Үндэсний лигийн оргил тоглолт Архангайн ялалтаар өндөрлөв
Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулж буй Үндэсний лигийн улирлын тоглолтууд Үйлдэрчний соёлын төв ордны спорт зааланд болж байна. MNBAҮндэсний лигийн улирлын тоглолтууд талаасаа өнгөрч плей-оффын байрлалын төлөөх өрсөлдөөн хүчтэй өрнөж эхэллээ. Ингээд өчигдөр /2017.12.13/ болсон тоглолтын мэдээллийг хүргэе.
MNBA Үндэсний лигт нэг ч хожигдоогүй Тордайн Ариунболд эзэнтэй Архангай аймаг “Алтан Дорнодын Дайчид” баг энэ удаад мөн л хожигдоогүй бүсээ тэргүүлж байсан “Ховд Шонхорууд” багийн эсрэг тоглолтоо хийсэн. Ордон дүүрэн үзэгчид энэхүү тоглолт дээр анхаарлаа төвлөрүүлж ордон нам гүмхэн байлаа. Тоглолтын өмнө УИХ-н гишүүн С.Бямбацогт Ховд аймгийн багаа дэмжихээр хүрэлцэн ирсэн бөгөөд 3х3 Азийн аварга Азийн аваргийн Үнэ цэнэтэй тоглогч Э.Дөлгөөн болон Азийн аварга Г.Цэнгүүнбаяр нарт баяр хүргэсэн. Ингээд тоглолт эхлэхэд Э.Цолмонбаяраар ахлуулсан Архангай аймгийн дэмжигчид багаа эрч хүчтэйгээр уухайлан дэмжиж байсан юм.
Ховдчууд ч гэсэн дутахааргүй олуулаа ирсэн. Гэхдээ тоглолтын эхлэл төсөөллөөс арай өөр байж, Архангай Дайчид баг илүүрхсэн эхлэлийг хийлээ. Улмаар эхний хагаст Дайчид илүүрхсэн. Гэхдээ хүчирхэг Шонхорууд хоёрдугаар хагаст тун сайн байж дөрөвдүгээр үеийн төгсгөлд оноог ердөө хоёр болгож ойртуулсан ч тоглолт дуусахад 13 секунд дутуу байх үед А.Энхбаясгалан дээр алдаа гаргаж улмаар хоёр шидэлтээ амжилттай болгосон нь тоглолтыг шийдсэн юм.
3х3 дэлхийн лигийн аварга О.Энхбаатар өчигдрийн тоглолтод шилдэг нь байж 17 оноо, 9 самбар авч багаа тэргүүлсэн бол Г.Баттөр 15 оноо, 7 оновчтой дамжуулалт өглөө. Харин эсрэг багаас Э.Дөлгөөн 14 оноо, 12 самбар, 7 онвчтой дамжуулалт, 6 бөмбөг таслалт, Г.Цэнгүүнбаяр 13 оноо, 5 самбар гүйцэтгэсэн бол О.Доржзовд, Баярсүрэн нар 12 оноо авлаа. Ийнхүү Шонхорууд анхны ялагдлаа хүлээсэн бол Архангай Алтан Дорнод Дайчидын төгс амжилт үргэлжилсээр.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ