"Алтан бөмбөг"-ийн эзэд тодорлоо

Монголын хөлбөмбөгийн холбооны шилдгүүдийг тодруулах 'Алтан бөмбөг' ёслол өчигдөр /2017.12.12/ боллоо. Хөлбөмбөгийн шилдгүүдийг танилцуулъя.

ШИЛДЭГ ЭРЭГТЭЙ ТОГЛОГЧ: “ЭРЧИМ” КЛУБИЙН ХАГАС ХАМГААЛАГЧ М.ТӨГӨЛДӨР

М.Төгөлдөр “Хүрхрээ” үндэсний дээд лигийн 2017 оны улиралд 17 тоглолтод 10 гоол оруулан, 5 гоолын дамжуулалт өгч, үндэсний лигийн шилдэг хагас хамгаалагчийн шагналыг хүртсэн юм. М.Төгөлдөр “Эрчим” клубтэй “Хүрхрээ үндэсний лиг”-т гурав дараалан түрүүлснээс гадна шигшээ багийн салшгүй нэгэн хэсэг болсон тоглогч. Үүнийг Монголын 23 хүртэлх насны шигшээ Тайландтай 1:1-ээр тэнцэхэд нэг гоол, үндэсний шигшээ баг Тайваньтай нөхөрсөг тоглолт хийхэд нэг гоолын дамжуулалт, үндэсний шигшээ Индонез улсад “ACEH WORLD SOLIDARITY” тэмцээнд хоёр гоол оруулсан амжилтуудаас харж болно.

ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ ТОГЛОГЧ: “АРВИС” КЛУБИЙН ХАГАС ХАМГААЛАГЧ Г.ЦОЛМОН

Г.Цолмон гурав дахь жилдээ зохиогдсон “Эмэгтэйчүүдийн лиг”-ийн аваргын цомыг “Арвис” багийнхаа хамтаар хоёр дахиа өргөсөн. “Эмэгтэйчүүдийн лиг”-т түрүүлснээс гадна 16 хүртэлх насны УАШТ-д түрүүлж, шилдэг хагас хамгаалагчийн шагналыг хүртсэн өсөх ирээдүйтэй, авьяаслаг тоглогч юм. Эдгээрээс гадна Г.Цолмон өнгөрөгч тав дугаар сард Хонгконг улсад зохиогдсон Азийн 15 хүртэлх насны АШТ-д Монголын 14 хүртэлх насны охидын шигшээ баг Гуамтай 1:1-ээр тэнцэхэд нэг оруулсан. Энэ нь Монголын эмэгтэйчүүдийн шигшээ багийн түүхэнд албан ёсны тэмцээнд оруулсан анхны гоол болон тэмдэглэгдэхийн зэрэгцээ, анхны оноог авч ирсэн.

Оны шилдэг эмэгтэй тоглогч Г.ЦолмонОны шилдэг эмэгтэй тоглогч Г.Цолмон

ШИЛДЭГ ГАДААД ТОГЛОГЧ: “ЭРЧИМ” КЛУБИЙН ХАГАС ХАМГААЛАГЧ ШУТА ИШИНО

“Алтан бөмбөг” ёслолын үйл ажиллагаанд шинээр нэмэгдсэн “Шилдэг гадаад тоглогч” номинацийн ялагчаар “Хүрхрээ үндэсний дээд лиг”-ийн аварга “Эрчим” клубийн Япон хагас хамгаалагч Шута Ишино шалгарлаа. Шута Ишино 2017 оны “Хүрхрээ үндэсний дээд лиг”-ийн улиралд 12 гоол оруулан, 10 гоолын дамжуулалт өгсөн. Өнгөрсөн жил “Бэлгэдлийн 11”-т багтсан анхны гадаад тоглогч болсон Шута Ишино энэ жил “Шилдэг гадаад тоглогч” шагналыг авсан анхны тоглогч болов.

“ГАНГАН ГООЛ”-ЫН ЭЗЭН: “ГОЁО ЭФ СИ” КЛУБИЙН ДОВТЛОГЧ П.ЭНХБИЛЭГ

Бүтэн таван сарын турш үргэлжилсэн “Хүрхрээ үндэсний дээд лиг”-ийн хамгийн үзүүштэй, шилдэг, гоёмсог, “Ганган гоол”-оор “Гоёо Эф Си” клубийн довтлогч П.Энхбилэгийн “Эф Си Улаанбаатар” клубийн хаалганд оруулсан гоол шалгарлаа. П.Энхбилэг “Хүрхрээ үндэсний дээд лиг”-т торгуулийн талбайн гаднаас хамгийн олон гоол оруулсан бөгөөд тэдгээр гоолуудын нэг нь 2017 оны “Ганган гоол” шагналыг эзэндээ олголоо. SPS HD телевизийн нэрэмжит “Ганган гоол” шагналыг хүртсэн П.Энхбилэг 2017 оны “Хүрхрээ үндэсний дээд лиг”-ийн улиралд 7 гоол оруулж, 1 гоолын дамжуулалт өгсөн.

ЭРЭГТЭЙ БАГИЙН ШИЛДЭГ ДАСГАЛЖУУЛАГЧ: “ЭРЧИМ” КЛУБИЙН ДАСГАЛЖУУЛАГЧ З.БАТТУЛГА

З.Баттулга “Хүрхрээ үндэсний лиг”-ийн аваргын тавцанд “Эрчим” клубийг гурван удаа дараалан гаргаж, үндэсний лигт гурван улиралд дараалан түрүүлсэн анхны баг болгосон. Зөвхөн энэ жилээр зогсохгүй сүүлийн гурван жил З.Баттулга “Эрчим” клубийн тоглолтын арга барилыг өөрчилж, илүү хүчирхэг баг болгож, 120 сая төгрөгийн шагналын сантай “Хүрхрээ үндэсний дээд лиг”-т гурав дараалан түрүүлээд байна. З.Баттулга зөвхөн “Эрчим” клубийнхээ хамтаар амжилт гаргах бус Монгол улсын 19 хүртэлх насны шигшээ багийг удирдан Сингапурын шигшээ багийг 4:2-оор хожиж, энэ насны шигшээ багийн түүхэн дэх анхны оноо, хожлыг авсан.

ЭМЭГТЭЙ БАГИЙН ШИЛДЭГ ДАСГАЛЖУУЛАГЧ: “ТУУЛЫН ТОМ ТУЛНУУД” КЛУБИЙН ДАСГАЛЖУУЛАГЧ Б.БОЛД

Хан-Уул дүүргийн хөлбөмбөгчдийн дийлэнх нь Б.Болд дасгалжуулагчийн гараар дамжсан гэхэд хилсдэхгүй. Өдгөө “Туулын Том Тулнууд” клубийн эрэгтэй, эмэгтэй багууд мөн л Б.Болд дасгалжуулагчтай салшгүй холбоотой байна. Б.Болд дасгалжуулагч 2017 онд охидын УАШТ-д амжилттай оролцож, оны шилдэг “Эмэгтэйчүүдийн багийн дасгалжуулагч”-аар тодорлоо. Түүнд шагналыг МХБХ-ны Зөвлөлдөх зөвлөлийн гишүүд болох Ж.Хишигжаргал, Г.Мөнхчулуун нар гардууллаа.

ШИЛДЭГ ШҮҮГЧ: ОУХБХ-НЫ /FIFA REFEREE/ ЗЭРЭГЛЭЛТЭЙ ШҮҮГЧ Д.ТҮМЭНБАЯР

Шүүгч хэмээх амаргүй боловч амттай ажлыг хийгээд 14 жил болж буй Д.Түмэнбаяр 2017 оны “Шилдэг шүүгч”-ээр шалгарлаа. МХБХ-ны шүүгчдээс хамгийн олон жил шүүж, ажил мэргэжилдээ хоёргүй сэтгэлээр зүтгэж буй Д.Түмэнбаяр дан ганц тэмцээн уралдаан шүүгээд зогсохгүй ирээдүй хойч үеээ бэлдэж, техник, фитнессийн дасгалжуулагч хийдэг. 2017 оны “Шилдэг шүүгч” болсон Д.Түмэнбаярт шагналыг МХБХ-ны Техникийн хэлтсийн захирал Ш.Жаргалсайхан, МХБХ-ны Зөвлөлдөх зөвлөлийн гишүүн, Футзалын хорооны дарга Б.Гансүх нар гардууллаа

МХБХ-НЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭМЖИТ ШАГНАЛ

Монголын Хөлбөмбөгийн Холбооны Ерөнхийлөгч А.Ганбаатар өөрийн нэрэмжит шагналыг Футзалын үндэсний шигшээ багийн дасгалжуулагч С.Эрдэнэ-Очир болон “Хүрхрээ үндэсний дээд лиг”-ийн “Улаанбаатар сити” клубт гардууллаа. Монголын футзалын үндэсний шигшээ болон 20 хүртэлх насны футзалын шигшээ багийн дасгалжуулагч С.Эрдэнэ-Очир 2017 онд Монголын Хөлбөмбөгийн түүхэнд тодоор тэмдэглэн үлдэх амжилтыг бүтээсэн. С.Эрдэнэ-Очир дасгалжуулагчтай залуучуудын футзалын шигшээ баг Азийн 20 хүртэлх насны АШТ-ий шөвгийн наймд шалгарч, манай улсын шигшээ багуудаас Азийн аваргын хэсгийн шатыг давсан анхны баг болсон юм. 2015 онд футзалын үндэсний шигшээ багийг удирдан Хонгконгийн шигшээ багийг 8:3-аар хожиж футзалын шигшээ багийн анхны оноо хожлыг авч байсан бол энэ жил бүх шигшээ багуудын хүрээгүйд хүрсэн билээ.

“Улаанбаатар Сити” клуб 2016 онд, байгуулагдсан анх жилдээ “Хүрхрээ үндэсний дээд лиг”-т өрсөлдөж, 8-р байранд орсон Ганзоригийн Дашням эзэнтэй “Улаанбаатар Сити” клуб энэ жил огцом тэсрэлтийг хийлээ. Тэд энэ онд “Хүрхрээ үндэсний дээд лиг“-ийн аваргын төлөө ширүүн өрсөлдөөнийг үзүүлж, мөнгөн медаль хүртсэнээс гадна “Холбооны цом”-ын тэмцээний аварга багаар тодорсон билээ. Зөвхөн талбай дээр ч биш, талбайн гадна ч олон томоохон төслийг хэрэгжүүлж буй “Улаанбаатар Сити” клуб ирэх онд өөрсдийн цэнгэлдэх хүрээлэнтэй болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ