Ж.Батзандан: Б.Хурцын томилгоог Ерөнхийлөгч зогсооно гэдэгт итгэлтэй байна
УИХ-ын гишүүн Ж.Батзандан тэргүүтэй гишүүд ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг БНСУ-д суух Элчин сайдаар томилохыг эсэргүүцэж нээлттэй сонсгол зохион байгуулсан. Нээлттэй сонсголдоо Б.Хурцтай холбоотой гомдол ирүүлсэн иргэд, тэдни ар гэр, өмгөөлөгчдийг оролцуулан сонссон юм. Улмаар энэхүү нээлттэй хэлэлцүүлгээсээ санал дүгнэлт гаргасан. Санал дүгнэлтээ Ерөнхийлөгч Х.Баттулгад хүргүүлж байгаа ажээ. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Батзандан мэдээлэл хийллээ. Тэрээр “Ерөнхийлөгч “Монгол ялна” гэсэн уриа дэвшүүлж сонгуульд оролцсон. Монгол ялна гэдэг бол Монголын ард түмэн, шударга ёс, үнэн ялна гэсэн үг. Мөн бүлэглэлүүдтэй, гэмт хэрэгтнүүдтэй тэмцэнэ гэсэн үг. Мафийн бүлэглэлийг төрөөс шахаж гаргана гэсэн үг. Б.Хурц, Ц.Элбэгдоржийг тойрсон мафийн бүлэглэлийн гарт сүүлийн 8-10 жилийн дотор олон зуун хүн хэлмэгдсэн байна. Монгол Улсын томоохон бүлэг ордуудыг энэ бүлэглэл булааж авсан байна. Энэ бүлэглэлийн булхайг илчилснийхээ төлөө УИХ-ын гишүүд заналхийлэлд өртөж байгаа. Гэхдээ миний, бидний тэмцлийг мафийн шинжтэй бүлэглэлийн заналхийлэл зогсоож чадахгүй. Монгол Улсын Ерөнхийлөгчийн шийдвэрийг харъя. Ерөнхийлөгч Х.Баттулга Б.Хурц гэдэг хүнийг БНСУ-д суух Элчин сайдаар томилох томилгоог зогсооно гэдэгт итгэлтэй байна. Б.Хурцыг тойрсон хууль хяналтын байгууллага дахь мафийн бүлэглэлийн гишүүдийн нэрсийг удахгүй зарлана. Б.Хурцын төлөөлөл болж ажилладаг таван прокурор, дөрвөн шүүгч, 10 мөрдөн байцаагч байна. Мөн татварын байцаагч, аудитын ажилтнууд бий” гэв.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан дээрх мэдээллийг хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.
-Ерөнхийлөгч зөвшилцөн томилуулахаар УИХ руу оруулж ирсэн хүнийнхээ томилгоог эсэргүүлэх хууль эрх зүйн орчин бий юү?
-Ерөнхийлөгч биш Засгийн газраас оруулж ирсэн. Ерөнхийлөгч тэр саналыг нь УИХ-д уламжлан оруулж ирдэг. Одоогийн байдлаар Ерөнхийлөгч дээр хэд хэдэн Элчин сайдын асуудал гацаатай байгаа. Ерөнхийлөгч буцаах эрхтэй. УИХ буруу шийдвэр гаргасан бол томилохгүй байх эрх нь Ерөнхийлөгчид бий. Тиймээс Ерөнхийлөгч энэ асуудалд нааштай хандана гэдэгт итгэлтэй байна. Мөн Б.Хурцын эсрэг гомдол гаргасан хүмүүс Ерөнхийлөгчтэй уулзахаар цаг авчихсан байгаа.
-Таныг Л.Болд гишүүний хамтаар намынхаа бүлгээс гарах гэж байгаа тухай мэдээлэл гарсан. Энэ талаар юу хэлэх вэ?
-Ийм мэдээлэл гарсанд харамсч байна. Тийм зүйл байхгүй. АН-ын гишүүн бол Монголд шударга ёс, зарчим, хуульт ёсыг хэрэгжүүлэхийн төлөө тэмцэх үүрэгтэй. Түүнээс биш мафийн бүлэглэлийг хамгаалах гэж, хууль зөрчдөг, хүн хэлмэгдүүлдэг нөхдийг өмгөөлөх гэж АН-ын гишүүн болоогүй.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ