О.Содбилэг гишүүн ээ, Б.Хурцыг хэзээ хэлэлцэх вэ?

Солонгосын хойгт дайн зарлагдах уу гэсэн сэдэв дэлхийн хэвлэлүүдийн тэргүүн нүүр, телевизүүдийн онцлох мэдээлэл болж байна.

БНСУ-д ажиллаж, амьдарч байгаа 30 гаруй мянган иргэн байдаг учир хоёр Солонгосын хооронд ямар асуудал үүсэх тухайд бид хүссэн, хүсээгүй л анхаарал тавих учиртай. Хэрэв хойгийн нөхцөл байдал дордвол яах вэ? Угтаа бол бид БНСУ-д суугаа иргэдээ хэрхэн хамгаалах, тус улсад Монгол Улсыг төлөөлөн суугаа Элчин сайдын яам хэрхэн ажиллах вэ гэдэгт анхаарлаа хандуулах учиртай.

Гэвч Монгол Улсын парламент өнөөдөр БНСУ-д суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаа эгүүлэн татах, томилох асуудалтай зууралдсаар нэг сарыг үдэж байна.

Монгол Улсын Засгийн газраас БНСУ-д суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар Б.Хурцыг томилох саналыг хүргүүлснээс хойш нэг сар, гурав хоногийн хугацаа өнгөрч байна.

Засгийн газрын 2017 оны арваннэгдүгээр сарын 2-ны өдрийн хуралдаанаар БНСУ-д Элчин сайдаар суух Б.Ганболдыг чөлөөлж, Б.Хурцыг томилох асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэсэн. Тус улсад Элчин сайдаар суух Б.Ганболдын томилгооны хугацаа дуусгавар болж байгаа учраас эгүүлэн татахаар болж, түүний оронд Б.Хурцыг томилохоор болсон. Гэвч Б.Хурцыг томилох шийдвэр гарснаас хойш УИХ-ын нэр бүхий гишүүд санаачилга гаргаж, Б.Хурцын асуудлаар нээлттэй сонсгол хийх саналыг УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн.Засгийн газар Б.Хурцын томилгоог Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай зөвшилцөж, улмаар Ерөнхийлөгч дэмжиж буйгаа илэрхийлсэн.

Гэсэн ч энэ асуудал нээлттэй сонсгол хийнэ, хийхгүй маргаан дунд бас нэг учир нь олдохгүй, дуусдаггүй сэдэв болж үлдэх нь ээ.

УИХ-ын нэр бүхий гишүүд Нийтийн сонсголын тухай хуулийн дагуу Б.Хурцын томилгооны асуудлаар нээлттэй сонсгол хийх санал гаргасны дагуу УИХ-ын гишүүн О.Содбилэгээр ахлуулсан ажлын хэсэг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дэргэд байгуулагдсан байгаа.

Гэхдээ тэр Ажлын хэсэг хоёр долоо хоног хуралдсангүй.

Элчин сайдын томилгоотой холбоотой ээдрээт асуудал үүссэний дараа МАН-ын Их хурал болж, нэг долоо хоног УИХ-ын үйл ажиллагаа цалгардсан.

Харин өнгөрсөн долоо хоногт УИХ-ын ажил нэг юм хэвийн болж, нээлттэй сонсгол хийх эсэх асуудлаар ажлын хэсэг хуралдах байсан ч гишүүд хуралдаандаа ирэхгүй, ирц хүрэхгүй байсан учраас хоёр ч удаа хурал нь хойшлоод байна. Энэ долоо хоногт ч ажлын хэсэг хуралдах эсэх нь мөн л тодорхойгүй байна.

УИХ дахь Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо арванхоёрдугаар сарын 5-ны өдөр хуралдахаар тов зарлажээ. Гэхдээ хэлэлцэх асуудал нь нээлттэй сонсгол биш.

Нээлттэй сонсгол зохион байгуулах эсэхийг ажлын хэсэг хуралдан шийдвэрлэж,Байнгын хороо, чуулганы хуралдаанд оруулж ирнэ. Гэвч одоогоор ажлын хэсэг хуралдах эсэх, Байнгын хорооны хуралдаанаар Б.Хурцын асуудал болон нээлттэй сонсгол хийх эсэх нь ч тодорхойгүй байсаар.

Ажлын хэсгээс нээлттэй сонсгол хийх эсэх асуудлыг тодорхой болгохгүй бол УИХ-ын дэгийн тухай хууль зөрчигдөж, Нийтийн сонсгол зохион байгуулах асуудал ч хууль зөрчиж болзошгүй нь.

УИХ-д Элчин сайдыг томилох асуудлыг оруулж ирснээс хойш долоо хоногийн дотор хэлэлцэн, шийдвэрлэнэ гэж цагаан дээр хараар бичсэн хууль бий. УИХ-ын дэгийн тухай хуулийн заалт гэсэн үг. Гэтэл энэ асуудал УИХ-д орж ирснээс хойш долоо байтугай хонож байна.

Иргэдээсээ хуулиа хэрэгжүүлэхийг өдөр бүр, цаг мөч бүрт сануулдаг хэрнээ УИХ өөрөө яагаад хуулиа хэрэгжүүлэхгүй байна вэ?.

Нэгэнт Нийтийн сонсголын тухай хуулийн дагуу УИХ-ын гишүүд асуудал оруулж ирж, ажлын хэсэг байгуулсан бол ажлын хэсэг яаралтай хуралдаж, нээлттэй сонсгол хийх эсэхээ тодорхой болгох нь зүйн хэрэг. Ажлын хэсгийн хуралдаанаас ямар шийдвэр гарна, түүнийг нь Байнгын хороо, УИХ-ын чуулган олонхоороо дэмжээд явах ёстой. Энэ асуудлаа нэг тийш нь болгохгүй бол дахиад нэг Элчин сайдын томилгоо хойшилж, дэлхийн тавцан дахь Монгол Улсын нэр хүндэд нөлөөлөхүйц үйлдэл болох вий гэсэн болгоомжлол хаа хаанаа бийг сануулах нь илүүц биз.

Япон, Канад, АНУ-д суух Элчин сайдууд өнөөдрийг хүртэл томилогдоогүй байгааг дашрамд сануулъя. БНСУ-д суух Элчин сайдын асуудал ч энэ янзаараа хэдэн сар үргэлжлэхийг хэлэхэд хэцүүхэн л байна.

Ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн О.Содбилэг ээ, та хуулиа хэрэгжүүлж, ажлын хэсгээ хуралдуулах эрхтэй. Энэ эрхээ эдэлж, Элчин сайдын томилгооны гацааг арилгах нь зөв биш үү?

Ш.Чимэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ