4.5 тэрбум төгрөгөөр өвс импортолно

Энэ жил улсын хэмжээнд нийт 160.9 мянган малчин өрхөд 66.6 сая, хонин толгойд шилжүүлснээр 106.9 сая толгой мал өвөлжинө. Гэвч нийт нутгийн 94 сум буюу 28,4 орчим хувь гантай, 153 сум буюу 46хувьд гандуу зуссанаас өвс тэжээл бэлтгэх боломжгүй болсон.

Өвөл, хаврын бэлчээрийн даацын судалгаагаар нийт нутгийн 25 хувь нь хүрэлцээтэй,30 хувь нь 1-3 дахин хэтэрсэн, 10 хувь нь 3-5 дахин хэтэрсэн, 30 хувь олон дахин хэтэрсэн гэж гарчээ. Энэ нь өнгөрсөн жилтэй харьцуулахад бэлчээрийн даац гурав дахин муудсан дүнтэй байна. Тиймээс энэ өвөл, ирэх хавар отор нүүдлийн хөдөлгөөн өмнөх жилээс 2.9 сая малаар илүү байх гэрээ хийгджээ.

Өвс, тэжээлийн нөөц бэлтгэсэн тухайд малчид өөрсдөө 15.2 мянган тонн сүрэл, 22.6 мянган тонн ногоон тэжээл, 34.4 мянган тонн үйлдвэрийн тэжээл, 41.2 мянган тонн гар тэжээл, 9.4 мянган тонн дарш, 105.8 мянган тонн давс, хужир бэлтгэсэн нь байх ёстой хэмжээний 70,2 хувийг эзэлж байна.Харин малын тарга хүчний үзлэг, өвс, тэжээл татан авалт, хашаа, саравч засаж тохижуулах ажлын бэлтгэл 87,8 хувьтай байна гэж дүгнэжээ.

Тэгвэл улсаас бэлтгэдэг өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд 32.0 мянган тонн өвс, 13.1 мянган тонн тэжээл бэлтгэх үүрэг даалгавар өгснөөс 23.0 мянган тонн өвс, 5.3 мянган тонн тэжээл бэлтгэсэн нь аймгийн түвшинд 88,5 хувь, сумдын түвшинд 58,5 хувийн биелэлттэй байна.

Аймаг, сумын өвс, тэжээлийн бүрдүүлэлт хангалтгүй байгаа тул орон нутгийн чадавхийг сайжруулах, өвс, тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэхэд зориулж улсаас 4.5 тэрбум төгрөг,малын тэжээлийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор аж ахуйн нэгжүүдэд 40.0 тэрбум төгрөгийн зээл олгохоор болсон. Өвс, тэжээлийн нөөцийг ОХУ-аас бэлтгэхээр яриа хэлэлцээр хийж байгаа ч улсын төслийн санхүүжилт хараахан орж ирээгүй байгаа аж.

Хэдийгээр санхүүжилт орж ирээгүй байгаа ч Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас ажлын хэсэг байгуулж, төсөл сонгон шалгаруулалтыг зарлаад байна гэж мэдэгдлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ