Статистикийн хуулийг боловсронгуй болгоно
“Тогтвортой хөгжил статистик” үндэсний чуулган Төрийн ордонд хоёр өдөр чууллаа. Энэ чуулганыг Үндэсний статистикийн хороо, УИХ, Дэлхийн банк хамтран зохион байгуулсан юм. Хуралдаанд төрийн яам, аймаг, сумын статистикийн ажилтнууд, хувийн хэвшлийн төлөөлөл, эрдэмтэн судлаачид оролцож тогтвортой хөгжил, түүнтэй уялдсан статистик мэдээллийн талаар хэлэлцэв.
Манай улс тогтвортой хөгжлийн аль түвшинд байгаа, ямар замаар явах вэ гэдгийг тооцоолоход статистик үзүүлэлт туслалцаа үзүүлдэг. Тиймээс энэхүү чуулганаар дамжуулж статистикийн үүрэг, оролцоог нэмэгдүүлэх, албан ёсны болон захиргааны статистикийн мэдээллийн чанарыг сайжруулах, үнэн бодит мэдээллийн хэрэглээ, ашиглалтыг нэмэгдүүлэх арга замыг тодорхойлоход чиглэгджээ.
Хуралдааны явцад статистик судалгааны уламжлалт арга барилыг өөрчлөх, мэдээллийн технологийг сайжруулах нь зүйтэй гэсэн санал гарсан байна.
20 гаруй жилийн өмнө төр засаг хэлж байгаа бол үнэн гэж иргэд хүлээж авдаг байж. Харин одоо зарим төрлийн статистик мэдээлэл зөрөх эрсдэлтэй болжээ. Энэ нь төрийн байгууллага тус бүр ямар аргачлал ашиглахаас хамаарч мэдээлэл өөр хоорондоо харилцан адилгүй гарч байгааг албаныхан онцолсон. Тиймээс төрийн байгууллагууд хоорондоо хамааралтай болон адил мэдээллийг тус тусдаа давхардуулан боловсруулахгүй байх, статитикийн нэгдсэн нэг мэдээллийн сантай болох, Биг дата сантай болох шаардлагатай байгаа аж.
“Тогтвортой хөгжил статистик” чуулганыг энэ жил анх удаа зохион байгуулсан бөгөөд цаашид таван жил тутамд нэг удаа чуулахаар болжээ.
Ингээд чуулганы үр дүнгийн талаар Үндэсний статистикийн хорооны газрын дарга А.Амарбалаас тодуурлаа.
Тэрбээр “Хоёр өдөр үргэлжилсэн арга хэмжээний төгсгөлд уриалга гарлаа. Уриалга нь улс орны хөгжлийн бодит дүр төрхийг статистик хэлээр гаргаж, ирээдүйн чиг хандлагаа тодорхойлохын тулд статистик аргачлалыг сайжруулах нь зүйтэй гэж үзлээ. Түүнчлэн бид статистикт ханддаг өөрсдийн хандлагаа өөрчилж, төрийн байгууллага хувийн хэвшил хамтдаа нэг хэлээр ярьж байж тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах юм байна гэдэгт санал нэгдлээ. Тогтвортой хөгжлийн хөтөлбөр бол дунд хугацаанд хэрэгжинэ. Тэгэхээр статистикийн байгууллага энэхүү хөтөлбөрийн хэрэгжилтийг тодорхойлох нэг хэл юм” гэв.
“Тогтвортой хөгжил статистик” үндэсний чуулганаас дэвшүүлж буй уриалга:
- Монгол Улсын хөгжлийн баримт бичгүүдийг МУТХҮБ 2030, ДТХЗ-тай харьцуулан үнэлэх, бодлогын хүрэх түвшинг үе шатаар тодорхойлох, тооцох арга зүйг боловсруулах, мэдээллийг би болгоход анхаарч ажиллах.
- Салбар хоорондын уялдаа холбоог хангасан, МУТХҮБ 2030, ДТХЗ-г хэрэгжүүлэх дунд хугацааны хөгжлийн нэгдсэн төлөвлөгөөг боловсруулах, бодлогын тогтвортой байдал, залгамж чанарыг хадгалах.
- Салбарын болон орон нутгийн хөгжлийн бодлогын хэрэгжилтийг уялдуулан хангахад нэгдсэн зохицуулалтаар хангах институцын зохистой тогтолцоог бүрдүүлэх, хариуцагч байгууллагуудын үүрэг хариуцлагыг тодорхой болгох.
- Статистикийн хуулийг боловсронгуй болгож, мэдээлэлд нэвтрэх тэгш боломжийг илүү олгох, мэдээлэл цуглуулахад цахим аргыг түлхүү хэрэглэх, анхдагч мэдээллийн нууцлалыг хангаж, хамтран нэгдсэн мэдээллийн сан байгуулах.
- Яамд төрийн бусад байгууллагуудад статистикийн асуудал хариуцсан бие даасан нэгжтэй байх статистикийн тухай хуулийн заалтыг хэрэгжүүлж, захиргааны мэдээлэл болон их өгөгдлийг албан ёсны статистикт өргөн ашиглах.
- Анхдагч мэдээллийн чанарыг сайжруулах, сумдын статистикийн асуудал хариуцсан ажилтны төсөв, санхүүгийн бие даасан байдлыг хангах, орон нутагт ТХК-ыг дүгнэх шалгуур үзүүлэлтүүдийг гаргах чадавхийг бий болгох.
- Бүх нийтийн статистикийн мэдлэг, боловсролыг дээшлүүлэхэд онцгойлон анхаарах.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ