Шатахууны хараат байдалд "шаг" тавихын учиг

Манай улсын уул уурхай, дэд бүтэц, аж үйлдвэрлэлийн томоохон бүтээн бай­гуу­лалтын ажил эрчимжиж байгаа­тай холбоотойгоор нефтийн бүтээгдэхүүний хэрэглээ эрс өсөн нэмэгдэж байна. Гэтэл бид нефтийн бүтээгдэхүүний хэрэгцээгээ 100 хувь импортоор хангадаг бөгөөд түүнийхээ 95 орчим хувийг зөвхөн ОХУ-аас авдаг.

Тухайлбал, өнгөрсөн онд гэхэд л 1,040,336 тонн шатахуун импортолсон байна. Шатахууны импортын төрлийн хувьдавч үзвэл өнгөрсөн онд импортолсоннефтийн бүтээгдэхүүний 60 хувийг дизелийн түлш эзэлжээ. Энэ нь мөнөөх л уул уурхай,дэд бүтцийн бүтээн байгуулалт эрчимжсэнтэй холбоотой.

“Роснефть” Монгол Улсад нийлүүлэх нефтийн бүтээгдэхүүндээ минимум квот тогтоож, Заавал худалдах, худалдан авах гэрээ байгуулжээ. Энэ хүрээнд Монголд сар тутамд Аи-92 10,000 тн, зуны дизелийн түлш 40,000 тн, өвлийн түлш 30,000 тонныг нийлүүлэхээр тусгасан байна. Ийнхатуу нөхцөл тулгасан ч Монгол Улсын хувьд яаж ийгээд авахаас аргагүй. Бидэнд “авахгүй” гэж хэлэх эрх байхгүй. Ийнхүү Монголыннефтийн бүтээгдэхүүний хангалтын асуудал улам бүр түвэгтэй, түгшүүртэй болж байгааг харуулж байна. Нэг үгээр хэлбэл, гарц хайх цаг үнэхээр болжээ гэдгийг илтгэж буй юм. Бид нефтийн бүтээгдэхүүний хувьд нэг улсаас хараат байдлаа хэрхэн бууруулж, хэзээ дотооддоо газрын тос боловсруулах үйлдвэр барих вэ гэдэг хамгийн чухал асуудал юм.

Алт, зэс, нүүрс тэргүүтэй 80 төрлийн ашигт малтмал хэвлийдээ тээсэн Монгол нутагт газрын тосны нөөц ч чамлахааргүйбий. Харин чанга атгаж, “чулуу” болгох эсэх нь зөвхөн бидний ур ухаан мэдэх хэрэг. Манай улсын газрын тосны баталгаат нөөц 196 сая тонн бөгөөд үүнээс ашиглалтын баталгаат нөөц 20.17 сая тонн.

Гэвч өнөөдөр манайд стратегийн бүтээгдэхүүн болох нефтийн бүтээгдэхүүний улсын нөөц байдаггүй гэж хэлж болно. Энэ нь, төрд нефтийн бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэх агуулах сав байдаггүйтэй холбоотой. Тиймээс хэлтэй амтай ч гэсэн бүхэл бүтэн улсын нефтийн бүтээгдэхүүний хангамжийн асуудлыг хар толгойгоороо хариуцаж ирсэн хувийн 10 гаруй импортлогч компанийнхаа савыг төр ашигладаг гэсэн үг. Ахиухан савтай компанийн савыг төр түрээсэлж, тодорхой хэмжээгээр бүтээгдэхүүн хадгалдаг байна. Гэхдээ энэ нь өчүүхэн бага. Үндсэндээ улсын нөөц нь зах зээл дээр үйл ажиллагаа явуулж буй компаниудын бүтээгдэхүүний нөөцөөр тодорхойлогддог гэж үзэж болох юм.

Газрын тосны үйлдвэр байгуулах, нүүрснээс шингэн түлш гаргах технологи нэвтрүүлэх зэрэг санал, санаачилгыг хувийн хэвшлийнхэн гаргадаг ч төр, засгийн түвшинд очоод гацдаг тухай мэргэжилтнүүд олон хэлдэг. Тиймээс нефтийн бүтээгдэхүүний хараат байдлаас гарах стратегийн зорилттой болж, ямар ч улстөрийн нам эрх барьж байсан тэрхүү зорилгод хүрэхийн тулд ажилладаг байх хэрэгтэй юм.

Г.Хулан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ