Монголын биатлончид Сюсьондыг зорилоо

Монголын биатлончид “Пёнчан-2018” өвлийн олимпийн эрхийн оноо цуглуулах сонгон шалгаруулалтын цомын аварга шалгаруулах цуврал тэмцээнд оролцохоор өчигдөр /2017.11.13/ явлаа.

Цуврал тэмцээн энэ сарын 24-27-нд Норвегийн Сюсьонд эхэлж, 12 дугаар сарын 07-10-нд Швейцарийн Ленцерхайде хотод үргэлжилнэ. Цаашлаад ирэх сарын 13-17-нд Австрийн Обертиллях, Словакийн Брежно Осерблэй, Германы Арбер хотод сүүлийн тэмцээнүүд болох юм.

Монголын шигшээ багийн дасгалжуулагчаарЦ.Мөнх-Эрдэнэ, Б.Энх-Амгалан нар ажиллаж байна.

Тамирчдын тухайд эрэгтэйчүүдээс О.Гантулга, Э.Мөнх-Эрдэнэ, Б.Бат-Эрдэнэ, эмэгтэйчүүдээс Э.Ариунзул, А.Эрдэнэчимэг, Г.Сарантуяа, Д.Оюунчимэг, Т.Ариунболд нарын тамирчид спринт, индивидуал, холимог буухиа, ганцаарчилсан буухиа төрөлд цуврал тэмцээнд оролцоно.

Монголын биатлончдын хувьд олимпийн эрхийн оноо олгох 14 тэмцээний дөрөвт нь оролцож, 444 оноо цуглуулжээ. Одоо дээрх цувралд хэрхэн оролцохоос “Пёнчан-2018” өвлийн олимпийн эрх авах эсэх нь шийдэгдэх юм.

Олон улсын биатлоны холбооны дүрмээр 30 улсад олимпийн эрх олгодог ба Монголын баг одоогоор 43 улсаас 36-д эрэмбэлэгдэж байгаа аж. Үлдсэн таван цуврал тэмцээнээс зөрүүтэй байгаа 300 оноог нөхөж чадвал олимпийн эрх авах боломж бүрдэнэ гэсэн үг юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ