Ж.Батзандан: Би гар, хөл болоогүй
УИХ-ын чуулган өчигдөрийн /2017.11.17/ хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ж.Батзандан О.Баасанхүүг баас, хулгайч гэж хэлсэн билээ. Ямар учраас ёс бус үг хэлэх болсныг УИХ-ын гишүүн Ж.Батзандангаас тодрууллаа.
-Та УИХ-ын чуулган дээр О.Баасанхүү гишүүний талаар хэлсэн үгэндээ тайлбар хийхгүй юу?
-УИХ-ын гишүүдийн дунд маргалдах, мэтгэлцэх юм байна. О.Баасанхүү гишүүн бид хоёр нийтийн сонсгол хийх асуудлаар санал зөрөлдөөнтэй байгаа. О.Баасанхүү эсэргүүцэж байгаа. Би бол нийтийн сонсгол хийх нь зөв гэдэг байр суурьтай байна. Яагаад гэвэл, нийтийн сонсгол хийх нь зөв гэдгийг дэмжсэн маш олон өргөдөл ирсэн. Мөн 'Эрдэнэт'-ийн 49 хувьтай холбоотой асуудлаар байр суурь зөрчилдөж байна. О.Баасанхүү 'Эрдэнэт'-ийн 49 хувийг 'Худалдаа хөгжлийн банк'-нд өгснийг зөвтгөж, Б.Хурцтай нийлээд гүйж байгаа. 'Эрдэнэт'-ийн 49 хувийг Засгийн газар худалдаж авах боломжийг хууль бусаар хаахад Б.Хурц Засгийн газарт нөлөөлж, хөндлөнгөөс оролцсон гэж би хардаг.
Тагнуулын ерөнхий газрын дарга энэ асуудлыг мэдэхгүй байсан гэдэгт би итгэхгүй байгаа. Тийм учраас нээлттэй сонсгол хийж, энэ асуудлыг нээлттэй болгоё. Мөн Д.Энхбат гэдэг залуугийн амь насанд хүрсэн асуудал байгаа. Үүнийг нээлттэй сонсголоор ярья. Мөн С.Зоригийн хэргийн захиалагч нь ил болох хүртэл Б.Хурцын томилгоог хойшлуулъя гэсэн байр суурьтай байгаа. О.Баасанхүү Б.Хурцын ойрын найз гэдгээ надад хэлж, Б.Хурцыг өмөөрнө гэсэн. Тиймээс бидний дунд үл ойлголцол үүссэн. Гэхдээ үйл ойлголцлоо арилгаж, олон зүйл дээр хамтрана гэдэгт итгэлтэй байна. Би О.Баасанхүүгээс уучлалт гуйна. Гэхдээ Б.Хурц, 'Эрдэнэт' үйлдвэрийн байр суурь өөрчлөгдөхгүй гэдгээ хэлмээр байна.
-Таныг 'Танлуу', 'Зунхуа' гэдэг компаниудтай холбоотой гэж байна. Энэ үнэн үү?
-12 жилийн өмнө би 2004 онд өмгөөлөл хийж байсан. Гадаадын компаниуд, аж ахуй нэгжүүдэд хуулийн зөвлөгөө өгч байсан. Өмгөөлөгч хүн иргэд, аж ахуй нэгжийг гадаад дотоодоор нь ялгадаггүй юм. Ирсэн хүн болгонд хуулийн зөвлөгөө өгөх үүрэгтэй байдаг. 12 жилийн өмнө хийж байсан ажлаар минь намайг Хятадын тагнуул шахуу юм ярьж байна лээ. О.Баасанхүү өөрөө өмгөөлөгч хүн. Тэр ч бас гадны компаниудад хуулийн зөвлөгөө үзүүлж байсныг нь би мэднэ. Хийж байсан ажлаар нь өмгөөлөгч нарыг буруутгаж болохгүй.
-Шинээр МАНАН бүлэглэл байгуулагдаж, тэр бүлэглэлд нь та байдаг юм уу?
-Би сайн мэдэхгүй байна. Миний ах төрд 25 жил ажиллаж байна. Намайг улс төрд орохоос өмнө Монголын төрд зүтгэж ирсэн, өндөр боловсролтой хүн. Намайг бодвол боловсрол мэдлэгээр хол илүү. Надад төрд ажиллаж байгаа ах, хөдөө мал хариулдаг, багш, эмч гээд олон ах бий. Гэхдээ Ж.Батзандан гэдэг бол хувь хүн. Би тэд нарын амьдралд оролцдоггүй.
Би өнөөдрийг хүртэл ямар нэг бүлэглэлийн гишүүн байж үзсэнгүй. Улс төрийн манан, цас, мөсний тухай ойлголт байхгүй. Би зарчим үнэт зүйлийн төлөө тэмцэнэ. Намайг юу ч гэж доромжилж, гүтгэж байсан ч би улс төрд шинэ соёл би болгохын төлөө явна. Нийтийн сонсгол гэдэг бол Англи, Америк гэх мэт улс оронд 200 жилийн өмнө бий болсон соёл юм. Гэтэл Монгол Улс өнгөрсөн жил л Нийтийн сонсголын тухай хуулийг баталлаа.Энэ хүрээнд, нийтийн сонсгол, томилгооны сонсгол, бодлогын сонсгол гэх мэт олон зүйлийг хуульчилсан. Одоо энэ хуулиа хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Шинэ санаачилга гаргахаар хэн нэгнийг гүтгэн доромжлохоо болих хэрэгтэй. Нийтийн сонсгол энэ удаа Б.Хурцаар эхэлсэн учраас хурц сэдэв болж байна. Гэвч цаашид сар бүр нээлттэй сонсгол тавих асуудлыг хөндөж байх болно.
-Б.Хурц таныг гүтгэсэн гэж үзээд, хуулийн байгууллагад хандсан байна лээ. Та уучлалт гуйх уу?
-Б.Хурцын тухай асуудлыг би баримт нотолгоотой ярьсан, цаашид ч ярина. Намайг хуулийн байгууллагад өгч болно. Гэхдээ би хуульч хүн, бүх юм баримт нотолгоотой байгаа.
-Та хэн нэгний гар, хөл болоогүй гэдгээ баталж чадах уу?
-Би хэзээ ч хэн нэгний гар хөл болж байгаагүй. Би үзэл санаа үнэт зүйлээ дагадаг, сэтгэл зүрхээ сонсдог хүн. Ер нь улс төрийн алтан зарчим бол сэтгэл зүрхээ сонсох, үзэл санаагаа дагах, зарчмаа баримтлах, нийтийн эрх ашгийг нэгдүгээрт тавих юм. Энэ бүхэн миний улс төрийн зарчим юм.
Т.Давааням
СЭТГЭГДЭЛ БИЧИХ