Д.Энх-Ундрах: Охиноо алдсан аав ээжийг минь хорьж цагдана гэж хэлсэн байна

Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 2-нд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хоёрдугаар сургуулийн сурагч, найман настай Д.Сэржмядаг охин сураггүй алга болсноос хойш өдгөө нэг сар 18 хоног өнгөрөөд байна. Гэвч өдийг хүртэл ямар ч сэжиг таамаггүй байсаар буй юм.

Тус суманд Цагдаагийн ерөнхий газраас гарсан 10-аад хүний бүрэлдэхүүнтэй баг, Дорноговь аймгийн цагдаагийн хэлтсээс хүч нэмэгдүүлсэн 30 гаруй цагдаагийн алба хаагч, Улаанбаатараас очсон хоёр үнэрч нохой ажиллаж, охиныг эрэн хайсаар байгаа гэх мэдээлэл бий. Гэвч сүүлийн хэдэн хоногт эрлийн ажиллагаа хийж буй эсэх нь тодорхойгүй байгаад ар гэрийнхэн нь гомдолтой байгаа юм. Энэ талаар Д.Сэржмядаг охины том эгч Д.Энх-Ундрахтай утсаар холбогдож ярилцлаа.

-ЗАМЫН-ҮҮДЭЭС ГАРЧ ХАЙХГҮЙ БАЙГААД ГАЙХАЖ БАЙНА-

-Дүүгийн тань эрлийн ажиллагаа явагдаж байгаа юу. Сүүлийн хэд хоног нам жим болчихлоо?

-Цагдаа нар хайж байгаа юм уу, бүү мэд. Ар гэрийнхэн бид хайсаар л байгаа. Дорноговь аймгийн цагдаа нар юм уу, эсвэл хотоос очиж ажиллаж байгаа мөрдөгч нар нь юм уу, бүү мэд хэд хоногийн өмнө ээжийг маань дуудаад аймаар байцаасан гэсэн. Манай аав, ээж хоёр бүр хүн бүрээр чичлүүлж, шалгаалгасаар байгаад хэцүү байдалтай байгаа.

-Юу гэж байцаасан юм бол?

-Бараг л хүүхдээ зарчихсан гэж хардаад байгаа юм уу даа. Аав, ээжийг маань хорьж цагдана гэж хэлсэн байсан. Ээж айсан байдалтай над руу ярьж байна. Юу гэсэн үг вэ. Ямар үндэслэлээр ээж, аавыг маань хорьж цагдана гэж хэлдэг байна аа. Ямар ч сэжүүр гарахгүй болонгуут эцэг, эх рүү нь дайрч байгаа биз. Гурав дөрвөн хүүхэд гаргаад өдий зэрэгтэй өсгөж хүмүүжүүлсэн аав, ээжийг маань үр хүүхдээ зарсан гэж хардаад байдаг юм уу, бүү мэд. Зарахаар бол биднийг бага байхад бас зарах л байсан байлгүй. Өөрийгөө зовоож тарчлаан байж гаргасан үрээ зараад явах тийм хүмүүс биш. Сэтгэл санааны гүн хямралтай байгаа хүмүүсийг дээрээс нь хардаж сэрдэж, хорьж цагдана гэж хэлснийг сонсоод үнэхээр гомдолтой байна. Манай аав, ээж хоёрыг хориод яах юм бэ. Дүү маань олдох юм уу...

-Та бүхэн цагдаа нарыг эрлийн ажиллагаа муу явуулж байна гэж үзэж байгаа юу?

-Дүү минь алга болоод одоо бараг сар хагас боллоо. Гэтэл өдийг хүртэл ямар ч сэжиг таамаг олдоогүй. Цагдаа нар Замын-Үүдээсээ гарахгүй сар гаран боллоо. Замын-Үүддээ л хайгаад байх юм. Замын-Үүдээс гадна 21 аймгийн 360 сум байгаа биз дээ. Ядаж зөн билэгчдийн зааж байгаа зүгт эрж хайгаад өгөхгүй байна. Яаж ажиллаад байгааг нь ерөөсөө ойлгохгүй байна.

serjmyadag

-ЗӨН БИЛЭГТНҮҮД ДҮҮГ МААНЬ АМЬД БАЙНА ГЭДЭГ-

-Та бүхэн зөн билэгчидтэй хамтарч ажиллаж байгаа гэсэн. Тэр хүмүүс юу гэж хэлж байна?

-Тийм ээ. Өчигдөрхөн ээж маань Зөн билгийн тулааны ялагч Б.Эрдэнэсантай утсаар ярьсан байна лээ. Ерөөсөө зүүн хойшоо гэсэн зүг гараад байна гэж хэлсэн байсан. Тэгэхээр Хэнтий, Дорнод хавьцаа л гэж хэлээд байх шиг байна. Бид үзэж хардаг ямар л хүн байна үзүүлж харуулаад, үр дүнд хүрээгүй л байна. Аав, дүү хоёр саяхан Увс явж мэргэн хүмүүст үзүүлж харуулаад ирсэн. Тэр хүмүүс гэрт нь очиж үзнэ гэсэн байна билээ. Тэр хүмүүс маань 20-д гаргаад ирж манай гэрт үзэж харна гэсэн. Тэр хүмүүсээр сум хүртэл тавиулсан. Гэрт ирж дахин сум тавина гэсэн. Хүлээгээд л байж байгаа.

-Зөн билэгтнүүд танай дүүг амьд мэнд байна гэж хэлдэг үү?

-Тэгдэг. Зураг болон өөрийнх нь эдэлж хэрэглэж байсан хувцас, эд хэрэглэлээс нь дулаан энерги мэдрэгдээд байна. Тэгэхээр үхээгүй байна гээд байгаа. Харин зүүн хойд зүгт л байна гэдэг.

-Ямар хүмүүс авч явсан гэдгийг нь дүрсэлж хэлэх юм уу?

-Ерөнхийдөө хэлж байсан. Гурван эрэгтэй, нэгээс хоёр эмэгтэй хүн оролцсон хэрэг байна гэж хэлсэн. Бүр төлөвлөгөөтэй авч явсан байна гэсэн зүйл ярьдаг.

-Та бүхэн цагдаагийн байгууллагад “Дорноговиос гарч хайгаач” гэдгээ хэлсэн үү?

-Би өөрөө хотод байгаа. Ээж хэлсэн байх. Дорноговьд байсан бол олдвол олдохоор цаг хугацаа өнгөрлөө. Үзэж хардаг хүн бүр зүүн хойд зүг гэж заадаг. Цагдаа нар эрлийг мухарлаад, зүүн хойно байгаа аймаг, сумдад эрлийн ажиллагаа хийхгүй байгаад гайхаж байна. Одоо бүр нам жим болчихлоо. Сүүлдээ бүр хэргийг нь хаах гэж байна гэж сонсогдож байна. Олоогүй байж яахаараа хэргийг нь хаадаг юм бэ. Ядаж үхсэн бол цогцсыг нь олж өгчихөөд ийм зүйл ярих хэрэгтэй шүү дээ. Бид найдлага тасрахгүй байгаа. “Хэрвээ хэрэг хаана гэвэл гомдол гаргаад, хэргийг хаалгаж болохгүй шүү” гэж ээждээ захисан.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ