Ц.Нямдорж: Хүн амины хэрэгт цаазын ялыг сэргээх хэрэгтэй

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржтой ярилцлаа.

-Засгийн газрын энэ долоо хоногийн хуралдаанаар С.Зоригийг хөнөөсөн хэргийн холбогдох материалыг улсын нууцаас гаргахаар яригдсан ч хойшиллоо. Үүний шалтгаан юу байв?

-Засгийн газрын хуралдаанаар дахин хэлэлцэхээр болсон. Би улсын нууцаас гараагүй асуудлаар хамаагүй ярьж болохгүй байна.

-Улсын нууцаас гарах асуудал яг ямар хуулиар зохицуулагдах вэ. Засгийн газар дангаараа улсын нууцаас гаргах эрхтэй эсэх тал дээр та мэдээлэл өгнө үү?

-Төрийн албаны нууцын тухай хуулиар зохицуулагдана. Өнгөрсөн есдүгээр сарын 1-нээс мөрдөгдөж эхэлсэн юм. Хуучин бол Төрийн нууцын тухай 1996 оны хууль, 2004 онд Төрийн нууцын жагсаалт батлах тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж байсан. Энэ хоёр хуулийг нэгтгэх замаар Төрийн албаны нууцын тухай хуулийг баталсан юм. Хуучин хуулиар төрийн нууцаас гаргах асуудлыг Засгийн газар УИХ-аар батлуулж байж гаргадаг байсан. Одоогийн шинэ хуулиар Засгийн газар төрийн албаны нууцыг ил гаргах эрхтэй болсон юм. Энэ дагуу Засгийн газрын хуралдаанаар асуудлыг хэлэлцсэн хэдий ч зарим зүйлийг тодруулах шаардлагатай гэж үзсэн.

-Гэхдээ төрийн албаны нууцаас гаргах нь хэвээрээ биз дээ?

-Санаа зовоод байх юм байхгүй. Олон нийтэд нууцаас гаргахгүй нь гэсэн сэтгэгдэл төрчихсөн байж магад. Шийдвэрийг ойрын үед гаргана. Гэхдээ дотроо хоёр хэсэг асуудал явж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Нэг нь 15 мянга орчим хуудастай шүүхээр шийдвэрлэгдээд буй гурван иргэн шийтгүүлсэн хэрэгт. Нөгөө нь С.Зоригийг хөнөөлгөсөн байж болох захиалагчийг хайсан тусдаа асуудал. Энэ нь гурван иргэнд үүрүүлсэн ялын материалаас тусдаа юм. Одоо гурван иргэнийг шийтгүүлсэн хавтаст хэргийг нууцаас гаргах асуудал яригдаж байгаа гэдгийг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй.

-Хуулиараа ТЕГ-ын дарга энэ асуудлыг Засгийн газарт оруулж ирэх ёстой юу?

-Энэ хэргийг ил болгоход асар их саад учирч байна. Тун түвэгтэй байгаа. Би салбарын сайдын хувиар ТЕГ-тай зөвлөлдөж байгаад асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулсан. Гэхдээ зарим асуудлыг тодруулах шаардлага үүссэн гэж болно. Энэ хэрэг ил болчих вий, өмгөөлөгч нь юм яриад эхэлчих вий гэдгээс үхтэлээ айж,арга саам хэрэглэж байна. Монголчууд “Алах малын үсийг ав. Алах хүний үгийг сонс” гэж ярьцгаадаг. Ядаж л өмгөөлөгчийг нь сонсох хэрэгтэй. Нууцаас гарсан хойно нь “Бид ингэж илрүүлсэн. Хэрэг үйлдсэн нь ийм баримтаар нотлогдож байгаа юм” гээд үнэнээ хэлчих хэрэгтэй. Ингэвэл ард түмэн ч бухимдаад, би ч бухимдаад байх шалтгаан арилна. Ер нь юунаас айгаад байгаа юм бэ. Сэжиглэгдсэн хүмүүс нь ялын өндөр хэмжээ авчихлаа. Ард түмэн яагаад ингэх болов гэдгийг мэдэх эрхтэй.

-Нууцаас гаргах асуудалд хуулийнхан хойрго хандсаар ирсэн?

-Хуулийнхан өөрсдөө санаачилга гаргаад, ард түмний хардлага сэрдлэгийг тайлах хэрэгтэй. Одоо бол ил болгохгүй байлгах чиглэлд хуулийн болон хууль бус бүхий л арга саамыг хэрэглэж байна. Бүх сүлжээгээ ашиглаж байна. С.Зоригийг хөнөөсөн хэргийн материалыг ил болгох миний байр суурь өөрчлөгдөхгүй. Захиалагч гэдэг хүн үнэхээр байдаг бол ил гарга. Одоо битгий нуугаад бай л гэж байгаа юм. Хамгийн ноцтой нь нэр бүхий гурван иргэнийг захиалгаар хүн хөнөөсөн гээд, шүүхээс ял өгчихсөн. Үнэхээрзахиалгаар алсан юм бол захиалагчийг нь яагаад нуугаад байгаа юм бэ. Захиалагчийгтагнуулынхан, эсвэл шийтгүүлсэн гурван иргэн нууж байгаа. Ийм л зүйл байгаа.

-Та өмнө нь нууцаас гаргах асуудлаар хуулийн байгууллагуудтай зөвлөлдөж байсан уу?

-Би энэ асуудлаар нэлээд хугацаанд ил, далд ярьж байна. Бүр хоёр жилийн өмнө энэ асуудлыг сөхөхөд “Сонгуульд нөлөөлчих гээд байна” гэсэн. Ингэж байтал сонгууль дууссан. Одоо задал гэхээр “Ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлчихнө” гээд л байсан юм. Дараа нь бас л зарлаагүй. Асуудлыг одоо сөхөөд ярихаар “Захиалагчийг зарлаж болохгүй. Хүмүүс хэлмэгдэнэ” гэж байгаа юм. Учир битүүлэг асар олон асуудал байгаа учраас ямар ч байсан шийтгүүлсэн хүмүүсийнхавтаст хэргийг ил болгох хэрэгтэй. Энэ байр сууриа хатуу хадгална.

-Засгийн газрын хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх үеэр захиалагчтай холбоотой 74 хуудас материалыг нууцаас гаргахгүй гэж яригдсан гэх мэдээлэл бий. Нууцаас үүнийг гаргахгүй бол ил болгосны хэрэг гарах уу?

-Хаана тийм юм яригдав. Ямар ч байсан захиалагчийг хайх ажлын хэсэг байгуулагдаад, тодорхой байдлаар ажилласан. Тэр ажлын хэсгийн хүрээнд нууцлах баримт, материал байж мэдэх юм. Би нарийн ширийн юмыг нь мэдэхгүй.

-Ерөнхийлөгч Х.Баттулга танд цаазын ялыг сэргээх талаар хүсэлт илгээсэн. Та энэ асуудал дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-Надад тийм албан бичиг ирсэн. Би ЕТГ, УИХ, Засгийн газар хоорондын харилцааг шинэ хүн гарч ирсэн энэ үед зөв болгох ёстой гэж үзэж байгаа. Ерөнхийлөгч цаазын ялыг сэргээх шаардлагатай гэж үзэж байгаа бол өөрөө хуулиа мөрдөх ёстой. Бүрэн эрхтэй. Надад зөвхөн албан бичиг ирсэн тул ажлын хэсэг байгуулаад, оролдоод үздэг юм билүү гэж бодож байна. Хэрвээ Засгийн газартай албан ёсоор харилцах гэж байгаа бол чиглэл өгөх гэж Ерөнхий сайдтай хамтарсан шийдвэр гаргах учиртай. Ийм шийдвэр надад ирээгүй байна. Хууль зүйн жаахан эргэлзээнд ороод байж байна.

-Та цаазын ялыг сэргээх асуудал дээр ямар байр суурь илэрхийлэх вэ?

-Монгол Улс цаазын ялыг цагаа олоогүй байдлаар халсан гэдэгтэй Ерөнхийлөгчтэй би байр суурь нэгтэй байгаа. Тийм учраас би Эрүүгийн хуулийг батлах үеэр бараг хуульчдын бослого гаргаж, мэдээлэл хийгээд явж байсан. Нэг балмад этгээд уур нь хүрэхээрээ хүмүүсийг бөөнөөр нь хөнөөчихсөн хэрэг нэг бус удаа гарсан. Зөвхөн хүн амины хэрэг ч үүнд хамаарахгүй. Цөөхөн хүн амтай манай улсын хувьд тусгаар тогтнолын асуудал хүртэл Эрүүгийн хуульд байдаг. Эрүүгийн хууль зөвхөн Монгол Улсын нутаг дэвсгэрт л үйлчилнэ. Төрийн тусгаар тогтнол гэдэг чинь ийм жижигхэн юмнаас эхэлдэг. Жижигхэн мөртлөө улсын тусгаар тогтнолын үнэ цэнийг хамгаалж байдаг хууль нь өөрөө Эрүүгийн тухай хууль, түүнийг дагалддаг хуулиуд. Намайг ажлаа авснаас хойш сар гаруйн хугацаанд энэ хуулиуд чинь болохгүй байна гэсэн бичиг өдөр бүр, тал талаас ирж байгаа. Үүний нэг нь Ерөнхийлөгчөөс ирсэн бичиг юм.

-Тодорхой хэргүүд дээр энэ ялыг сэргээх санал танд байгаа юу?

-Хүн амины хэрэгт цаазын ялыг сэргээх хэрэгтэй. Ийм л байр суурь надад байдаг. Мөн төрийн зүтгэлтний амь насанд халдаж, Монгол Улсын тусгаар байдалд халдсан бол цаазаар авах гэдэг заалтаар хязгаарлагдаж байсан. Ердөө тэр.

-УИХ-ын нэр бүхий гишүүд давхар иргэншилтэй гэсэн мэдээлэл сөхөгдөх болсон ч баримтаар нотлогдохгүй байна. Танд энэ талаар ямар мэдээлэл байна вэ?

-Хүмүүс тэгж яриад байгаа юм. Яг баримтаа аваад ир гэхээр таг болчихно. Давхар иргэншлийн асуудал манай улсын хувьд Казакстан улстай яригдах тохиолдол бий. Тийшээ баахан иргэд гараад явчихсан. Очоод тус улсын иргэншилд орчихдог. Бид энэ асуудлыг шийдэхдээ тэнд уг улсын иргэншилд багтсан шиприйг нь олж аваад, улсынхаа иргэншлээс хасдаг.Ингэж л явж ирсэн. Яг улстөрчдийн хувьд гэхээр О.Баасанхүү гишүүн хэнийг нь яриад байгаа нь мэдэгдэж өгөхгүй байна. Би энэ тохиолдолд шүлс дусааж мэргэлэлтэй биш. Яалтай билээ. Яг тодорхой жишээ гаргаад ирвэл бид шүүлгэх ажлыг хууль ёсны дагуу эхлүүлэх боломжтой.

-Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг саатуулсан тухай мэдээлэл танд ирсэн үү?

-Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг АТГ-аас саатуулсан нь үнэн. Нарийн мэдээлэл надад ирээгүй байна. Ер нь банк, Эрдэнэтийн 49 хувь тойрсон ил далд тэмцэл бүтэн жил явж байна. Хүн ядарвал ядармаар түвшинд явж ирлээ. Шалгах зүйл өчнөөн байна. Шалгах гэхээр хууль хүчнийхэн хөдөлж өгөхгүй байна. Одоо Банкны тухай хуулийг хаалттай хэлэлцэж, тодорхой асуудлаа ярих хэрэгтэй.

Ж.Мядагбадам

СЭТГЭГДЭЛ БИЧИХ