Ж.Батзандан: Манжийг унагаж чадсан ард түмэн мафийн бүлэглэлийг унагана

УИХ-ын гишүүн Ж.Батзандантай ярилцлаа.

-Өнгөрөгч баасан гаригт Л.Болд гишүүн та хоёрыг Төрийн ордонд БНСУ-д Элчин сайдаар томилогдохоор нэр дэвшээд байсан Б.Хурцтай холбоотой асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг хийж байхтай зэрэгцэн УИХ-ын чуулган хаалттай хуралдаж Элчин сайдаар томилохыг дэмжсэн. Нээлттэй хэлэлцүүлгээс та бүхэн дүгнэлт гаргасан байна. Хэлэлцүүлгийн үр дүнг хүлээх шаардлагатай байсан гээд байгаа л даа...

-УИХ-ын чуулган хаалттай хуралдаж, Монголын түүхэнд анх удаа гэмт хэрэгт холбогдсон хүнийг шившигтэйгээр Элчин сайдаар томилж байна. УИХ-ын 22 гишүүн нээлттэй сонсгол хийх хэрэгтэй хэмээн санал гарган сонсголоо хийж байхад УИХ-ын дарга М.Энхболд, УИХ-ын гишүүн О.Баасанхүү нарын дэмжлэгтэйгээр хаалттай хуралдаж, өргөдөл гаргасан иргэдийнхээ гомдлыг үл тоомсорлон гутамшигтай шийдвэр гаргалаа. Хүн хулгайлсан, дипломат паспорт ашиглаж хил дамнан хууль бус наймаа хийж байсан гэгдэх, бизнес эрхлэгчид болон иргэдийг дарамталж байсан, олон хүнд хилсээр ял өгүүлсэн ийм л нөхрийг Элчин сайдаар томилох шийдвэрийг хулгайгаар гаргасан. Чоно борооноор гэдэг шиг л юм боллоо. УИХ 76 гишүүнтэй. Б.Хурцыг Элчин сайдаар томилохыг дэмжиж 26 гишүүн санал өгсөн байна лээ. Үлдсэн 50 гишүүн Б.Хурцын эсрэг байна гэсэн үг.

-Гишүүдийн зүгээс тэр бүр асуулт асууж, хариулт аваагүй байна билээ. Тэгэхээр заавал хаалттай хэлэлцэх шаардлага байсан юм болов уу. Энэ талаар та асууж сураглав уу. Үндсэндээ гурван цаг хүлээж байгаад нээлттэй хэлэлцүүлгийн дараа томилох боломж байсан гэх юм?

-Хаалттай хаалганы цаана хулгай л явагддаг. Нээлттэй хэлэлцүүлэг ил тод байж хулгайгаас сэргийлдэг. Ардчилсан төрийн зарчим нээлттэй, ил тод байдал. Хаалттай байдал чинь дарангуйлагч төрийн л зарчим шүү дээ. дарангуйлагч төрийн шинжийг өнгөрөгч баасан гаригт Монголын төр харуулчихлаа. БНСУ-д ажиллаж, амьдарч буй 30 гаруй мянган монгол хүний эрх ашгийг хамгаалуулах гэж Монгол, Солонгосын дипломат харилцааг хөгжүүлэх гэж Элчин сайд томилж байгаа. Түүнээс биш энэ асуудлыг нуугаад байх шаардлага байхгүй.

-Их хурал түүнийг Элчин сайдаар томилохыг дэмжсэн. Энэ томилгоог зогсоох сүүлчийн боломж Ерөнхийлөгчид л байна уу?

-Томилохгүй байх гэж итгэж байгаа. Учир нь Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга “Монгол ялна” гэсэн уриатайгаар сонгуульд орж ялсан. М.Энхболдын бүлэглэлийн гар хөл болсон гэмт этгээд. Европын холбооноос хөөгдөж, зугтаж ирсэн бичиг олон нийтийн сүлжээгээр цацагдсан. Олон хүнийг хэлмэгдүүлсэн фактууд нь ч бий. Тагнуулын дарга байхдаа хууль бус ажиллагаа зохион байгуулсан баримтууд нь байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга монголоо ялуулах байх гэдэгт итгэж байгаа. Зургаан сарын өмнө монгол ялна, монголоо өмгөөлнө, ард түмнийхээ талд бат зогсоно, Монголыг мафийн бүлэглэлийн савраас салгана гэж сонгуульд орсон. Одоо л харъя. Х.Баттулга мафийн бүлэглэлийн эсрэг тэмцэл хийж чадах нь уу, үгүй юу.

-Манай улсад мафи, бүлэглэл ил байдаггүй ч албан ёсоор бий болчихсон юм байна гэж ойлгож болох уу?

-Маш тодорхой олон баримтаар хэлж болно. Тагнуулын дарга нэвтрүүлэгт орохдоо Эрдэнэтийн 49 хувийг Худалдаа хөгжлийн банкинд авч өгөх ажилд нь оролцсон гээд өөрөө хэлж байсан. Тагнуулын байгууллага Засгийн газарт харьяалагддаг. Төрийн албан хаагч, нийтийн албан тушаалтан нийтийн эрх ашгийн төлөө, улсынхаа төлөө, ард түмнийхээ төлөө ажиллах ёстой. Эрдэнэтийн 49 хувийг ард түмэндээ авч өгсөн гэж ярьж байх ёстой хүн байхгүй юу. Гэтэл Худалдаа хөгжлийн банкинд авч өгсөн гээд яриад сууж байдаг, ичих хэрэгтэй. Энэ мэтчилэн мафийн бүлэглэлийн гар хөл болсон хүмүүсийн үйлдэл хэрээс хэтэрч байна. Эрдэнэтийн 49, 51 хувь олон улсын гэрээгээр зохицуулагдсан асуудал. Олон улсын гэрээг зөвхөн УИХ хүчингүй болгоно гэсэн заалттай. Гэтэл өнөөдрийг хүртэл УИХ руу энэ асуудал орж ирээгүй байгаа. Зөвхөн Засгийн газрын түвшинд Монголын мафи хийсэн. Ийм байж болдог юм уу. Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчинө гэдэг бол Монголын бусад бүх хуулийг зөрчиж байна гэсэн үг.

Хуулийн дээгүүр гишгэсэн мафийн гар хөл монгол төрийг сульдуулж, монгол орноор тоглож байна. Дарханы төмөрлөгийн үйлдвэр, төмрийн ордууд, Хөтөлийн цементийн орд, Багануур, банк санхүүгийн салбар бүхэлдээ мафийн гарт орсон. 25-30 хувийн хүүтэй зээл өгдөг дөрвөн банктай хүн байна гээд бод доо. Тэр нь Б.Хурцын найз гээд нэрлээд байгаа Д.Эрдэнэбилэг юм. Банкны тухай хуулиар нэг хүн нэг л банктай байхыг зөвшөөрдөг. Гэтэл яахаараа нэг хүн дөрвөн банктай байдаг юм. Тэр мафийн бүлэглэлд хууль үйлчлэхээ больсон. Бусад хүмүүст болохоор хууль хатуу үйлчилж байгаа. Үүнийг төрийн тэргүүнээсээ эхлээд жирийн иргэн хүртэл мэдэж байгаа шүү дээ. Ц.Элбэгдоржийн үед бий болсон мафийн бүлэглэлийн системийг бид нураах ёстой. М.Энхболдыг тойрсон мафийн бүлэглэлийг Монголын төрөөс зайлуулах цаг болсон. Б.Хурц гэдэг хүн энэ бүлэглэлийн зөвхөн эрэг шураг нь, гүйцэтгэгч нь. Уг бүлэглэлийн ард ноцтой олон асуудал бий.

Монгол төрөө аврах уу, үгүй юу. Төрт ёсыг авч ирэх үү, үгүй юу гэдэг сонголтын өмнө бид зогсч байна. Хууль бус, төрийн эсрэг олон үйлдлийг бүлэглэлүүд хийж байна шүү дээ. Хууль бус ажиллагаа хэрээс хэтэрсэн. Ерөнхийлөгчид нэр дэвшсэн С.Ганбаатарыг, У.Хүрэлсүхийг Шадар сайд байхаас нь тагнаж чагнахаас эхлээд жирийн иргэний халдашгүй эрхэнд хуулийн байгууллагууд дураараа халддаг болсон. Хүссэн хүнээ хэлмэгдүүлдэг. Өрсөлдөгчөө гүтгэдэг. С.Зориг, Д.Цогтбаатар, Д.Энхбатын хэргийг хар. Юу болж байна вэ. 1989 онд ардчилсан хувьсгалыг хийхдээ эрх зүйт төрийг байгуулах зорилго тавьсан. Одоо эрх мэдэлтэй бүлэглэлийн дарангуйлал тогтчихоод байна. Үүнийг засч залруулахын төлөө УИХ-ын гишүүд санаачилга гарган тэмцэж байгаа гэдгийг ойлго. Үнэн ялна. Хуульт ёс ялна, төрт ёс эргэн ирнэ гэдэгт итгэсээр байгаа. Итгэл хамгийн сүүлд бөхдөг гэдэг юм билээ. Миний итгэл бөхөх болоогүй.

-Энэ томилгоо нэгэнт өндрөө авчихсан. Улсаараа л нэг юм боллоо. Ийм дуулиан шуугианыг БНСУ-ын тал дуулалгүй өнгөрнө гэж байхгүй. Цаад улс нь хүлээж авахгүй гэх боломж байдаг уу. Б.Хурцын асуудлаар Германы хуулийн байгууллагууд шалгаж байгаа гэсэн, юу болж байгаа юм бол, мэдээлэл байна уу?

-Монгол Улсын дипломат ёсыг доромжлох шаардлагагүй. Олон улсын харилцаа, хэм хэмжээнд бид хүндэтгэлтэй хандах ёстой. Европын холбоо руу орох эрхгүй хүнийг БНСУ руу Элчин сайдаар явж болно гээд сууж байгаа УИХ-ын дарга үнэхээр ёс зүйгүй авирлаж байна. Европоос хүн хулгайлж ирсэн хүн Солонгосоос хүн хулгайлахгүй ээ гээд ярьж байгаа М.Энхболд даргыг гайхаж байна. БНСУ руу явуулчихвал “бөлдөг”-нөөсөө сална гэж бодож буй УИХ-ын гишүүдээс ичиж байна.

Хувийнхаа сейфэнд гэмт хэргийн материал нуучихсан Тагнуулын дарга Солонгост очоод сайн хүн болчихно гэдэгт итгэхгүй байна. Үүнийг БНСУ мэдэхийн дээдээр мэднэ. БНСУ ардчилсан, хууль дээдэлдэг, төрт ёстой орон.УИХ дээр би “БНСУ Б.Хурцыг Элчин сайдаар ирүүлэхийг хүлээж авахгүй гэвэл хариуцлагыг нь хэн хүлээх вэ” гэдгийг асуухад хариулт өгөх хүн байгаагүй. Бид хийж буй үйлдэл бүртээ хариуцлага хүлээх эзнийг тодорхой болгож байх ёстой. М.Энхболд хариуцлага хүлээх байх гэдэгт итгэж байна. Алдаатай шийдвэр гаргасныхаа төлөө УИХ-ын дарга уучлалт гуйх өдөр ирнэ.

-Нээлттэй хэлэлцүүлгээс гаргасан санал дүгнэлтээ Их хуралд танилцуулах уу?

-Томилгоотой холбоотой ганц эрх Ерөнхийлөгчид үлдсэн. Нээлттэй хэлэлцүүлгийн санал, дүгнэлтээ Монгол Улсын Ерөнхийлөгчид явуулсан. Төрийн тэргүүн бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэр гаргах байх. Ерөнхийлөгч эх орноо хүндэтгэсэн, Монголын төрт ёсыг хүндэтгэсэн шийдвэр гаргана гэдэгт, хэлмэгдсэн зуу зуун хүний төлөө шийдвэр гаргана гэдэгт эргэлзэхгүй байна.

-Нээлттэй хэлэлцүүлгийн үеэр үнэхээр ноцтой асуудлуудыг хөндөж байсан. Энэ бүгдийг хуулийн байгууллага шалгах ёстой. Эсвэл Элчин сайдаар томилогдсон гээд дарагдчих юм болов уу. Таны хэвлэлийн хурлын үеэр хэлсэнчлэн эхнэрийнхээ компанийг татвараас бултуулсан гээд асуудлууд учир зүйгээ олох уу?

-Нээлттэй хэлэлцүүлэгт орсон тэр бүх хүний гомдлыг хуулийн байгууллага шалгах хэрэгтэй. Шинээр үүссэн нөхцөл байдлыг харгалзан бид хууль хяналтын байгууллага руу шилжүүлж байгаа. Хэлмэгдсэн бүх хүнийг цагаатгах ёстой. Хэлмэгдүүлсэн шүүгчид, прокурор, хуулийн байгууллагынхны нэрийг зарлаж, хариуцлага ярих ёстой. Мафийн бүлэглэл өнөө маргаашдаа ялж магадгүй. Гэхдээ шударга ёс урт хугацаандаа ялдаг. Бүлэглэлээс айсан маш олон хүн байна. Тэр хүмүүсийн айдас удахгүй замхран алга болно. Хэрэв та өнөөдөр айдастай байгаа бол эрх чөлөөгүй байна гэсэн үг. Эрх чөлөөтэй хүн айдасгүй байдаг юм.

Хэрэв та өнөөдөр барьцаатай байгаа бол та эрх чөлөөгүй байна, эрх чөлөөтэй хүн барьцаанд ордоггүй юм шүү дээ. Монголын ард түмнийг, улс орныг минь барьцаалах гэж оролдож буй мафийн бүлэглэлийн савраас энэ улс орныг чөлөөлнө. Монголын маш олон бизнес эрхлэгчдийг барьцаалсан байна. Жижиг сажиг алдаан дээр нь дөрөөлж айлгасан байна билээ. Энэ айдсын мананг зад татна. Айдас хүйдэс, барьцаан дээр тулгуурлаж монголыг удирдаж болохгүй. Ардчилсан монгол эрх чөлөөтэй байх ёстой. Би эрх чөлөөний эсрэг дайснуудын өмнөөс сөрнө. Үүний төлөө Ж.Батзандан УИХ-д сонгогдсон.

-Та Б.Хурцаас маш олон хүн айдаг. Их хурлын гишүүд “бөлдөг”-дүүлсэн гэж ярьсан. Харин та өөрөө айхгүй байна уу?

-Нээлттэй сонсгол дээр ирсэн иргэдийн ярихыг та сонссон байх. Б.Хурцаас болж хэрхэн хэлмэгдсэн талаараа тэд ярьсан. М.Энхболдын мафийн бүлэглэл яаж ажилладаг тухай ярьж байна. Иргэдийн айдсын манан задарч байна шүү дээ. Иргэд хэлмэгдсэн он жилүүдийн тухай, хар түүх, гашуун зовлонгийнхоо тухай ярьж байна. Одоо болтол иргэдээс маш олон өргөдөл, гомдол ирсээр л байгаа. Энэ болгоныг ил болгож ярина. Надад айх, барьцаанд орох зүйл байхгүй. Би хэзээ ч барьцаанд орохгүй. Би айдастай амьдарч сураагүй. Тийм зүйл мэдэхгүй. 20 гаруй настайгаасаа иргэний хөдөлгөөнд жагсч явсан хүн. Би долдугаар сарын 1-нд цаазын ялтай шоронд хоригдож байсан. Хэлмэгдлийн гашууныг би мэднэ. 1937 онд миний гурван авга ах буудуулсан.

1964 онд хоёр авга ахыг маань коммунистууд хэлмэгдүүлсэн. Миний өвөө ардын хувьсгалд оролцож явсан. Манайхан тэмцэгч гэр бүл. Эрх чөлөөний төлөө үргэлж тэмцсээр ирсэн. Үр хүүхдүүд маань ч тэмцэнэ. Тэмцдэггүй ард түмэн мөхдөг. Урсдаггүй гол ширгэдэг. Миний цус, монголчуудын цус тэмцэгч цус. Манжийн дарлал болон коммунизмын өөдөөс сөрж тэмцсэн монголчууд бүлэглэлийг ялж чадна. Тэд өөрсдийгөө хүчтэй гэж бодож байна. Гэхдээ нуран унадаг юм. Манжийг унагаж чадсан ард түмэн мафийн бүлэглэлийг унагаж чадна гэдэгт би итгэдэг. Монголчууд мафийн бүлэглэлийн удирдлага доор биш хуулийн доор амьдрах ёстой

-Та татварынхан, аудит, прокуроруудын нэрийг зарлана гэсэн. Хэзээ зарлах вэ. Өмнө нь та С.Зоригийн хэргийн захиалагчийн нэр 14 хоногт ил болно гэж байсан. Одоо болтол ил болоогүй байна л даа...

-Удахгүй тодорхой болно. Захиалагчтай гээд гурван хүнийг шийтгэсэн. Тэгэхээр захиалагч нь тодорхой болох ёстой биз дээ. Нээлттэй сонсголд шийтгэл авсан гурван залуугийн ар гэрийнхнийг оролцууллаа. Монголын ард түмэн тэдний үгийг хангалттай сонссон. Одоо дараагийн алхмуудаа хийнэ. С.Зоригийн хэргийг ил болгоно. Эрдэнэтийн 49 хувийг ард түмэндээ эргүүлэн авч өгнө. Үүний төлөө эцсээ хүртэл тэмцэнэ.

Э.Энхболд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ