О.Ууганбаатар Их дуулгын аварга боллоо

Японы Токио хотноо болж буй жүдо бөхийн “Их дуулга” тэмцээнээс эрэгтэйчүүдийн 81 кг-д О.Ууганбаатар аваргын алтан медалийг хүртлээ. Тэрбээр финалын барилдаанд БНСУ-ын Лээ Сун Хог хоёр минутанд цэвэр яллаа. Мөн энэ жинд барилдсан Н.Дагвасүрэн хүрэл медалийн барилдаанд Португалын Э.Анриг нэмэлт цагт торгуулиар ялж, медалийн тавцанд зогслоо. Ийнхүү Токиогийн Их дуулгын сүүлийн өдөр Монгол Улсын жүдочдын амжилтыг 81 кг-д өрсөлдсөн О.Ууганбаатар, Н.Давгасүрэн нар үргэлжлүүлэв.

Токиогийн ИХ ДУУЛГЫН хүрэл медальт Н.ДАВГАСҮРЭН

“Tokyo Grand Slam 2017” тэмцээнд дэлхийн 61 орны 417 жүдоч оролцсоноос эхний өдөр Япон улс жин бүрт түрүүлж, долоон алтан медалийг хүртсэн бол Монгол Улсаас эрэгтэйчүүдийн 60 кг-д дэлхийн аваргын мөнгөн медальт Б.Амартүвшин, эмэгтэйчүүдийн 48 кг-д дэлхийн аварга М.Уранцэцэг нар мөнгөн медаль хүртсэн юм. Мөн 73 кг-д Г.Одбаяр шагналт V, 66 кг-д Д.Төмөрхүлэг VII байр эзэлсэн.

Тэмцээний хоёр дахь өдөр буюу өнөөдөр /2017.12.03/ хүнд жингийн барилдаан болж, аваргууд эхнээсээ тодорч эхэллээ.

Өнөөдрийн барилдаанд Монгол Улсын таван жүдоч татамид гарснаас эрэгтэйчүүдийн 81 кг-д О.Ууганбаатар алт, Н.Давгасүрэн хүрэл медаль хүртэж, медалийн буухиаг үргэлжлүүлэв.

81 кг-д нийт 40 жүдоч барилдсанаас аваргын алтан медалийг Монгол Улсын тамирчин О.Ууганбаатар, мөнгөн медалийг БНСУ-ын тамирчин Лээ Сун Хог хүртсэн бол Монгол Улсын тамирчин Н.Давгасүрэн, Нидерландын тамирчин Д.Вит Франк нар хүрэл медалийн эзэд боллоо.

'С' хэсэгт багтсан О.Ууганбаатар БНСУ, Румын, Бразилын бөхчүүдийг ялж, хэсгийн аварга болсон. Тэгвэл “D” хэсгээс Н.Давгасүрэн Тажикистан, Япон, Францын бөхчүүдийг ялж, мөн хэсгийн аварга болсон юм. Монгол Улсын бөхчүүд “С”, “D” хэсгийн аварга болсноор хагас шигшээд оноолт таарахад О.Ууганбаатар нэмэлт цагт /7 минут/ нэг торгуулиар ялалт байгуулсан. Улмаар аваргын төлөөх барилдаанд О.Ууганбаатар БНСУ-ын Лээ Сун Хог цэвэр ялснаар “Их дуулга”-ын аварга болсон юм. Н.Давгасүрэн Португалын Э.Анриг нэмэлт цагт торгуулиар ялж, хүрэл медалийн эзэн боллоо.

61 орны жүдоч оролцсон Токиогийн Их дуулгаас Монгол улсын баг тамирчид нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн амжилтаар Японы ард хоёрт бичигдэж байна.

Энэ цагт хүнд жингийн барилдаан болж байгаа бөгөөд 100 кг-д О.Цэцэнцэнгэл, +100 кг-д Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр, Б.Тэмүүлэн нар медалийн төлөө өрсөлдөж чадсангүй. Монгол Улсын бөхчүүд хоёр, гуравдугаар тойргоос тэмцээнээ өндөрлүүллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ