Н.Энхболд буудлагын холбоог удирдана
Монголын буудлага спортын холбооны Их хурал өчигдөр /2017.11.19/ болж, ирэх дөрвөн жилд тус холбоог удирдах ерөнхийлөгчөө сонголоо.
Хуралд 60 төлөөлөгч оролцохоор сонгогдсон ч 42 төлөөлөгч иржээ. Холбооны ерөнхийлөгчид тус холбоог 2008 оноос хойш удирдсан Э.Мөнх-Очир, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, “Магнай Трейд” группийн ерөнхийлөгч Р.Ганзориг нар өрсөлдөхөөр мэдүүлсэн ч хурлын явцад Э.Мөнх-Очир, Р.Ганзориг нар нэрээ татаж, Н.Энхболд ганцаар өрсөлдсөн юм.
Батлан хамгаалахын сайд Н.Энхболд ажлын шаардлагын улмаас өөрийн биеэр хуралд оролцож амжаагүй бөгөөд түүний мөрийн хөтөлбөрийг танилцуулж, төлөөлөгчдөөс санал хураасан. Ингээд 39 хүний буюу олонхийн саналаар Н.Энхболдыг Монголын буудлагын холбооны ерөнхийлөгчөөр сонголоо.
Олимпийн дараах улиралд хуралдах ёстой ч таван удаа хойшилсны эцэст буудлагынхан ийн Их хурлаа хийв. Орхон, Сүхбаатар зэрэг аймгаас ирсэн дасгалжуулагчид хуралд оролцож чадаагүй, ахмадууд болон орон нутгийнхныг Их хурлын төлөөлөгчөөр сонгоогүй гэх шүүмжлэл байсан бөгөөд өмнө нь нилээд маргаан дагуулан хойшилж байсан Их хурлын уур амьсгал энэ удаа ямар нэгэн санал шүүмжлэлгүй болж өнгөрсөн байна.
Хурлаас мөн Удирдах зөвлөлийн 13 гишүүнийг томилсон. Дасгалжуулагчдын зөвлөлийн даргаар А.Ундралбат, Тамирчдын зөвлөлийн даргаар О.Гүндэгмаа нар сонгогдож, тэднийг Удирдах зөвлөлийн гишүүнээр баталжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ