Бурханч лам Г.Пүрэвбат: Үндэсний урлаг, соёлоо ард түмэндээ таниулая гэсэн юм
Өнөөдөр (2017 оны 12 дугаар сарын 12) 11:00 цагт Төрийн ордны ‘Төрийн ёслол хүндэтгэлийн цогцолбор” дахь Монгол төрийн түүхийн музей-д Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, Бурханч лам Г.Пүрэвбатын “Урлах ухааны онолын цуврал ном”-д зориулсан үзэсгэлэнгийн нээлт боллоо.
Энэхүү номыг Монгол түмний уламжлалт бурхны шашин XX зууны эхээр тасран мөхсөнөөс хойш эдүгээ дахин сэргэж буй энэ үед их таван ухааны нэг болох Урлах ухааныг сэргээн хөгжүүлэх суурь гарын авлага болгон гаргаж байгаа аж.
Өмнө нь Г.Пүрэвбат ламын эрхлэн гаргасан “Их Монголын бурхны шашны урлахуйн ухааны үндсэн мэдэгдэхүүн” хэмээсэн хоёр боть номыг судалснаар Бурханы шашин дахь бурхдыг үзэж харсны даруй гадаад дүр төрх, өмсгөл хувцас, чимэг зүүсгэл, мутрын барьц, мутарлаг, суудал хөдөлгөөн, заларсан дэвсгэр ширээ, хөлөглөсөн уналга хөлөг болоод шашны зан үйл дэх тахилын төрөл зүйл, хөгжмийн зэмсэг тэргүүтэн бүхий эдлэл хэрэглэлүүдийн гарал үүсэл, хэрэглээ, хэмжээ, хэлбэр хийц, бэлгэдэл утга зэргийг танин мэдэх боломжтой юм.
Энэхүү номд орсон монголчуудын урлах ухааны 36 төрөл зүйл бүхий судалгааны зургуудын эхийг бэлтгэхэд Монголын бурхны шашны урлахуй ухааны дээд сургуульд суралцдаг шавь нар нь голлон тусалсан байна.
Үзэсгэлэнгийн нээлтийн ёслолын ажиллагаанд УИХ-ын дарга М.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц, Мамба Дацан хийдийн хамба Д.Нацагдорж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Ц.Хулан нарын зочид төлөөлөгчид оролцов.
Номын үзэсгэлэнгийн нээлтэд оролцсон Монгол Улсын Ерөнхийлөгчийн соёл, шашны бодлогын зөвлөх Ц.Хулан хэлсэн үгэндээ “Хүндэт зочид, лам хуврагууд, ноёд хатагтай нар аа. Хэдхэн хоногийн дараа морилон ирэх шинэ оны босгон дээр монголчууд бид оюун санааныхаа ертөнцийн нэгэн их үйлсийг гэрч болцгоож байна.
Өнөөдөр буюу зулын 25-ны Дүйчин энэ өдөр Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Бурханч лам Пүрэвбатын 30 гаруй жилийнх нь нөр их хөдөлмөр шингэсэн Урлахуй ухааны 5 дахь цуврал ном хэвлэгдэн гарч, Монголын ард түмний алган дээр очлоо.
Монголчуудын уламжлалт бурхны шашны Таван их ухааны нэг Урлахуй ухааныг сэргээн хөгжүүлэхэд суурь гарын авлага болгох зорилгоор энэхүү цуврал ном бүтээгдсэнтэй зэрэгцээ бидний өвөг дээдсийн үеийн үе нандигнан хадгалж хүндэлж дээдэлсээр ирсэн ариун өв соёлыг тасралтгүй залгамжлан авч явах залуу хойч үед энэхүү ном үнэлж баршгүй ач тусаа хайрлах нь дамжиггүй билээ.
Монголынхоо урлаг соёлыг дэлхийн сансрын орон зайд гайхуулан бишрүүлж чадсан сод билигт Өндөр гэгээн Занабазарын үйлс хэргийн үргэлжлэл бардам нотолгоо болж монгол хүн Монгол улсаас өөр хэн ч хаана ч бүтээж чадахгүй бурхныг ур ухааны чуулганыг эмхэтгэн баталсан эдүгээ цагийн сод гансаг Пүрэвбат танд хүндэтгэн мэхийе.
Сайн алтны шижрийг хайлж үзвэл мэдэх Сайн оюунтны үйлсийг ном бүтээлээр нь мэдэх хэмээн өгүүлсэн байдаг. Аж амьдралын эгэл саарал өдрүүдийг гэрэлтүүлсэн шүтэн урлаач их талын хөвүүн таны бүтээлд Монгол улсын соёл урлагийн түүх ард түмний сэтгэлгээний гоо сайханд хамгийн гүн тод ариун тусгалаа олж хүн болон хүнээс мандсан нар Бурхан шашныг гийгүүлэн сацарсаар байхыг ирээдүйгээс бид харж байна.
Монгол улсын төрийн гал голомт суурь давхарт дэлгэн буй энэхүү бэсрэг үзэсгэлэн энд залран буй мэргэд дээдэс бурхдын төгс жаргалант лагшин дор урьд өмнийн нүгэл хилэнцийг үлдэн хөөж, төрийн үйлс дэвжин дээшилж Монгол улс мандан бадрах болтугай” гэв.
Энэхүү үзэсгэлэнгийн үеэр Урианхайн туульч, хөөмийч, цоорч Э.Баатаржав цоороо эгшиглүүлсэн бол Монгол Улсын гавьяат жүжигчин, уртын дуучин Г.Хонгорзул уртын дуугаараа багшдаа бэлэг барьсан юм. Бид үзэсгэлэнгийн нээлтийн дараа Бурханч лам Г.Пүрэвбатын сэтгэгдлийг сонслоо.
-МОНГОЛЫН УРЛАХ УХААНЫ СУРГУУЛЬ БАЙГУУЛЖ, НИЙТ 83 ХҮҮХЭД СУРГАСАН БАЙНА-
-Номын цагаан буян тань дэлгэрэг ээ. Энэ удаагийн бүтээлээрээ та хүмүүст ямар зүйлийг хэлж, ойлгуулахыг зорив?
-Би Монголын уламжлалт урлах ухаан гэсэн энэ том ухааныг л дэлгэрүүлэхийг хүсч яваа. 1993 оноос Монголын урлах ухааны сургууль байгуулаад, нийт 83 хүүхэд сургасан байна. Хүмүүс сургасан юм чинь онолынх нь номыг хийж өгөх ёстой. Ямар ч байсан зургаан цуврал ном нь гарчихлаа. Хамгийн чухал нь урлах ухааны суурь бүх онолын номуудыг хийх зорилготой яваа. Хамгийн хүнд гэж хэлье дээ, хувь онолын ном нь гарсан учраас билэг дэмбэрлийг бодож, энэ сайхан өдөр үзэсгэлэн гаргаж үндэсний урлаг, соёлоо ард түмэндээ танилцуулж сонирхуулъя л гэсэн зорилготой байна.
-Та одоо ямар бүтээл бүтээж, урлаж байна вэ?
-Одоо Аглаг бүтээлийн сүм хийдийг байгуулж байна. Дээрээс нь номоо хийж байна. Мөн бурхан шашныхаа өдөр тутмын ажлаа хийгээд явж байна.
-Өнөөдөр Зулын 25-ны дүйчин өдрийг сонгож номын үзэсгэлэнгийн нээлтээ хийж байна. Энэ өдрийн тухай товч тайлбар хэлэхгүй юү?
-Онцгой өдөр. Богд Зонховагийн нирваан дүр үзүүлсэн, нэг ёсондоо таалал хураасан, бурхан болж гэгээрсэн өдөр юм. Манайхан энэ өдөр зул их барьдаг, ерөөл их өргөдөг. Одоо манай Монголын энэ шашин Богд ламын үндэслэсэн шарын шашны урсгал шүү дээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ