Айдсаа авдрандаа хийж болох уу?!
Нэгэнт “гол дүр” нь Ц.Нямдорж учраас ч тэр үү, түүний талаар хэд хэдэн ноцтой зүйл хэлж, хавчуурганд нь дээрх хоёр гишүүн, мөн Н.Алтанхуяг, Д.Дорлигжав нарыг хазаад тавьснаас өөр айхавтар ноцтой юм хараахан дэлгэсэнгүй. Дэлгэх ёс ч үгүй байх. Магадгүй хамгаа дэлгүүлээд байх “хав хар” хүн ч гэж байхгүй биз. Эрхбиш хуультай, шүүхтэй улс орон шүүдээ!
УИХ-ын гишүүд гээч нь чухамдаа төр засгийг маань дээрэмдэж аваад эзэн суучихсан “дайснууд" мэт ойлголт газар авч, тэдний эсрэг уулгалан дайрахад бэлэн болжээ гэмээр олон нийтийн хөөрлийг ТЕГ-ын дарга асан Б.Хурцын цензургүй ярилцлага улам бүр дэвэргэх болов уу гэж зарим хүн болгоомжилж байлаа.
Хуучны нэгэн кинон дээр “хүрээний булайг тоочвол далай...” гэж шогширдогчлон Б.Хурц одоо л хамаг нөхдийн булхайг тоочиж, бөмбөг тэслэх юм байх гэсэн хүлээлт хаа очиж талаар өнгөрөв. Зарим нь үүнд баярлаж, бас зарим нь гонсойж байхыг үгүйсгэхгүй...
Хэтэрхий ихийг мэдэж байж болох, тагнуул, тусгай албаны дэдээс тэргүүн дарга хүртэл сүүлийн жилүүдэд дан дэвшиж ажилласан Б.Хурц байнгын хорооны хурал дээр “ярих уу, болих уу" гэж даажигнасан нь даамай сүрдүүлэг мэт сонсогдсоныг тэд байтугай бид анзаарсан хойно. Хүн бүр дээр “хар данс” хөтөлчихсөн, хэзээ хэрэгтэй цагтаа хөзрийн мод шиг нэг нэгээр нь шидэлж мэдэх нөхрөөс улстөрчид айгаагүй юмаа гэхэд аягүйцсэн нь лавтай. Тагнуулын газрын даргын ёс зүй, хэм хэмжээг хэлэлцэхийн зэрэгцээ нийгмийн нэг хэсэг нь түүнийг ил, далд балиашигласан.
Хөгийн улстөрчдийн дээгүүр хар үүл нүүлгэж, хамаг булай явдлыг нь ханз татаад гаргаад ирэх байх гэсэн хүлээлтэд Б.Хурц харин ч "аядуу зөөлөн” гэмээр хариу барьчихлаа. УИХ-ын нэр бүхий гурван гишүүнээс өөр бусдынх нь талаар тэрбээр тийм ч ихийг мэдэхгүй, ярихгүй гэдэгт бараг л итгэж болохоор байр суурийг илэрхийлэв.
Хурц гээч нөхөр тийм ч аймар хүн биш, хөөрхий гишүүд гээч нь бас ч гэж бултаараа дүүрсэн булхай амьтад биш гэх ойлголт “Цензургүй ярилцлага”-ын дараа олон нийтэд үлдэв. Байнгын хорооны хурал дээр “бааварлаж” суусан мань генерал мөн үү гэмээр гэнэгүй гэмгүй нөхөр баахан болхи толхи үгс унагасанд зарим нь ч итгэсэнгүй. Тэрчлэн хоёр өөр дүрд тоглож, хор хараа нуугаад өнгөрч байгаа юм биш үү гэх хардлага олон хүнд төрсөн нь ч нууц биш.
БНСУ-д эх орноо төлөөлөх Элчин сайдаар томилогдох эсэх асуудлыг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хурлаар хэлэлцэх үеэр Б.Хурц яагаад тэгтлээ бухимдал, хорсол тээсний учир шалтгаан нь ердөө Ц.Нямдорж байсан бололтой. Өдгөө Хууль зүйн сайд Ц.Нямдорж түүний “хурц” өнцгийн гол бай бол харин УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан хоёр “туслах дүр” байсан бололтой.
Тэр хоёрыг Ц.Нямдоржийн турхиралтаар өөрийнх нь эсрэг өндөлзөөд байна гэж хардаж байгаагаа ч Б.Хурц нуусангүй. Нэгэнт “гол дүр" нь Ц.Нямдорж учраас ч тэр үү, түүний талаар хэд хэдэн ноцтой зүйл хэлж, хавчуурганд нь дээрх хоёр гишүүн, мөн Н.Алтанхуяг, Д.Дорлигжав нарыг хазаад тавьснаас өөр айхавтар ноцтой юм хараахан дэлгэсэнгүй. Дэлгэх ёс ч үгүй байх. Магадгүй хамгаа дэлгүүлээд байх “хав хар” хүн ч гэж байхгүй биз. Эрхбиш хуультай, шүүхтэй улс орон шүү дээ!
Битүү хатуу хардлага дагуулаад байсан зарим сенсаациудад тэрбээр хэр хэмжээндээ хариулт өгч, ядахдаа л “санахгүй байна” гэх үгээр сэдвийг хаасан бол харин Хууль зүйн сайд Ц.Нямдоржтой холбоотой нэг бус сэдвийг нээж орхилоо. Нэг хэсэгтээ л нийгмийг хамрах “дайн" тэдний хооронд дөнгөж эхэлж байхыг ч үгүйсгэхгүй. Тэдний хэн нь “үнэн”-ийг өмчлөх вэ гэдэг сонин...
Одоогийн байдлаар ТЕГ-ын дарга асны санаатай, санаандгүй хэлсэн зүйлсийн хариуд Хууль зүйн сайд хараахан тайлбар өгөөгүй, өгсөн эсэх ч тодорхойгүй байгаа бол харин УИХ-ын гишүүн Л.Болд өөрийнх нь талаар зарим зүйлийг худал гуйвуулсан гэж твиттер хуудсаараа мэдэгджээ.
А.Алиман
СЭТГЭГДЭЛ БИЧИХ