Тавантолгойн нүүрс тээвэрлэлтийг зогсоолоо
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар Тавантолгойн нүүрс тээвэрлэлтийг түр зогсоох шийдвэр гаргалаа.
Тавантолгойн ордуудаас “Эрдэнэс Тавантолгой”, “Тавантолгой”, “Энержи ресус” зэрэг томоохон компаниуд нүүрс тээвэрлэж, Гашуунсухайт боомтоор БНХАУ-д экспортолж буй. Энэ экспортын нүүрсний тээвэрлэлт 120 км орчим үргэлжилсэн урт дараалал үүсгээд байгаа.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас Засгийн газрын 320-р тогтоолын хэрэгжилтийг хангах, нүүрсний тээвэрлэлттэй холбоотой үүссэн хүндрэлтэй нөхцөл байдлыг арилгах ажлын хэсэг Өмнөговь аймагт ажиллаж байгаа. Энэхүү ажлын хэсэг одоогийн үүсээд байгаа 120 км замын урт дарааллыг бууруулахын тулд шинэ тээвэрлэлтийг түр хугацаагаар зогсоож, шинэ маршрутаар тээвэрлэлт хийхэд урт дараалал үүсгэхгүйн тулд тээвэрлэлтийг түр хугацаагаар зогсоож байгаа юм байна.
Урт дарааллын улмаас Гашуунсухайт чиглэлийн замд тээвэрлэлт хийж байгаа 6000 гаруй жолоочийн асуудал, хүйтний улирал эхэлсэнтэй холбогдуулан энэ асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгаа учраас ийнхүү тээвэрлэлтийг зогсоож, шинэ маршрутаар нүүрс тээвэрлэлтийг хийхээр төлөвлөсөн юм байна.
Тиймээс өнгөрсөн шөнийн 01:00 цагаас эхлэн Эрдэнэс таван толгой, орон нутгийн Таван толгой, Энержи ресурс ХХК-ийн ачилтыг түр хугацаагаар зогсоосон байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ