"Арилжааны банкуудаас 220 тэрбумыг авна"
Гадаадын зээл тусламжаар хэрэгждэг төслүүдийн арилжааны банкууд дахь дансыг хааж, орлогыг нь Төрийн дансанд шилжүүлэх шийдвэр гараад байна. Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас тодрууллаа.
-Арилжааны банкуудад байршиж байсан гадаадын зээл, тусламжийн валютын дансыг Төрийн санд шилжүүлэх шийдвэр гарчээ. Төрийн санд шилжүүлснээр ямар өөрчлөлт гарах вэ?
-Засгийн газрын өчигдрийн хуралдаан дээр төсвийн сахилга бат сайжруулах, 2018 оны төсвийг хэрэгжүүлэх Ерөнхий сайдын албан даалгавар гарахаар болсон. Энэ шийдвэрийн хүрээнд хэд хэдэн онцлох зүйл бий. Тухайлбал, гадаадын зээл, тусламжаар хэрэгжиж байгаа маш олон төсөл Монголд бий. Энэ төслүүдийн данс арилжааны банкуудад байршиж байгаа.
Өөрөөр хэлбэл, Засгийн газрын баталгаа гаргаж авсан зээлийн мөнгө арилжааны банкинд байршиж, дараа нь Засгийн газар өндөр хүүтэй үнэт цаас гаргаж буцааж авдаг. Тэгэхээр төсвийн сахилга бат сайжруулах, Засгийн газрын санхүү, мөнгөн хөрөнгийн удирдлагыг сайжруулах зорилгоор арилжааны банкууд дахь гадаадын зээл, тусламжаар хэрэгжүүлж байгаа төслүүдийн дансыг арилжааны банкнаас Төрийн санд татах ажиллагааг эхлүүлсэн.
-Арилжааны банкууд дээр ойролцоогоор хэдэн төрлийн дансанд хичнээн хэмжээний мөнгө байршдаг юм бэ?
-Нийт 220 тэрбум төгрөг Төрийн санд төвлөрүүлэх тооцоо гарсан. Түүнээс гадна хэд хэдэн төрийн байгууллага Төрийн сан дахь дансаа арилжааны банк руу шилжүүлсэн байгаа. Эдгээр байгууллагын дансыг мөн эргүүлэн Төрийн дансанд шилжүүлнэ. Ер нь бол Засгийн газар өөрийнхөө мөнгөн хөрөнгийг зөв удирдах, санхүүгийн сахилга баттай болж өндөр хүүтэй зээлийг бууруулах зорилгоор ажиллаж байгаа. Энэ хүрээнд хийгдэж байгаа ажил. Цаашид ч үргэлжилнэ. Төсвийн сахилга бат сайжруулах зорилгоор Сангийн яамнаас Шилэн дансны хуулийн хэрэгжилтийг сайжруулах ажил хийгдэж байна. Төрийн сан дээр хийгдэж байгаа бүх гүйлгээний мөнгөн дүн шилэн дансанд байрших шаардлага тавьж, ил тод байх шийдвэрүүд гаргаж эхэлсэн.
-Валютын дансыг төрийн санд татсанаар арилжааны банкуудад эрсдэл учрах уу?
-Арилжааны банкуудад эрсдэл үүсэхгүй. Төр өөрийнхөө мөнгийг буцааж авч байгаа. Эдгээр валют нь богино хугацаатай харилцах дансан дээр байсан мөнгө. Монгол Улс өөрөө их өртэй, Засгийн газрын мөнгийг зөв удирдахгүй байгаа учраас маш олон арга хэмжээ хэрэгжүүлж чадахгүй байна.
Гэтэл өмнөх жилүүдэд авсан зээлийн хүүд 2018 онд 1,1 их наяд төгрөг төлөхөөр байгаа. Энэ хэмжээгээр ард иргэдэд хүрэх ёстой төрийн үйлчилгээ, үзүүлэх ёстой үйлчилгээгээ бүрэн дүүрэн хэрэгжүүлж чадахгүй байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ