа, эрийн хүч: булчиндаа гэдэг байсан. Одоо “Төрийн хүч: авлигадаа, эрийн хүч: авгайдаа” болж. Уруудах доройтохын бурантаг энэ.
-Урд нь ухаантан мэргэд маань төрийн тухай юу гэж айлддаг байсан бол?
-Урд төрийн хүн түвшин сайхан гэдэг байлаа. Одоо “төрийн хүн дөвчигнөх гайхам” гэдэг болж. Энэнээс болоод саарал ордны сармагчингууд ард түмэнд сахилгагүйтэх, дураараа дургихын үлгэр дууриал үзүүлдэг болж. Уруудах доройтохын бурантаг энэ! Урд бол хуульчаа, цагдаагаа “төрийн тулгуур” гэдэг байсан. Хулгайч, луйварчдыг “төрийн хутгуур” гэдэг байсан. Одоо хуульч нэртэй хуйвалдагчдаар тулганы ивээс хийгээд, хулгайч авлигачдад тамга атгуулчихсан байна. Уруудах доройтохын хамгийн бузар ёр бол энэ. Урд “Төрийн төлөө оготно” гэдэг үг байсан. Чингисээс өмнөх үеийн үг. Эртний Хүн гүрнийхэн Жагар орон руу дайтах үед урдаас нь заант цэрэг орж иржээ. Заан дайралдсан ширэнгийг булга булга татаад, тааралдсан хүн амьтныг навс навс дэвсээд, улаан хярамцаг хийгээд байж дээ. Морьт, нумт, явган цэргийг бүгдийг яйруулж дээ. Нэг өвгөнөөс одоо яах вэ гэж асуужээ. Тэр өвгөнийг уг нь цааш нь харуулсан байх учиртай байж. Яагаад вэ гэвэл дайн тулааны пян даахгүй тийм өвгөдийн аманд уураг сүүл хийгээд, богтсоор гудруулах ёстой байсныг ач хүү нь гудруулаагүй юм байж (богтос гудруулах хүүтэй гэж бахархалт бөгөөд гунигт үг байсан гэж хэлэв.сурв). Яг ийм тулаан болох үед Эзэн хаан сандраад, заант цэргийг яаж ялах вэ гэтэл “Томыг багаар ялдаг юм. Тэнэгийг ухаанаар ялдаг юм” гэж. “Яах юм бэ, ухаанаа хэлээд өгөөч” гэтэл “Зааныг оготноор ялдаг” гэж хэлээд, хэдэн оготно барьж ирэхийг хүсчээ. Хэдэн оготно бариад, нэг авдар дотор байлгатал анхандаа нэг нэгэндээ эрхлээд сүйд болж байснаа өлсөхөөрөө нэг нь бүгдийгээ идчихэж. Яг тэр мэтээр буйлсан хэсэг оготныг бэлдэж, зааны өөдөөс тавитал галзуу зааны өөдөөс давхиж очоод, хушуу руу нь ороод, уушгийг нь ураад, зүрхийг нь мэрээд эхлүүт буцаад цаашаа эргэж, өөрсдийнхнөө дэвсэж хядсан гэнээ. “Төрийн төлөө оготно” гэж их төрийн үйл хэрэгт хүн бүхэн хүчин зүтгэх ёстой гэсэн үг л дээ. Одоо гэтэл Их хурлынхан яаж байна аа. С.Жавхлангаас өөр “овт шаар” гэж хэлдэг нэг ч хүн алга. “Төрийн төлөө оготно” гэдгийг засаг завхруулагчид “Бид тэмцэх ёстой болохоос та нар хамаагүй ээ. Архиа уугаад л, хоорондоо алалдаад л байж бай” гэх сэтгэхүйтэй болгох гээд байна. Одоо төрийн хэрэг зөвхөн МАНАН-гийнх, төлбөр ялбар нь зөвхөн ард түмнийх болбол энэ нь Монголд уруудах буруудахын бас нэг бурантаг болно доо.
-ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАШУУР, ИРГЭДИЙН ШИЛБҮҮР БАЙГААГҮЙ БОЛ ХӨДЛӨХГҮЙ БАЙСАН-
-Дээрээ суудлаа олохгүй бол дороо гүйдлээ олдоггүй гэдэг. Танд төр өөдлөн дэвжих гэрэл харагдаж байна уу?
-Төр өөдлөх ёр байна. Сайн, муу ёр: хоёр өөр. Сайн ёр нь: Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш (их сайд Жасрай гуайн хэлдгээр) “хонгилын үзүүр”-т гэрэл гялсхийж байна. Энэ дээр олон жишээ хэлж болно л доо. Жишээ нь, Үндсэн хуулийн цэц дархалсан танхайчуулыг даварсан дарангуйлагчдыг хазаарлаж эхэллээ. Энэ бол урд нь байгаагүй шүү дээ. Харин ч давруулж, тэднийгээ өөрсдийнхөө гинжний нохой болгож байсан нь МАНАНтай холбоотой. Эцсийн шийд гаргах, Их хурлын дээр байгаа аугаа их төр атлаа Их хурлын захиалгаар, өөрийн тэнд зоосон золигуудын амаар шийдвэр гаргадаг болсон шүү дээ. Үндсэн хуулийн цэцийг овт шааруудыг орогнуулдаг оромж, авлигачдыг асрамжлах тэтгэврийн газар болжээ гэж бодож байсан чинь өөрчлөгдлөө. Авлигатай тэмцэх газрыг авлигыг дэмжих газар юм уу даа гэж эргэлзэж байсан чинь IV улиралд хийж байгаа ажлуудыг нь харвал сохорд үзэгдэж, дүлийд дуулдахаар юм хийгээд эхэллээ. Үнсэнд хутгалдсан Үндсэн хуулийн цэцийн нэр төр сэргээд эхэлж байна. 2017 оны дөрөвдүгээр улирлаас эхлээд авлигачдыг дэмжих бус, авлигачидтай тэмцэх газар байна шүү гэдэг төрд төрж байгаа итгэл шүү дээ. Хэрвээ Ерөнхийлөгчийн ташуур байгаагүй бол эд нар хөдлөхгүй байсан. Иргэдийн шилбүүр байгаагүй бол энэ бас хөдлөхгүй байсан. Хөөрхий тэр Баасан гэж ажаа хэдүүлээ гарч ирээд, нөгөө хэдийг чинь хөдөлгөөнд оруулсан шүү дээ. Тэрнээс биш тэрбум тэрбум, хэдэн саяын цалинтай хэдэн хүн хэхрээд л сууж байдаг байсан. Одоо төр чиглэлийг нь гаргаад, түмэн олон дэмжээд, өгсөн үүрэг бүхнээ хууль цаазын бүх байгууллага биелүүлээд явах сайн цаг наашилж байна уу даа гэх горьдлого төрж байна аа. Нөгөө талаар энэтөрийн хууль чанд байх юм бол түмэн олон бишрэн дагадаг. Төрийн хуулийг: намын лааз, төрөл садангийн гудас болгочихсон тийм нөхөд одоо сандралд орж эхэллээ.
-Яагаад сандралд орж байна гэж бодоо вэ, та?
-Энэ юутай холбоотой вэ гэхээр төр, засаг хоёр хамтарч ажиллах найдлага эхэлсний хүч шүү дээ. Ухнаагийн Хүрэлсүх гэж Ерөнхий сайд гараад ирлээ. “Энэ чинь биш болжээ” гэдгийг тэр хүү олж харсан, ардчиллыг авслах болчихож, нэг бол аврах цаг болчихож гэдгийг олж харсан нь олзуурхам. Тэгээд эхнийх нь ажлын гараа өөдлөөд эхэлчихлээ. Урд бол удирдагчид: тунхаг үг хэлдэг байсан. Одоо зайлшгүй биелүүлэх тэнсэнтэй даалгавар өгдөг болов. Ингүүт ажил бүтээд эхэллээ. Нэг өдөр бүх юм сайхан болчихгүй шүү дээ. Өмхий хороолол, үнэртэй хороолол, үнэртэйдүү хороолол өнөөдөр гэв гэнэт цэнгэг болчихгүй. Сайдыг нь саарал устай, самхай үнэртэй газар дагуулж очоод хойтон жил гэхэд 20 оноос наана зас гэж засгийн тэргүүний ёсоор үүрэгдэж байна. Тэгж ажиллах ёстой. Ард ялж, тийм хүмүүс засаг засахдаа худалдаж авсан эрдмийн зэрэггүй ч чаддаг юм байна. Жишээ нь, Даваасүрэн гэж сайд байна. “Тунгалаг тамир” киноны дэвхрэг Итгэлтэрхүү, харахад давжаахан эр юм. Гэвч алдар суут сайд Даваасүрэн, Г.Цэвэгдорж гэж эдийн засгийн эрдэмтэн хоёрт нухлуулж нухлуулж, төрийн ажилтны цээнд хүрсэн учраас юунд ч түүртэхгүйгээр (Ерөнхий сайд байсан ч түүртэхгүй) сайдын ажлаа сайхан аваад явж байна шүү дээ. Их дээрээс харж байна шүү дээ. Манай эрчим хүчийг хаанаас яагаад хазаарлаад байна вэ, яавал дээр вэ, Оюутолгойн эрчим хүчийг яахаараа гаднаас авч байна вэ, яагаад монголчууд өгч чадахгүй байна вэ гээд залруулах гээд үзэж тарж байна. Сумъяабазар байна.
-“Энэний сайд гэж юу вэ” гэж басаж байсан шүү дээ?
-Тийм. Дэвжээн дээр ангийнхаа хүүхдүүдэд унадаг байж байгаад, дараа нь бүгдийг нь хаяж, сургуулийнхаа хүүхдүүдийг хаядаг болоод, сумын наадамд унаж үзэж, хүхрийн хүчил ууж, сахлын хутга идэх нь халаг гэмшээд, харуусаад, сүүлд нь бусдыг ялахын тулд өөрийгөө ялах ёстой юм байна гэдгийг тэрбээр бодож чадсан. Надад Сүхбатын дайны ухаан алга, надад Өсөхбаярын дайны чац алга. Гэвч надад улаан шанаа Аюурын удмын их хүч бий. Бууж өгөн ялалт горьддог биш тэмцэн ялахын ухаан бий гэж үзсээр байгаад аварга болчихсон. Ер нь өөрийгөө ялсан хүний судсанд нь, ясанд нь, цусанд нь монгол шүншиг байдаг. 40, 50 мянгатын ихэнх хүүхдэд монгол шүншиг байдаггүй. Тэр хэрээрээ дэлхийтэй тэврэлдсээр, хожоо хайсаар байгаад улс төрийн хог дээр хаягддаг. Одоо эд нараас нэг их дээшээ гарах улс байхгүй. Гэхдээ бас ганц нэг хүүхэд бийг үгүйсгэхгүй. Тэр хэн бэ, андахгүй. Ард түмэн мэдчихсэн шүү дээ. Өнөөдөр төр үүргээ өгөхөд засаг маргааш нь хэрэгжүүлдэг байх хэрэгтэй.
-Манайд мянган шийдвэр гаргаад хэрэгжихгүй юм?
-Төр бол жинхэнэ бодлогоо барьдаг, засаг түүнийг хэрэгжүүлдэг, Их хурал бол төрд хэрэгтэй хуулийг л баталж өгдөг газар шүү дээ. Тэгсэн чинь одоо төрийн орой дээр нам, намын орой дээр их хурал зайдалчихсан. Энэ Монголыг сүйдэлж байгаа даа. Энийг ойлгочихсон хүүхдүүд УИХ-д овоо хэд байна. Оюун-Эрдэнэ гээд нэг сайхан хүү байна. Эрүүл ухаантай юм. Монголоо гэж бодож байгаа болохоос өөрийгөө бодож байгаа юм ерөөсөө алга, тэр хүүхдэд. Алтаар урс даа. Тэр Учрал тэд нарын хэлж байгаа үг бол авлигачдаас төрөө аваръя, гурван саяын хөрөнгийг гудхийлгэчихсэн овт шааруудаас төсвөө бүрдүүлье, төр засаг цэвэршсэний буянаар түмэн олон биднийг хүрээлнэ гэдгийг ойлгочихож. Үгүй, чи Сүхбат аваргыг хар даа. Бат-Эрдэнэ аварга, Сумъяа аварга байна. Үнэхээр монгол шүншигтэй. Их хурлаас гарч байгаа хууль тогтоомж бүхэн эрлийз хэлээр гарч байгааг шүүмжилж байгаа хүн ганцхан Сүхбат байна шүү дээ. Ямар вэ? Эрлийз хэлээр бантагнуулж байгаагийн ард: хууль тогтоомжийн утга агуулга бүрхэгшээд, тэр хэрээрээ хэрэгжих боломжгүй болоод олон түмэнд ойлгомжгүй болж байгааг зарлаад энэ өдрөөс эхлээд их хурлын хууль эрлийз хэлээр байвал би батлахгүй шүү гэж байна шүү дээ. Сүхбатын энэ ухааныг дэмжих гишүүн бас байгаа байх. Тэр дотор чинь хоёр яруу найрагч сууж байгаа. Хоёр “Болор цом”-ын эзэн шүү. Эд нараас эхлээд дэмжих байлгүй дээ
.
-АЯГҮЙ БОЛ ЦААДУУЛ ЧИНЬ НАМАЙГ Ц.НЯМДОРЖООС АВЛИГА АВСАН ГЭНЭ ДЭЭ-
-Их хурлын гишүүдийг Монголынхоо төлөө ажиллаж байна гэдэгт эргэлзэх юм. Та энэ талаар юу хэлэх вэ?
-Их хурлын гишүүд бүгд Монголоо гэсэн тэмцэгчид байх учиртай. Суудлын шуналтангууд, төрийг өмчлөгчид байх эрхгүй шүү дээ. Үйл хэрэг нь цэвэр хүн л нэр төр нь цэвэр байдаг юм байна. Нэр нь цэвэр хүн л сая үнэнийг өгүүлж чаддаг юм байна. Жишээ нь, сая дархалсан танхайчуудыг, даварсан дарангуйлагчдыг өөгшүүлэхгүй байх тухай Их хурлын гишүүн Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гарсны дараа тэр Даваасүрэн түүнийг дэмжихийнхээ хажуугаар сөрөхөөр Үндсэн хуулийн цэц өөрөө дотроо цэвэрлэгээ хийх хэрэгтэй шүү, жинхэнэ цэц оюунтай, цэвэр нэр төртэй хүмүүс байх хэрэгтэй шүү гэж бүр нэрийг нь дурдаж байгаад хэлж байгаа шүү дээ. Бохир нэртэй юм уу, барьцаалагдсан новш бол дуугарахгүй шүү дээ. Цаашдаа энэ Их хуралд хэрэгтэй нэг хэсэг хүн байна.
-Яг хэн хэн байна вэ?
-Герман гэдэг том үндэстний соёлоор цэнэглэчихсэн, Монгол түүнээс дутахгүйг харчихсан, яаж дундынхаа хэрмийг нураагаад нэг улс болсныг нүдээрээ үзчихсэн, тав хэрчүүлсэн Монгол нь ганц өөрийгөө яая гэж байгааг хараад бухимдаж явдаг онч үгтэй биш боловч зөв дуугараад байдаг Тэрбишдагва байна шүү дээ. Үнэндээ “Хятадын тагнуул” гэдэг пайз зүүчихээд, түүгээрээ нээнтэглэж байдаг болохоос биш Их хурлыг хууль батлах газар байхад байхаас ондоонгүй хүн бол хөөрхий муу нэрт, шударга үгт Нямдорж л байж байна шүү дээ. Аягүй бол цаадуул чинь намайг Нямдоржоос авлига авсан гэнэ дээ(инээв.сурв). Нохой долоо. Ийм ахмад гишүүдийн нэг бол Нямаагийн Энхболд. Ардын төрийн наадамд 12 түрүүлчихсэн аваргын хувиар нь биш, Чингисийн нутагт төрсөн монгол хүний хувьд Монголын хувь заяаны төлөө үгээ хэлээд сууж байдаг Бат-Эрдэнэ нар чинь гоё харагдах юм байна шүү дээ. Их хурал эрдэмтэн мэргэдийнхээ хүчийг ерөөсөө ашигладаггүй. Их хурлаас гарч буй хууль бүхэн эх хэлээрээ байна шүү, эрлийз хэлээр байхгүй шүү гэсэн А.Сүхбатын тунхагийг хэрэгжүүлэх нь М.Энхболдын үүрэг шүү дээ. Шинжлэх ухааны академи гээд том мэс засалчид байхад тэрүүгээр мэс заслаа хийлгэх хэрэгтэй. Хэл зохиолын хүрээлэн гээд бүр сайхан эрдэмтэд чуулсан газар. Төрийн хэлний зөвлөл байна. Эрдэмтэд өдий төдий байна. Тэднийг яагаад ашиглахгүй байна вэ. Домийн Төмөртогоо, Цэвэлийн Шагдарсүрэн, Ш.Чоймоо, С.Дулам, хойчийн залуу эрдэмтдээс Заяабаатар, Шинэбаяр гээд үгийн бөөс өмнүүрээ гаргахгүй эрдэмтэд бий.
-Ашиглахгүй байх шалтгаан байдаг юм болов уу?
-Яагаад гэхээр нууц нэр томъёоны ард талд өөрсдийнх нь сонирхлын нууц байгаа учраас тэр. Эх хэл бузартах юм бол ард түмний сэтгэл, хувь заяа бузартана гэдгийг бүү март.
-Шинэ оны нигуур танд ямар харагдаж байна вэ?
-2018 оноос урд түйрэнд идэгдсэн төр төвхнөж эхэлнэ гэж өдий олон жил төрийнхөө сүлдэнд залбирсан өвгөн би, миний үеийнхэн итгэж эхэллээ. Урд нь завхарсан засаг, залуулахаас хойш суудаггүй засаг болно гэх итгэл ард түмэнд, бас надад бий. 2017 оны хамгийн том амжилт энэ байх шүү. Бид дүрээ олж харахын тулд толины урд эргэлдэхийг үгүй мөн сайн чадаж байна. Төрөө засъя гэвэл түүхээ уншдаг, түүхээ мэддэг, өвгөдийнхөө үгийг сонсдог ийм л болууштай байна даа. Би түрүүн сая таван живаа ам дөрвөлжин нутагтай хоёр их сайхан хөрштэй гэж ярьсан. Энэ хоёр хөрш хүчирхэгжиж, дэлхийн тэнцвэрийг хадгалахад ноён уулс нь болж байна даа. Тэгээд энэ хоёртойгоо тэнцвэртэй харьцах бодлоготой байгаа, манайх. Энэ хоёроос сурах юм манайд их байгаа. Яагаад Хятад, Орос ингэж хүчирхэгжиж байна вэ гэхээр төр нь хүчирхэг. Хүчирхэг төрийнхөө хэлсэн бүхнийг засаг нь ерөөсөө тэнгэрийн зарлиг мэт хэрэгжүүлдэгт байна. Ши Жиньпин өнөөдөр үг хэлэхэд маргааш нь Төрийн зөвлөлийн дарга Ли Кэцян шууд хэрэгжүүлж байна. Авлигачидтай тэмц гээд хэлэхтэй зэрэг зочид буудалд урьж авааччихаад, нүгэл хилэнцтэн ч юу эсийг бодох вэ.Нүглээ бодож олох үед нь “За эд агуурс чамд хэрэгтэй юү, эрх чөлөө чинь хэрэгтэй юү” гээд ердөө цэвэрхэн шийдчихэж байна. Путин өнөөдөр зарлигаа буулгахад Медведев нөгөөдөр нь шүү хэвшүүлчихэж байна. Гэтэл өмнөх засгийн газар Х.Баттулгыг юу ч хэлсэн хөдөлдөггүй байсан шүү дээ. Одоо Хүрэлсүх сайдын үед засаг, төр хоёрын хамтын ажиллагаа эхэлсэн учраас цаашдаа найдлага төрж байна. Ингэхээр зэрэг бид хүчирхэг хоёр хөршийнхөө дунд хөгжилтэй сайхан улс болох гэгээн ирээдүй байна. Энэ бол 2017 онд ахын чинь олж харсан хамгийн баярламаар, ирээдүйдээ итгэл төрмөөр сайхан бэлгэшээл байлаа. Амны билгээр болтугай.
Д.ЭРДЭНЭТУЯА
СЭТГЭГДЭЛ БИЧИХ